Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болсон таатай мэдээ монголчуудыг баярлуулсан. Энэ талаар Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадоржтой ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн 2016 оны 12-р сард газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар шийдвэр гарч, сайхан мэдээ дуулдсан. Манай улс өмнө газрын тос боловсруулах үйлдвэртэй байсан. Энэ үйлдвэрийн талаар яриагаа эхлэх үү?
-1950-иад оны үед намайг сурагч байхад Дорноговь аймгийн Зүүнбаянд нефть гарлаа гэх сонин мэдээг анх дуулж билээ. Тэр үеэс Монгол Улс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болж, дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой гэж үзсэн учраас Москва хотод байдаг Менделеевийн химийн институдид анхны мэргэжилтнүүдийг бэлтгэсэн. Ингээд хэдэн жилийн дараа тэр үеийн Зөвлөлт холбоот улстай хамтраад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулсан байдаг. Энэ үйлдвэр 10-аад жил үйл ажиллагаа явуулсан даа. Сүүлдээ технологийн шаардлага хангахгүй боллоо гэсэн шалтгаанаар хаагдсан. Үйлдвэр хаагдсан асуудлыг янз бүрээр л тайлбарладаг. Үүнээс хойш таг болсон.
Сүүлд 1980 оны сүүлчээр олон улсын харилцаа нээлттэй болж, гаднын орны мэргэжилтнүүд нефтийн хайгуул судалгаа явуулж эхэлсэн. Манай улс нөөц ихтэй. Тэр дундаа Дорнод аймгийн Матад сум бол тэр чигтээ нефть байна. Үүнийгээ боловсруулаад дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад байх чадвартай гэдгийг олон хүн хэлдэг байсан.
Харин эрчимтэй ярьж, ажил болгосон нь 1990 оны үеэс эхэлсэн л дээ. Монгол Улсын ерөнхийлөгч асан П.Очирбат дээлээ мялаагаад л, газраас нефть оргилож байсан шүү дээ.
-Бид яагаад газрын тос боловсруулах үйлдвэртэй болж болохгүй гэж. Анхны үйлдвэрийг улс төрийн зорилгоор, санаатай хаасан гэх ч яриа байдаг юм билээ?
-Үйлдвэр хаагдсан талаар янз бүрийн яриа бий. Гэхдээ баталгаатай баримт байхгүй. Сэжиг таамгууд бол бий л дээ. Тэр үед ЗХУ социалист лагерийг ахалж байлаа. Хаана, ямар үйлдвэр байгуулж, аль салбарыг хөгжүүлэх үү гэдгийг орос мэддэг байсан цаг. Тиймээс тэр үед улс төрийн ямар бодлого явж байсныг мэдэхгүй. Өнөөдрийн өндөрлөгөөс өмнөхөө дүгнэх нь өрөөсгөл л дөө. Гэхдээ Зүүнбаянгийн үйлдвэр бол энгийн нэг шалтгаанаар хаагдчих хэмжээний байгаагүй.
Ер нь бол энэ үйлдвэр ашиггүй байсандаа биш. Магадгүй монголчууд газрын тосоо боловсруулаад дотоодын хэрэгцээгээ хангаад гаднаас нефтийн бүтээгдэхүүн авахгүй болох вий гэсэн болгоомжлол байсныг үгүйсгэхгүй. Тэр үед нийгмийн хоёр системийн өрсөлдөөн байсан үе шүү дээ. Яах аргагүй тэр үйлдвэрийг гэнэт л хаачихсан нь үнэн.
-Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох нь үндэсний аюулгүй байдлын баталгаа болж чадна. Бас эдийн засгийн асар их үр өгөөж өгнө шүү дээ?
-Түлшээ өөрсдөө бэлтгэнэ гэдэг бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг нэг баталгаа мөнөөс мөн. Өнөөдрийн хувьд бид хараат байна. Одоо манай улс олон улстай чөлөөт харилцаатай болсон энэ үед өөрийнхөө нефтийг гаргах, боловсруулах хэрэгтэй.
Халх голд “Петро чайна тамсаг”-ийн олборлолт хийж байгаа нөөцийг Англичууд анх судалгаа хийж олсон юм шүү дээ. Түүнийгээ Хятадад зарчихсан. Өөрөөр хэлбэл, хойд том гүрнээс урд том гүрэн рүү шилжиж, тэр их нөөцийг маань зөөсөөр л байна. Бид өөрийн болгож чадахгүй л байна шүү дээ.
-Улс төрийн намууд сонгууль бүрээр газрын тос боловсруулах үйлдвэртэй болно гэдэг амлалт өгдөг ч хэрэгждэггүй. Улстөрчид үйлдвэр байгуулах хүсэл сонирхолгүй байна уу гэж би хардаг. Та Ерөнхий сайд байсан хүний хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?
-Өмнөх нийгмийн үед төр барьж байсан хүмүүст нефтээ өөрсдөө боловсруулъя, гаднын улс орны хараат байдлаас гаръя, манайд нефтийн нөөц нь байгаа цагт үүнийг хийх боломжтой л гэж үзэж байсан. Тийм ч учраас гаднын орны хайгуулыг оруулж, нөөцөө тогтоолгож, дэлхийд нефттэй орон гэдгээ зарласан шүү дээ.
Харин нөөцөө ашиглаж чадаагүй нь нэг талаасаа хөрөнгө мөнгөний асуудалтай холбоотой байсан. Манай улс 1990 оноос хойш эдийн засгийн хувьд нефтийн үйлдвэрийг бие дааж, өөрийн хөрөнгөөр байгуулах боломж байсангүй. Тиймээс гаднын аль нэг орноос хөрөнгө оруулалт хүсэх шаардлага гарсаар ирсэн. Энэ бүхэнтэй холбоотой л гэж би боддог. Түүнээс Монголын төр засаг, улстөрчид нефтийн үйлдвэрээс татгалзаад, түлш шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах асуудлаас цэрвэсэн зүйлгүй л болов уу. Гагцхүү боломж нь бүрдэхгүй байсан. Үүнийг зохицуулах гэхээр яг нефть боловсруулахад зориулсан хөрөнгө оруулалт санаснаар олдохгүй байсан тал бий. Ингээд тэд ч нэг их хүчлээд, зүтгээд байсангүй. Тэгээд л түүхий бүтээгдэхүүнийг нь гаднын улс зөөгөөд, өөрсдөө бэлэн бүтээгдэхүүн өндөр үнээр авч явсаар л ирлээ дээ.
Энэ талаарх яриа бол их байсан. Засаг гарч ирэх бүрт л амалдаг. Сүүлд Академич Намжим Дархан хотод Япон улсын хөрөнгө оруулалтаар үйлдвэр байгуулах гээд ТЭЗҮ нь бэлэн болчихсон ч бас л болж өгсөнгүй. Гэхдээ энэ үйлдвэрийн нэг асуудал нь түүхий эдээ ОХУ-аас авах байсан юм.
Тэгэхээр нэг талдаа бас л ОХУ-аас хараат байх болж байгаа юм. Хэрэв ОХУ түүхий нефтээ олгох боломжгүй боллоо гэвэл бас л үйлдвэр зогсонги байдалд орно гэсэн үг шүү дээ. Энийг үгүйсгэх аргагүй. Бидэнд өмнөх туршлага бий.
Нэгэнт боловсруулах үйлдвэр байгуулах л гэж байгаа бол өөрийн түүхий эддээ суурилсан л байх хэрэгтэй.
-Монгол Улсын Засгийн газар, Энэтхэгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Эксим банкны зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар боллоо. Ажил хэрэг болоод амжилт олоосой гэж хүн бүхэн хүсэж байна?
-Энэ их сайхан явдал болж байна. Би маш их баяртай байгаа. Хөрөнгөний асуудал ч шийдэгдлээ. Энэтхэгийн Ерөнхий сайд өнгөрсөн жил ирээд тусламж үзүүлэхээр болоод явсан. Засгийн газрын шийдвэр гараад Дорноговь аймагт нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар боллоо. Энэ бол сайн хэрэг.
Гаднын улс орнуудын өгч байгаа зээл, тусламжийг бид өөрсдөө мэдээд, шийдээд зарцуулчихдаггүй юм. Нөгөө улс нь юунд ашиглах гэж байгааг нь тодорхойлж, хөрөнгө оруулалтаа хийдэг. Тэгэхээр Энэтхэг улс манай улсад үзүүлж байгаа тусламжаа газрын тос боловсруулах үйлдвэрт зарцуулахыг зөвшөөрсний дүнд л бид үйлдвэртэй болох гэж байна шүү дээ. Энэ ажил цаашдаа өргөжөөд явах байх. Магадгүй бид үүнээс улбаалаад хэд хэдэн ч үйлдвэртэй болж болох юм.
-Газар зүйн, геополитикийн хувьд Дорноговьд байгуулах боломжтой гэж та харж байна уу?
-Боломжтой. Анхны нефть боловсруулах үйлдвэрийн суурь тэнд эхэлсэн. Одоо ч олборлолт хийгдэж байгаа.
-Газрын тос боловсруулах үйлдвэртэй болсон ч тэнд ажиллах мэргэжилтэн, боловсон хүчин манай улсад байхгүй учраас энэ үйлдвэр ажиллах боломжгүй гэж гаднын томоохон хэвлэл, сайтуудад бичсэн байна. Энэ ч бас үнэний ортой байх?
-Үнээн үнэн. Бид нефтийн үйлдвэртэй боллоо гээд баярлах яахав. Үүнийгээ ажиллуулах үндэсний боловсон хүчин бэлтгэх гэдэг чухал асуудал. Үүнд манай улсын нэг алдаа явж байгаа юм. Гэхдээ энэ үйлдвэр ашиглалтад орох хүртэл ойролцоогоор таван жил болно. Энэ хугацаанд боловсон хүчнээ бэлтгэж болно шүү дээ. Үүнийг Засгийн газар бас анхаарах бай. Цаг алдалгүй л шийдэх хэрэгтэй. Үйлдвэр ашиглалтад ороход эхний ээлжид гаднын ганц хоёр мэргэжилтэн урьж ажиллуулна л биз. Бэлтгэсэн хүмүүс маань цаашид өөрсдөө авч явах нь чухал асуудал. Мөн хөдөлмөрийн чадвартай туршлагатай мэргэжилтнүүдээ ажиллуулж болох л юм.
-Бид хойд урд хөршөөсөө хамааралгүйгээр гуравдагч хөршийнхөө тусламжтайгаар газрын тос боловсруулах үйлдвэртэй болох нь. Үүнд ОХУ-аас ямар хандлагатай байх бол. Эдийн засгийн ямар нэгэн дарамт шахалт үзүүлэх болов уу?
-Одоогоор мэдэгдсэн зүйл байхгүй байна. Социалист нийгмийн үеийнх шиг хараат байхаа больсон. Олон улстай харилцаж байгаа энэ үед илэрхий дарамт шахалт үзүүлэхгүй байх. Магадгүй тойруугаар илэрхийлэх зүйл ажиглагдах болов уу. Гэхдээ энэ бол давагдашгүй хүчин зүйл гэж би бодохгүй байна.
-Манай улсын улс төрийн тогтолцооны талаар та ямар бодолтой байна вэ?
-Манай Үндсэн хуулийн ерөнхий бүтэц маш сайн болсон. Амьдрал баян юм болохоор 20 гаруй жилийн дотор олон л зүйл өөрчлөгдөж байна. Тэр үед хараагүй, мэдээгүй юмнууд зөндөө бий. Тэр үед ч гэсэн хоёр танхимтай парламенттай байя гэдэг асуудал яригдаж л байсан. Мөн хэсэгхэн хугацаанд Ардын их хурал, Улсын бага хурал гэж хоёр танхимтай байсан шүү дээ. Эргээд бодоход энэ зарчмаараа явсан бол сайн байж дээ гэж харагддаг.
Тэгэхээр нийт ард түмнийхээ саналыг аваад Үндсэн хууль, засаг төрийн тогтолцоонд өөрчлөлт оруулахгүй бол бид хичнээн яриад засагдахгүй шүү дээ. Тиймээс бүх ард түмний санал асуулга явуулж, хоёр танхимтай байх асуудлыг шийдэх хэрэгтэй . Өнөөдөр манайд эрх мэдлийн хуваарилалт байхгүй байгаагаас энэ их толхилцоон, санхүүгийн сахилга батгүй байдал, хариуцлагагүй байдал үүсч байгаа юм.
-Та, би төдийгүй монголчууд энэ үйлдвэрийг бариад, тууз хайчлах өдрийг хүсэн хүлээж байна. Амжилттай хэрэгжих болтугай. Цаг зав гарган ярилцсан таньд баярлалаа.
-Ерөөлөөр болог. Та бүхэнд ч бас баярлалаа.
Эх сурвалж: mongoluls.mn