Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхэд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхэд амиа алджээ

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхэд амиа алджээ

Нийслэлийн цагдаагийн газраас өнөөдөр /2018.01.10/ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсанаас хойшхи нэг жилийн хугацаанд гарсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, өнгөрсөн 2017 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 757 гэмт хэрэг үйлдэгджээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 137 нэгжээр буюу 17 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг нийслэл хотын  хэмжээнд гарсан 36151 зөрчлийн 0.6 хувийг эзэлж байгаа аж. 

Нийслэл хотод гарсан 21947 гэмт хэргийн 3.4 хувийг гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг эзэлсэн аж. Харин нийслэлд үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдын 90 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 7 хувийг хүүхэд, 3 хувийг эрэгтэйчүүд эзэлжээ. Хуульд заасны дагуу эдгээр хохирогчдын эрхийг хамгаалж ажилласан гэдгийг нийслэлийн цагдаагийн газрынхан онцоллоо.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэгт 198 эрүүгийн хэрэг үүсгэн шалгасны 130 буюу 65.6 хувь нь нийслэл хотод гарсан байна. 


Энэ үеэр нийслэлийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Баярсайханаас зарим асуултад хариулт авлаа.

-Урьдчилсан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийсэн бэ?

-Эл хууль хуулийн хүрээнд цагдаагийн байгууллагаас алба хаагчдыг мэргэшүүлэх, иргэдийн эрх үүргийг сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил зохион байгуулсан. Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх алба хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх ажлын хүрээнд 1274 алба хаагчдад 35 удаагийн сургалт өгсөн. Иргэдийн дунд ч олон сургалт зохион байгуулсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дан ганц цагдаагийн байгууллага хэрэгжүүлэхгүй. Бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байж тодорхой үр дүнд хүрнэ.

-Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэчнээн хүнд баривчлах шийтгэл оногдуулсан бэ?

-2017 онд нийслэл хотын хэмжээнд 1898 хүчирхийлэл үйлдэгчийг илрүүлэн шалгаж, Зөрчлийн тухай хуульд зааснаар 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулж, хуулийн хариуцлага хүлээлгэсэн. Эл хуульд орсон томоохон заалт бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улиаас шүүхээс баривчлах шийтгэл оноосон этгээдийг баривчлаад зогсохгүй зан үйлийг өөрчлөх албадан сургалтад хамруулж байгаа. 

-Саатуулагдаад гарч ирсэн хүмүүс дахин давтан гэмт хэрэг үйлдсэн тохиолдол бий юу?

-Давтан гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн тоо харьцангуй бага байна. Нийт 20 орчим хүн дахин гэмт хэрэг үйлдсэн.

-Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан тохиолдол гарсан уу?

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас зургаан хүн амь насаа алдсан. Эдгээр зургаан хүний нэг нь хүүхэд, бусад нь насанд хүрсэн хүмүүс байсан.

 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж