Жулиан Ассанжид гуравдагч талын зуучлагч хэрэгтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

Жулиан Ассанжид гуравдагч талын зуучлагч хэрэгтэй болжээ

Жулиан Ассанжид гуравдагч талын зуучлагч хэрэгтэй болжээ

Лондон дахь Элчин сайдын яамандаа Жулиан Ассанжийг орогнуулж буй Эквадор улс Их Британитай түүний асуудлаар хэлэлцээ байгуулахад туслах гуравдагч талын зуучлагч хэрэгтэй байгааг мэдэгджээ.

Викиликс сайтыг үндэслэгч Жулиан Ассанжи улс төрийн орогнол эрэн, 2012 оноос хойш Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд амьдарч байгаа билээ.

Жулиан Ассанжийг Шведийн прокурорын газраас хүчингийн хэрэгт буруутгасан ч хэргийг сүүлд хэрэгсэхгүй болгосон юм.  Гэвч Жулиан Ассанжи одоо Их Британи өөрийг нь АНУ-ын Засгийн газарт шилжүүлж магадгүй гэж эмээж байгаа юм.

Эквадорын Гадаад харилцааны сайд Мария Фернанда Эспиноза хэлэхдээ "Жулиан Ассанжи Элчин сайдын яаманд насаараа байж чадахгүй. Бид хэлэлцээ явуулах боломж нөхцөлийг судалж байна" хэмээгээд хэлэлцээг явуулахад гуравдагч талын зуучлагч шаардлагатай байж магадгүй гэжээ.

Австралийн иргэн Жулиан Ассанжийн Викиликс байгууллага 2010 онд АНУ-ын армийн цэргүүд Иракт энгийн номхон иргэдийг хөнөөж буй нисдэг тэрэгнээс авсан бичлэгийг нийтэд дэлгэсэн билээ. Лондон хотын цагдаагийн газар  Жулиан Ассанжиг 2012 онд шүүхэд очихоос татгалзсан хэргээр элчин сайдын яамнаас гарвал баривчилна гэж анхааруулсан юм. Их Британийн засгийн газар мөн түүнийг АНУ-ын талд шилжүүлж өгөхгүй гэдэг баталгаа гаргахаас татгалзсан билээ.

2016 онд НҮБ-ын гадаад аудиторуудын зөвлөл Жулиан Ассанжиг сайн дураар “хоригдож” байгаа боловч түүнийг чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн юм. Түүгээр зогсохгүй Их Британийн засгийн газар Жулиан Ассанжид эрх чөлөөгөө эдлэх боломж, нөхцөлөөр хангаагүйн төлөө нөхөн төлбөр төлөх ёстой гэж үзсэн. Гэвч Их Британийн гадаад харилцааны яам үүнийг хүлээж аваагүй билээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж