Билл Гэйтсийн уулзалтад орох цор ганц төлөөлөгчөөр Монгол бүсгүй тодорчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

Билл Гэйтсийн уулзалтад орох цор ганц төлөөлөгчөөр Монгол бүсгүй тодорчээ

Билл Гэйтсийн уулзалтад орох цор ганц төлөөлөгчөөр Монгол бүсгүй тодорчээ

Швейцарийн Давос хотноо жил бүр зохион байгуулдаг Дэлхийн эдийн засгийн форум нэгдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд болно.

48 дахь удаагийн форум ашиг сонирхол, итгэл үнэмшил, ёс заншил, хүч чадлын ялгаа, тэнцвэргүй байдлыг даван туулж, хүн бүрт хүртээмжтэй, боломж олгосон ирээдүйг бүтээн байгуулах талаар тогтож хэлэлцэхээр болжээ.

Дэлхийн эдийн засгийн форум нь олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар дэлхий дахинд тулгамдсан асуудлуудад шийдэл олж хэрэгжүүлдэг, бие даасан, хараат бус, ашгийн төлөө бус олон улсын байгууллага юм.

Тус байгууллага жил бүр дэлхий дахинд шууд нөлөөлж, шийдвэр гаргадаг эрх баригчид, бизнесс эрхлэгчид, эрдэмтэн судлаачид болон залуу манлайлагчдыг Швейцарийн Давос хотноо цуглуулан, дэлхийн хувьсан өөрчлөгдөж буй байдал, хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн өсөлт хөгжилтийг байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй, тогтвортой байлгах боломжийн талаар гурван өдрийн турш 400 гаруй хурал, хэлэлцүүлэг зэрэг үйл ажиллагаа зохион байгуулдаг юм.

Энэхүү өндөр хэмжээний уулзалтад энэ жил Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар нар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцох бол “Оддарьяа” сангийн үүсгэн байгуулагч А.Ургамал нь Дэлхийн эдийн засгийн формын дэргэдэх залуучуудын байгууллага болох Глобал Шэйперс нийгэмлэгийг төлөөлөн оролцдог 50 залуу манлайлагчдын нэгээр сонгогдсон байна.

Энэ нь "’Оддарьяа" сангийн Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулах хувь нэмэр, тэр дундаа эмч нарыг эх орондоо өндөр хөгжилтэй орны нарийн мэргэжлийн боловсон хүчнээс туршлага судлах, менежментийн, болон технологийн шийдлээр эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг иргэдэд таатай, түргэн шуурхай болгоход чиглэсэн үйл ажиллагаа, төлөвлөгөө, алсын харааг өндрөөр үнэлсэн хэрэг болж байна.

Сонирхуулахад, дэлхийн өнцөг булан бүрийн 6050 залуу манлайлагчдаас сонгогдсон 50 төлөөлөгч Давосын чуулганы үеэр алдартай бизнесмэнүүд болох Жак Ма, Билл Гэйтс нартай хаалттай уулзалт хийх юм.

Түүнчлэн Билл Гэйтстэй ганцаарчлан уулзаж, санал бодлоо солилцох зөвхөн нэг төлөөлөгчийг шалгаруулахад тус хуралд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй А.Ургамал шалгарчээ. Мөн тэрбээр хүйсийн тэгш эрхийн хэлэлцүүлэгт залуусын дуу хоолой болж оролцох 13 төлөөлөгчийн бүрэлдэхүүнд ч шалгарч чадсан байна.

А.АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж