"Хөрөнгө татсан талаараа нэг ч хүн мэдүүлээгүй"

Хуучирсан мэдээ: 2018.01.10-нд нийтлэгдсэн

"Хөрөнгө татсан талаараа нэг ч хүн мэдүүлээгүй"

"Хөрөнгө татсан талаараа нэг ч хүн мэдүүлээгүй"

Оффшор бүсэд далд хөрөнгөтэй нь ил болсон Монголын иргэд болон компанийг гурван сарын дотор дансаа хааж, нуусан хөрөнгөө илчлэн, эх орондоо оруулж ирэхийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас анхааруулсан билээ. Хувь хүн, байгууллага нийлээд 29 этгээдэд хамаарч буй оффшороос хөрөнгө татах хугацаа дуусаад зургаа хонож байна. (2018.01.04-нд дууссан)

Гэтэл оффшор бүсээс хөрөнгөө татахыг сануулсан энэ хугацаанд нэг ч иргэн болон компани дансаа хааж, хөрөнгөө татаагүй болохыг АТГ мэдээллээ. 

Одоо дараагийн шатанд хууль, тогтоолын хүрээнд албан тушаалтнууд оффшор бүс дэх банкны дансаа хаасан, эсвэл өөр хүний нэр дээр шилжүүлсэн, мөнгөн хөрөнгөө татсан эсэх тухайгаа 30 хоногийн дотор АТГ-т албан ёсоор мэдүүлэх үүрэгтэй юм.

Мэдүүлгийн тоолуур хоёрдугаар сарын 4-ний өдөр дуусна.

Хэрэв энэ хугацаанд нууц хөрөнгөө ил болгож, Монголд үйл ажиллагаа явуулдаг банкинд шилжүүлэхгүй бол “оффшорчид”-ыг илчилж, хэрэв нийтийн албан тушаал хашдаг бол тухайн албан тушаалаас нь эгүүлэн татах хуулийн заалттай.

Эрүүгийн хуулийн 22.10.2-т “Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг 2-5 жил хүртэлх хугацаагаар хасч, 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.


Оффшор бүс дэх дансаа хаагаагүй бол яах вэ?

Заасан хугацаанд хөрөнгөө татаж, АТГ-т энэ тухайгаа мэдүүлээгүй төрийн болон нийтийн албан тушаалтанд хуулийн хүрээнд ямар хариуцлага хүлээлгэх  талаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс тодрууллаа.

ТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх

-Оффшор бүс дэх дансаа хаагаагүй, хөрөнгөө татаагүй албан тушаалтныг эгүүлэн татах хууль зүйн зохицуулалтын талаар та дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

-Хэрвээ заасан хугацаанд өөрийн болон хамаарал бүхий этгээд болох эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, нэгдмэл сонирхолтой этгээдүүд дээрх бүс нутгуудад данс эзэмшдэг, түүнийгээ АТГ-т мэдүүлээгүй бол нийтийн албан тушаалтан албан тушаалаасаа халагдах хүртэл хуулийн хатуу зохицуулалттай. Тиймээс мэдүүлэг гаргагчид энэ асуудалд маш их ач холбогдол өгөх ёстой.

Тэдэнд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 22.10 дугаар зүйлийн хоёрт зааснаар хариуцлага хүлээлгэнэ.

Эрүүгийн хуулийн 22.10.2-т “Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг 2-5 жил хүртэлх хугацаагаар хасч, 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдахаас өмнө оффшор бүсэд хууль ёсны дагуу данс, компани эзэмшиж байсан бол хуулийн дагуу ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй байсан. Одоо ямар ч тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тусгасан нь энэ. Тэр ч бүү хэл иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүн, аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг эгүүлэн татах, томилогддог албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх бүрэн боломж хуулийн хүрээнд бүрдсэн байгаа.

-Хуульд заасан хугацаанд хөрөнгөө мэдүүлээгүй албан тушаалтнуудыг шууд зарлах уу?

-Шаардлагатай гэж үзвэл АТГ-аас олон нийтэд мэдээлж болно. Учир нь хуулиараа энэ асуудал олон нийтэд нээлттэй мэдээлэгдэх зохицуулалттай. 

 

 

 

 

 


Засгийн газрын 244 дүгээр тогтоол

  • Ангиль
  • Бахамын арлууд
  • Бахрейны Хаант Улс
  • Белиз Улс
  • Бермудын арал
  • Британийн Виржинийн арлууд
  • Жерси, Кайманы арлууд
  • Куукийн арлууд
  • Лихтенштейний Вант Улс
  • Маршаллын арлууд
  • Мэний арал зэрэг 34 бүс нутагт оффшор данс эзэмшдэг, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар компани байгуулсан албан тушаалтан болон түүний хамаарал бүхий гэр бүлийн гишүүд нь эзэмшлээ 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөр зогсоож, энэ тухайгаа Авлигатай тэмцэх газарт 2018 оны хоёрдугаар сарын 4-ний дотор мэдүүлнэ. 

Засгийн газрын 326 дугаар тогтоол /ШИНЭЧЛЭГДСЭН/

  • Арабын нэгдсэн Эмират
  • Ботсвана
  • Бруней
  • Бүгд Найрамдах Мальта
  • Ирланд
  • Куракао
  • Лексембург
  • Макао
  • Малайз
  • Монако
  • Монтсеррат
  • Самоагийн Тусгаар улс,
  • Сингапур
  • Хонгконг
  • Швейцарь зэрэг 15 улс орны оффшор бүсэд данстай албан тушаалтнууд банкны дансаа хаах, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан шилжүүлэх хугацаа 2018 оны гуравдугаар сарын 6-ны өдөр дуусна. Энэ хугацаанд оффшор бүсэд бүртгэлтэй компанийнхаа үйл ажиллагааг зогсоож, тэндэх хөрөнгийнхөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдаж, шилжүүлсэн бол 2018 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн дотор АТГ-т мэдүүлэх шаардлагатай.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж