2018 он спорт сонирхогчдын хувьд томоохон тэмцээн, уралдаан олонтой байх нь ээ. Дэлхийн олон сая үзэгчдийн хүлээж буй өвлийн олимп сарын дараа БНСУ-ын Пёнчан хотод нээлтээ хийнэ. Үүний дараа дэлхийн анхааралд хойд хөрш орох бөгөөд зургаа, долдугаар сард ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ болох юм. Дараа нь Ази тивийн тамирчид наймдугаар сард Индонез улсад цуглаж, наадмын аваргуудаа тодруулах бол спортын залуу халааг бэлтгэх зорилготой зохион байгуулагддаг залуучуудын олимп аравдугаар сард Аргентинд болно. Үүнээс гадна шатарчдын олимп Гүржийн Батуми хотод болох ба дэлхийн 180 гаруй орны оюун ухааны их мастерууд оролцдог энэхүү олимп энэ жил 46 жилтэйгээ золгох юм.
2018 онд Монголд олон улсын 10 тэмцээн уралдаан болох аж. Энэ жил ДАШТ нэг, Азийн АШТ дөрөв, Зүүн Азийн АШТ хоёр болох бол дөрвөн олон улсын тэмцээн уралдаан болох бөгөөд дээрх тэмцээн уралдааны зардалд Засгийн газраас дэмжлэг үзүүлж байгаа юм. Тухайлбал, пауэрлифтингийн ДАШТ есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 6-нд болох бөгөөд энэ жилийн хамгийн том тэмцээн нь энэ. Мөн бодибилдинг, фитнессийн Азийн АШТ дөрөвдүгээр сарын 27-30-нд болох бол мотоциклийн бартаат замын Азийн АШТ наймдугаар сард, самбо бөхийн Азийн АШТ зургадугаар сарын 14-17-нд, уран сайхны гимнастикийн Азийн АШТ тавдугаар сард, жүдо бөхийн Зүүн Азийн АШТ зургадугаар сарын 17-26-нд, чөлөөт бөхийн “Монголиа опен” олон улсын тэмцээн тавдугаар сард, боксын “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн зургадугаар сарын 24-30-нд, ширээний теннисний “Монголиан кап” олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 8-9-нд, гүйлтийн цанын олон улсын тэмцээн гуравдугаар сарын 17-18-нд болох тов гарчээ.
Эдгээр тэмцээн, уралдааны зардалд Засгийн газраас дэмжлэг үзүүлэх нь одоогоор тодорхой болсон ба бусад тэмцээний зардал дээр хараахан тушаал гараагүй байгаа аж.
МОНГОЛД БОЛОХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНҮҮД
Монгол Улс энэ онд чөлөөт бөх, жюү жицү, бокс, шатар, байт харваа зэрэг спортын төрлүүдэд олон улсын тэмцээн хүлээн авахаар төлөвлөжээ.
Чөлөөт бөхийн “Mongolia Open” тэмцээн ирэх зургадугаар сард болно. Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд чансааны оноо олгохоороо онцлог.
Сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжөөд байгаа жюү жицү бөхийн тэмцээний олон улсын тэмцээн тун удахгүй Монголд зохион байгуулагдах гэж байна. Энэ нэгдүгээр сарын 27-28-нд Улаанбаатар хотод болох Арабын нэгдсэн Эмират улсын холбоотой хамтран зохион байгуулах Азийн нээлттэй тэмцээн /Asia continental pro jiu-jitsu championship-GI/ юм.
Шатрын олон улсын тэмцээн Улаанбаатарт цөөнгүй удаа зохиогдож ирсэн түүхтэй. Тэгвэл Монголын шатрын холбоо, Азийн шатрын холбоотой хамтран Зүүн Азийн өсвөрийн шатарчдын аваргуудыг тодруулахаар болжээ. Тэмцээн зургадугаар сарын 17-26-нд болох хуваарьтай.
Байт харвааны ‘Mongolian Archery Cup’ олон улсын нээлттэй тэмцээн ирэх наймдугаар сард Улаанбаатарт болохоор төлөвлөгджээ.
Азийн наадам тохиож байгаа энэ жил Монголын боксын холбоо насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн зоион байгуулахгүй байхаар шийджээ. Оны өмнө болсон шилдэг найман боксчны тэмцээнээс шигшээ багийн болон олон улсын тэмцээний сонгон шалгаруулалтаа хийх бөгөөд харин олон улсын нээлттэй тэмцээнийг 2018 онд Улаанбаатар явуулахаар төлөвлөн, ажиллаж байна.