Б.Бямбасайхан: Бизнесийнхэн тогоо руу гаа нулимдаггүй

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

Б.Бямбасайхан: Бизнесийнхэн тогоо руу гаа нулимдаггүй

Б.Бямбасайхан: Бизнесийнхэн тогоо руу гаа нулимдаггүй

Б.Бямбасайхан

Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар эдийн засагч,"Nova terra" ХХК-ийн захирал Б.Бямбасайхантай ярилцлаа. 


-Эдийн засгийн өсөлт 5,3 хувьд хүрлээ гэж үзэж байна. Энэ нь бодит өсөлт мөн үү. Эдийн засгийн нөхцөл байдал бизнесийн орчинд хэрхэн нөлөөлж байна вэ. Энэ талаар та саналаа хуваалцаач?

-Юуны өмнө www.news.mn сайтын уншигчдад шинэ оны мэндийг хүргэе. Татвар нэмэгдэж байгаа боловч бизнес эрхэлж байгаа хүмүүс 2018 оныг өөдрөгөөр төсөөлж л ажлаа эхэлж байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, эдийн засаг энэ онд өсөх төлөвтэй байгаа. Харин өнгөрсөн оны хувьд хүнд жил байсан. Үүнийг олон зүйлээр тодорхойлж болно. Эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэй ойлгомжгүй цаг үе байлаа. Гэхдээ Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр макро төвшинд зарим ахиц гарч байна. Хэдийгээр татвар нэмсэнд татвар төлөгчид бид дургүйцэж байгаа ч нэгэнт шийдвэр жилийн өмнө гарчихсан шүү дээ. Одоо эдийн засаг тогтвортой болж, бизнесийн орчин сайжрах хүлээлт нэгэнт бий болсон байна. Үүнийг дагаад бодит орлого ч өснө гэсэн найдлага бий. Мэдээж манай эдийн засгийн суурь эрсдэлүүд хэвээр байгаа. Энэ нь гадаад зах зээл, хатуу дэд бүтэцийн хѳгжилтэй холбоотой юм. 

-Эдийн засгийг өөдрөгөөр төсөөллөө гэхэд та жишээ нь хэдэн хувиар өсөх боломжтой гэж харж байна вэ?

-Олон улсын байгууллагуудын прогнозыг харахад 3-5 хувиар өсөх хандлага харагдаж байна.

Бид хүнд нөхцөл байдалд байсан болохоор үүнээс дор байдалд орно гэж байхгүй болов уу. Дээшлэхийг эрмэлзэнэ. Тэр утгаараа эдийн засаг өсөх хүлээлт бий болсон байна.

Эдийн засагт сөргөөр нөлөөлдөг хүчин зүйл бол тухайн салбарт бизнес эрхэлж байгаа хүмүүсээс санал авахгүйгээр татвар нэмэх шийдвэр юм. Энэ нь амьдрал дээр эдийн засгийн өсөлтийг хазаарлах аюултай. Шинэ Засгийн газар энэ талаар тууштай ажиллах байх гэж найдаж байна.

-МАН-ынхан өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулж, шинэ Засгийн газар байгуулсан. Шинэ сайд нар сайн ажиллаж чадах болов уу? Та хувьдаа энэ Засгийн газарт хэр итгэл хүлээлгэж байгаа вэ?

-Монгол Улсын иргэн, Монголд бизнес эрхэлж, татвар төлж буй хүний хувиар энэ асуултад хариулья. Ямар ч хүн Засгийн газрын үйл ажиллагааг муу байгаасай гэж хүсэхгүй. Яагаад гэвэл, аливаа Засгийн газрын гаргаж байгаа шийдвэр хүн бүрийн амьдралд нөлөөлж байдаг. Муу шийдвэр гаргаасай гэж хэн ч хүсэхгүй. Гол нь юун дээр анхаарах ёстой вэ гэхээр тооцоо, судалгаагаа сайн хийж, бодлогын шийдвэр гаргах хэрэгтэй. Татвар төлж, ажлын байр бий болгож байгаа компаниудын саналыг бодитоор сонсох хэрэгтэй. Зүгээр нэг дүр эсгэсэн байдлаар сонсох гэж байгаа бол шаардлагагүй. Олон талын нөхцөл байдлыг тооцсон шийдвэр гарах ёстой. Бизнес эрхлэгчид Засгийн газраас бодлогын шийдвэрээ тууштай хэрэгжүүлэх, төр нь хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх, татварын шударга орчинтой байхыг л хүснэ. Нөгөө талаас зарим нийтийн үйлчилгээний үнийн бодлогын талаар анхаарах ёстой санагддаг. Зарим бүтээгдэхүүний үнэ зах зээлийн жам ёсоор явдаггүй. Жишээ нь, эрчим хүчний салбарын үнийг чөлөөлж өгөхгүй болохоор энэ салбарт шинэ хөрөнгө оруулалт хийгдэхгүй, шинэ хүчин чадал бий болохгүй байна. Мөн ус цэвэрлэх байгууламжийг нэрлэж болно. Хэрэглэгч үйлчилгээний зардлаа төлөөд явах нь зах зээлийн зарчим юм. Засгийн газар үнийг зохиомлоор барих нь эдийн засгийн суурь дэд бүтцийн хөгжилд шууд сөргөөр нөлөөлдөг.

-Та бол төрийн өмчийн компани удирдаж байсан туршлагатай эдийн засагч. Харин одоо хувиараа бизнес эрхэлж байна. Хувийн хэвшил, төрийн байгууллагын ялгаа юу байна?

-Зарчмын хувьд ялгаа байхгүй. Засгийн газрын эзэмшлийн компани бусад компанитай адил л өрсөлдөх хэрэгтэй. Ажлын байр бий болгох гэх мэт өөр зорилго бас байхыг үгүйсгэхгүй. Бизнес эрхлэхэд Монголын үндсэн нөхцөл их боломжийн байдаг. Дэлхийн хамгийн хурдан өсч буй бүс нутагт оршдог. Бид ухаантай байх юм бол том зах зээлд илүү олон гарцаар гарахад ойрхон байна. Уул уурхайн чиглэлд байнгын эрэлт, хэрэгцээ байна. Манай оршиж байгаа бүс нутагт жилдээ 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт дэд бүтэц барьж байгуулахад шаардлагатай гэх мэт тооцоолол бий. Үүний нэгээхэн хэсгийг Монголдоо татах боломжтой гэж хардаг. Өнгөрсөн хугацаанд их зүйлийг сурсан. Өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй байхаас ажил урагшилна даа.

-Та төрийн компанид байхдаа хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөртөө чих тавьж байна уу. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт ямар шатандаа хэрэгжиж байна вэ?

-Өнөөдрийн хувьд надад нарийн мэдээлэл алга. Тодорхой асуулт байвал ажил хариуцаж байгаа хүмүүстэй ярих нь зөв байх. Эдийн засгийн талаас нь харах юм бол тодорхой иргэдийн орлого нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, шинэ ажлын байр бий болсон, хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр татвар төлөлт нэмэгдсэн гэх мэт хэмжиж болох зүйлс бий байх. Оюутолгой бол монгол компани, мөн үйл ажиллагаа нь эхлээд хэдхэн жил л болж байгаа, баригдаж, жигдэрч дуусаагүй гэдгийг нь хүмүүс мартчихдаг юм шиг байна лээ. Сүүлд сонсоход, Оюутолгойд 13 мянган хүн ажилладаг гэж байсан. Одоо гүний уурхайн бүтээн байгуулалт ид явагдаж байгаа. Нарийн мэргэжлийн ур чадвартай боловсон хүчин бий болгож байна. Монгол инженерүүд шинийг сурч, сайн ажиллаж байгаагаа олон улсын тавцанд харуулж чадаж байна. Энэ бүхэн Монголын ирээдүйд маш чухал. Үүнээс гадна шинэ бизнес, техникийн стандарт нэвтрүүлж байгаа гээд давуу талуудыг харах хэрэгтэй. 

-“Дубайн гэрээ” маш муу болсон гэх шүүмжлэл бий. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-2015 оноос хойш олон л тайбар, тооцоог гаргаж танилцуулсан даа. Энэ шүүмжлэл нь хөрөнгө оруулалт, ажлын байр, татвар гэсэн бодит тоотой холбоогүй юм шиг байна даа. Жишээ нь, энэ үеэс бид монгол компаниудаа дэмжих тодорхой бодлого батлуулж, хэрэгжүүлж эхэлсэн. Тэр нь амьдрал дээр үр дүнгээ өгч байна. 2017 онд нийт худалдан авалтын 68% хувь буюу 700 тэрбум төгрөгийн ажил, үйлчилгээ, барааг монгол компаниудаас шууд авсан байна. 2014 онд 30 хүрэхгүй хувьтай байсан. Өнөөдөр Оюутолгойтой бизнес хийдэг гадаадын компаниуд монголчуудад компаниа зараад, гарч байна. Монголчууд өөрсдөө тэр бүхнийг гардаад ажиллаж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил дуусах болоогүй. Одоогоор 1.3 тэрбум ам.доллар буюу 3.2 их наяд төгрөгийн ажлыг зөвхөн Монголын компаниуд гэрээлэн гүйцэтгэж байна гэсэн. 2020 он гэхэд 1300 метрийн дороос хүдэр олборлож баяжуулаад, экспортлох боломж нээгдэнэ. Тэр үед зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 10,000 ам.доллар болно гэсэн эерэг хүлээлт байна. Тэгэхээр баригдаж байгаа бүтээн байгуулалтаа тэвчээртэй хүлээж, бүрэн ажиллаж эхэлсний дараа ярих, үнэ цэнийг нь хүртэх хэрэгтэй гэж боддог.

-Татвар талаас нь харахад, “Эрдэнэт” үйлдвэрийн хаана ч хүрэхгүй байна гэдэг шүү дээ…

‘Эрдэнэт’ бол XX зууны Монголын эдийн засгийн гайхамшиг, хөдөлгөгч байсан гэж үзвэл, Оюутолгой XXI зууны хүч нь юм. Оюутолгой сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголын хамгийн том төсвийн орлого бүрдүүлэгч болсон. Оюутолгойг хүүхдээр төсөөлөхөд дөнгөж дөрвөн настай. “Эрдэнэт” үйлдвэр 40 гарсан том эр байх нь. Учир мэдэх хүмүүсийн хэлж байгаагаар бол “Эрдэнэт” үйлдвэр эхний 20 жил улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй, харин ч татаас авдаг байсан гэдэг. Оюутолгой баригдаж эхэлсэн цагаасаа л Монголд төрөл бүрийн татвар, худалдан авалт, цалин гээд 7 тэрбум ам. доллар буюу өнөөдрийн ханшаар бол 17 их наяд төгрөгийг бодитоор оруулсан гэдэг. Хүүхдээр яривал дөрвөн настай ч аав, ээжийнхээ амьдралд тус дэм болоод явж байгаа сайн хүү гэж хэлж болно. Энэ орлогоор олон сургууль, цэцэрлэг барьж, багш, эмч, цагдаа нарынхаа цалин хөлсийг тавьж байгаа шүү дээ. Харьцуулж байгаа жишээгээ зөв сонгож баймаар юм. Бизнес эрхэлж, татвар төлж байгаа хүн бол хариуцлагатай байдаг. Ийм хариуцлагтай хүмүүс өөрсдийнхөө тогоо руу хэзээ ч нулимдаггүй. Харин зарим нэг хүн нулимах гээд байгаа бол түүнийг дагах хэрэггүй, харин ч зогсоох нь зөв. Ямар ч байсан Монголд бизнес эрхэлж байгаа хүмүүс эдийн засгийн нөхцөл байдлыг маш сайн ойлгож байгаа байх.  

-Эдийн засгаа сэргээхийн тулд том төслөө хөдөлгөх ёстой гэж улстөрчид уг нь бүгд л ярьдаг. Гэтэл зарим нь том төслөө хөдөлгө гэдэг шаардлагын цаана хэн нэгний ашиг сонирхол байна гэх нь бий. Тэгвэл таны бодлоор том төслүүдээ яах ёстой вэ?

Том төсөл гэдгийг би ямар утгаар нь ойлгодог вэ гэхээр манай эдийн засгийг өрсөлдөх чадвартай байлгахад шаардлагатай дэд бүтэц, үүнтэй холбоотой процесс гэж хардаг.

Бидний орлого байнга нэмэгдэж байх ёстой. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өнөөдрийн 3700 ам.доллараас нэмэгдэх ёстой. Тэгэхгүй бол манай улс энэ буурай хөгжилтэйгөө, иргэдийн сэтгэл санаа нь хөмөрсөн тогооноосоо халихгүй хэвээр байна. 

Тиймээс өөдөө тэмүүлж, өрсөлдөх чадвартай болохын тулд суурь дэд бүтцийн салбартаа анхаарал хандуулах ёстой. Дэд бүтцээ сайжруулж байж монголчууд өрсөлдөх чадвартай болно. 2018 онд хийх ажил, бүтээх зуйс олон байна даа. Танд амжилт хүсье. 

-Танд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж