Шинэ нэр: Залуу түүхч Ч.Содбилэг

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

Шинэ нэр: Залуу түүхч Ч.Содбилэг

“Монголын их Юань улсын түүх” хэмээх боть номыг Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа бичиж, Монголынхоо түүхч, эрдэмтэн, судлаачдад сайшаагдсан бүтээл туурвиж чадсан залуу түүхч Ч.Содбилэгийг "ШИНЭ НЭР" булан онцолж байна. Тэрбээр өдгөө 26 настай бөгөөд 2017 онд өөрийн гурав дахь ном болох “Сэнтий түшсэн хатад” номыг гаргасан билээ. Залуу түүхч маань ярилцлагадаа “Үнэндээ би элдэв ном эрээчин бичиж хэвлүүлснээ ямар нэгэн амжилт гэж огт бодож байсангүй. Сонирхол маань намайг бүрэн эзэмдэн эрхшээсэн тул хийснээ чамлан голж, эрээчин бичих, эрж хайхын хүсэлд улам их шунах нь зовлонтой юм шиг боловч энэ бүхний утга учир, баяр жаргал нь эндээ л оршдог байх” хэмээн өгүүлсэн юм.

ЧУЛУУНБААТАРЫН СОДБИЛЭГ 

Төрсөн он: 1992.08.03

Төгссөн сургууль:

Дархан хотын “Оюуны ирээдүй” цогцолбор /2010 он/

Монгол Улсын их сургуулийн монгол, хятад хэл судлалын анги /2016 он/

Мэргэжил: Түүхч, судлаач

Одоо эрхэлж буй ажил: Чөлөөт уран бүтээлч

Сошиал хуудас: Содбилэг Ч  /фэйсбүүк /

Залуу түүхч Ч.Содбилэг / Гэрэл зургийг Н.Батмөнх 2018.01.09/

АНХНЫ АМЖИЛТ

-Би 2010 онд анх “Монголын их Юань гүрний түүх” гэдэг ном гаргаж байсан. Уг номондоо 1271-1368 он хүртэл оршин тогтнож байсан Монголын Юань гүрний түүхийг товчхон бичсэн. Тэр үеэс л Юань улсын улс төрийн түүхийг илүү их сонирхон, судалж эхэлсэн. Энэ бол дэлхий дахинд харьцангуй сайн судлагдсан сэдэв. Юань улс тархай бутархай байдалтай хэдэн зуун жил олон ханлиг байсан Хятадыг нэгтгэж, зуугаад жил захирснаар өнөөгийн Хятад Улс, Хань үндэстэн, Хятад соёл гэдэг нэгдмэл цогц ойлголтыг хүчээр бий болгосон. Сүн, Тангуд, Алтан, Баруун Ляо зэрэг улсын захиргаанд улам ондоошсоор байсан Хятад үндэстэн зөвхөн Юань улсын үед антропологийн хувьд бараг ижилсэж, хэл соёл, эдийн засаг, хөгжлийн зааг ялгаа арилсан. Хятад соёлын айд багтаж байсан Азийн суурин иргэншилт төрийн загварын хэдэн мянганы түүхэнд хамгийн гүнзгий ул мөр үлдээж, түүхийн эргэлт хийж чадсан цорын ганц гүрэн бол Монголчуудын цогцлоосон Их Юань гүрэн юм шүү дээ.

Хубилай хааныг Хятад газар төвлөн суусан гэх зэргээр орчин үежүүлж шүүмжилдэг ч тэр үед Бээжин хот бол Хятадын үндсэн нутагт биш, харин Тоба, Хятан, Жүрчин зэрэг умардын нүүдэлчдийн хэдэн зууны турш эзэгнэсэн газар нутагт оршиж байсан хот юм.

Тухайн үед би 11 дүгээр ангийн сурагч байлаа. Би өөрөө түүх маш их сонирхдог учраас надад ном гаргахад хэцүү бэрх ч юм уу ямар нэгэн мэдрэмж төрөөгүй. Харин ч өөрийнхөө сонирхож буй зүйлээ хийх нь амьдралаас мэдрэх аз жаргалын амт мэт байдаг. Үнэндээ би элдэв ном эрээчин бичиж хэвлүүлснээ ямар нэгэн амжилт гэж огт бодож байсангүй. Сонирхол маань намайг бүрэн эзэмдэн эрхшээсэн тул хийснээ чамлан голж, эрээчин бичих, эрж хайхын хүсэлд улам их шунах нь зовлонтой юм шиг боловч энэ бүхний утга учир, баяр жаргал нь эндээ л оршдог байх.

ХЭДЭН НАСТАЙгаасаа ТҮҮХ СОНИРХОЖ ЭХЭЛСЭН БЭ?

-Би өөрийгөө яг хэдэн настайдаа түүх сонирхож эхэлснийг сайн санахгүй байна. Яагаад түүх надад тэгж их сонирхолтой санагддаг болсныг ч хэлж мэдэхгүй юм. Хүүхэд байхаасаа байнга ном уншсан гэж хэлэхгүй. Тэгээд ч энэ бүхэн төдийлөн ач холбогдолтой биш байх. Зүгээр энэ надад оногдсон хувь тохиол юм уу, үйлийн үр л байх даа. Хоёрдугаарт, түүхч хүн гэдэг уран зохиолтой адил нэг ном уншиж дуусаад дараагийн номыг эхлүүлдэгтэй огт адилгүй. Харин судалгааны материал, түүхэн эх сурвалжуудаа насан туршдаа элтэл судалдаг, тэр нь ердөө ганцхан сурвалж ч байж болно.

Түүхийн ач холбогдлыг ердөө уншихад сонирхолтой, сургамжтай гэж тайлбарлах нь зохисгүй хэрэг. Энэ бол шинжлэх ухаан. Байгалийн шинжлэх ухааны үндсэн суурь нь математик бол хүмүүнлэгийн шинжлэх ухааны үндэс нь түүх. Түүх бол тухайн үндэстний дархлаа. Орчин цагт улс, гүрнүүд “зөөлөн хүчний бодлого” буюу соёлын түрэмгийллийн бодлого явуулдаг болсон энэ цаг үед үндэстнээ хэвээр нь авч үлдэх цор ганц дархлаа бол түүх, эх хэл юм. Тиймээс өөрсдийнхөө үндэстний түүх, эх хэлийг маш сайн судалж, чадаж гэмээн тухайн үндэстэн оршин тогтноно. Түүх нэгэнт өнгөрсөн зүйл учраас түүхээрээ амьдарч болохгүй, ирээдүйгээ харъя гэж их яригдах болсон нь бас л шал утгагүй зүйл. Түүх бол тогтмол давтагддаг цикл, мөчлөг мэт зүйл. Тиймээс ирээдүйг зөвхөн түүхээс харж, төсөөлж болно. Учир нь ирээдүй бол өнгөрсөн цагийн давтамж. Түүхээс сургамж авах хэрэгтэй гэдэг ч хүн төрөлхтний бүх түүхэнд өнгөрснөөсөө сургамж аваад огт давтаагүй түүх хэр олон бол гэж асуувал туйлын цөөхөн болов уу. Учир нь хүний төрөлх зөн, рефлекс, шунал тачаал, тэмцэл зөрчил нь амьдралын хууль болохоор томьёо мэт зүй тогтлоор үүрд мөнх давтагдах нь жам. Наад захын жишээ дурдахад, дэлхийд хэчнээн олон төрт улс байгуулагдав, байгуулагдах болон мөхөх зүй тогтол нь яг адилхан. Чухам энэ зүй тогтол дээр амьдрал өрнөдөг тул өнгөрснөөс сургамж аваад цоо шинэ түүх өрнөх боломжгүй байх гэж боддог.

БАРИМТУУДАА ХЭРХЭН ЦУГЛУУЛДАГ ВЭ?

-Миний судалдаг түүхэн сэдэв бол Монголын их Юань гүрэн болон хятадын Мин улсын эхэн үеийн улс төрийн түүх, сурвалж судлал. Энэ үеийн түүхэн гол эх сурвалжуудын ихэнх нь эртний хятад хэл дээр бичигдсэн байдаг. Бас эдгээр эх сурвалжуудыг англи хэл рүү ихээр орчуулсан байдаг. Мөн орчуулагдаагүй маш их түүхэн эх сурвалжууд ч бий. Түүхэн эх сурвалж нь түүхч хүний лаборатори шүү дээ.

Монгол хэлээр Монголын их Юань гүрэн болон хятадын Мин улсын үеийн түүхэн эх сурвалж туйлын хомс. Монголын нууц товчоог хүртэл хятад ханзаар галигласан байдаг. Тиймээс голлох түүхэн эх сурвалжууд ихэвчлэн эртний хятад, перс зэрэг суурин иргэншлийн голлох орнуудын хэл дээр бичигдсэн байдаг.

НОМ ЗОХИОЛЫН ЭХ СУРВАЛЖАА ХЯТАД ХЭЛНЭЭС ӨӨРӨӨ ОРЧУУЛДАГ ГЭЖ СОНССОН. ХЯТАД ХЭЛИЙГ ХЭзээ сУРСАН БЭ?

-Эртний Хятад хэл бол тун адармаатай хэцүү эд. “24 төрийн судар”, “Магад хууль” гэх мэт төрийн түүхэн судрын хэл найруулга, үг хэллэг нь нэгэнт хэвшиж журамлагдсан байдаг тул орчуулахад арай гайгүй. Харин еши, вайши гэгддэг сул түүх маш хэцүү. Учир нь, үе үеийн Хятад бичгийн мэргэд сул түүх бичихдээ өөрсдийн бичгийн чадвар, эрдэм мэдлэгээ гайхуулан илэрхийлэхдээ өвөрмөц найруулга, эртний ховор үг хэллэг, туйлын гүн утга санааг агуулан бичдэг болохоор орчуулан ашиглахад тэр хүний ёстой шандсыг сорьдог эд. Гэвч азаар манай улс бол Хятад судлалын асар баялаг уламжлалтай орон. Тиймээс бид бол олон үеийн Монгол бичгийн мэргэдийн орчуулгын яндашгүй өв, толь бичгүүдэд дулдуйдан эртний Хятад хэлийг сурах, орчуулан ашиглах маш давуу боломжтой азтай улс юм. Дандаа чинсан, Мөнхтогтох чинсан болон бусад олон орчуулагч мэргэдийн бүтээлийг үзэхэд тэр гайхамшигт өвөг дээдсээрээ өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг.

ДЭЛХИЙд МОНГОЛын ТҮҮХЭН ХАТДЫН ТҮҮХИЙГ ХЭР СУДАЛСАН БАЙДАГ юм БОЛ?

-Сүүлийн үед “Монголын түүхэн их хатад асар том гавьяа байгуулсан. Хатдын гавьяанд тулгуурлан Монголын эзэнт гүрэн оршин тогтнож байсан” гэдэг туйлширсан хандлага их ажиглагдаж, уншигчид ч хуйлрах болсон нь харамсалтай. Хаадын түүхийг омогшлоор, хатдын түүхийг феминист хандлагаар бичих төлөв зонхилж буй нь туйлын буруу. Түүхч хүн бол үнэний эрэлчин. Тэрнээс биш хүйсийн болон ямар нэгэн эрх ашгийн үүднээс түүхэнд хандаж болохгүй. Хэдийгээр Монголын түүхэнд хатад гавьяатай үүрэг гүйцэтгэсэн ч Монголын эзэнт гүрний мөхөлд бас тодорхой үүргийг гүйцэтгэсэн шүү дээ. Юань улсын хаан ширээний төлөөх тэмцэл хурцдаж, төрийн үндэс ганхахад хатдын үүрэг маш их байсан. Тийм учраас хатдын түүхэн үүргийг сайн бол “сайн”, муу бол “муу” гэж бодитоор үнэлэх хэрэгтэй. Гэвч сайн муу, үнэн худлын хэмжүүр гэдэг туйлын хийсвэр ойлголт, цаг цагийн аясаар хувирдаг зүйл болохоор үнэлэлт дүгнэлт өгөх нь цаг зуурын явдал байх л даа. Монголын их хаадын хатдын тухай сэдэв өрнө дорно дахинд нэлээд судлагдсан сэдэв. Дэлхий дахинаа 1940, 1950-иад оноос эхлэн Монгол хатдын тухай сэдвийг хятад эх сурвалжуудад тулгуурлан маш сайн судалсан байдаг. Ф.Кливез, Денис Твитчетт, Хок Ламчан, И.Рахвельз, Ж.Ч.Жао зэрэг эрдэмтэд Юань улсын түүхийг судлахдаа ханзаар галиглагдсан Монгол хатдын нэрийг зөв сэргээн тогтоохоод эхлээд тэдний үүрэг роль, үүх түүхийг маш чамбай судалсан.

АЛЬ ХАТНЫ ТҮҮХ ХАМГИЙН ИХ СОНИРХЛЫГ ТАНЬ ТАТАЖ БАЙВ? 

-Түүхэн цаг үед амьдарч байсан бүхий л хүмүүс давтагдашгүй. Тийм учраас би чухам ямар хэмжүүрээр тэднийг тэр энэ гэж онцолж зүрхлэх билээ. Хааны хатан болно гэдэг бол үйлийн үр, хувь тохиол. Хатны суудалд заларсан хүн бүр л цаг үеийн түүхэн хувь зохиолийнхээ эзэн юм. Тэгэхээр миний хувьд түүхэн хатдаас онцолж хэлэх боломжгүй. Зүгээр сонирхуулахад, Юань улсын Аюурбарвад хаан Солонгосын Корйө улсын түшмэл Ким Шим гэгчийн охиныг татвараа болгон авч байсан. Бас Тогоонтөмөр хаан Ки гэдэг овогтой эмэгтэйг хатнаа болгож байсан түүхтэй. Энэ хатан бол маш их алдартай. “Сэнтий түшсэн хатад” номондоо энэ Ки хатны тухай туйлын дэлгэрэнгүй судалж бичихийг хичээсэн. Тэр үед Хонгирад, Ихирэс, Баягуд аймгаас гадна Түрэг гаралтай Ханлиг болон Солонгосын Корйө улсаас хатад авч байсан.

ХАМГИЙН СҮҮЛД ЯМАР НОМ ЗОХИОЛ ДЭЭР АЖИЛЛАВ?

-Би хамгийн сүүлд 2017 оны хоёрдугаар сард “Мин улсын судар”-ын Тайзү хааны уг тэмдэглэлийг эртний хятад хэлнээс хамтран Монгол хэлнээ орчуулсан. Гуравдугаар сард “Сэнтий түшсэн хатад” хэмээх номыг гаргасан. “Сэнтий түшсэн хатад” ном бол миний долоон жилийн хөдөлмөрийн үр дүн. Долоон жил бол чамбай судалгаа хийхэд хангалттай хугацаа бас биш. Энэ номонд Хөхчин, Даги, Ки хэмээх гурван түүхэн хатдыг  төлөөлөл болгон олдож буй бүхий л эх сурвалжуудад үндэслэн бусад хатдын түүхийг хавсарган өгүүлсэн юм. Хоёрдугаарт, уг номоо зөвхөн судалгааны бүтээл бус түүхэн найруулал байдлаар уншигчдадаа хүргэхийг зорьсон. Нэг номыг бичихэд хэдэн ч жилийг зарцуулж болно. Би ном бичихдээ яардаггүй л дээ. Номоо биччихээд жил жилдээ номоо уншиж засаад, нэмэлт судалгаагаар баяжуулж, нягт нямбай ажиллахыг хичээдэг. Яагаад гэвэл, цаг хугацаа өнгөрөх тусам хүн өөрөө хөгжиж, харах өнцөг, мэдлэг чадвар нь хувиран өөрчлөгдөж байдаг тул яарах нь дэмий. Одоо ч уг номондоо нэмж засахаар, дэлгэрүүлэхээр зүйл тун их бий. Хожмоо энэ номынхоо дэлгэрүүлсэн хувилбарыг гаргах санаа байна.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Чөлөөт цагаа судалгаа хийхдээ л зарцуулдаг. Юу гэж хэлмээр юм бэ дээ. Ерөөсөө аливаа зүйлийг сонирхож, улмаар тэр нь амьдралын утга учир болж, тэр бүхэндээ “живсэн” хүний ажлын цаг, чөлөөт цаг хоёр бүрэн уусан нэгдэж, зааг ялгаа гэж огт байхгүй болдог тул чөлөөт цаг гэдэг ойлголт байхгүй. Дашрамд сонирхуулахад, хааяа шүлэг их сонирхолтой санагддаг болоод байгаа. Гэвч авьяас дутмаг учир цөөн хэдэн шүлэг зохиох гэж оролдсоны нэг нь “Сэнтий түшсэн хатад” номонд зориулж зориуд бичсэн энэ шүлэг байгаа юм.

Урьд эртний хүчирхэг буурайг тэнсэж үзвээс

Улирах цагийн эргүүлэгт цөм манан мэт замхармуй.

Зол буяныг эдэлж, зоргоороо цэнгэлдэхийг баясал хэмээвч

Зуурдын өнгөнд эрдэж, хойтохыг умартваас гаслан буюу.

Хорвоогийн мөчлөг улирч, нэгэн оны хэлхээг халахуйяа

Хагацал эмгэнэлийн нулимс түмэн дусал халшран урсмуй.

Аяа, өнө үүрд хэмээн бүү санагтун.

Алаг хорвоод гагц үхэл ялагч буюу.

ТАНЫ ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Холын ба ойрын төлөвлөгөө тодорхой. Тэр нь Юань, Мин гүрний үеийн улс төрийн түүхийн талаар насан турш судалсаар л байх нь мэдээж.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Би амьдралын зорилго, хүсэл мөрөөдлөө олохоор зорьж хичээж яваа мянга түмэн залуусын л нэг.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ таны ЗӨВЛӨГӨӨ?

-Дундаас дээш насны хүмүүс залуус ном уншихгүй байна гэхчлэн их л шүүмжлэх юм. Миний харж байгаагаар өнөө цагийн залуус бид асар их уншдаг, тэр хэрээр мэдээллийн хогонд дарагдсан мэдлэгийг олж чаддаг, номын сонголт хийж чаддаг болсон, бас Монгол Улсынхаа түүхийг ихээр сонирхдог, мэддэг. Ямар хэмжүүрээр залуусыг үүх түүхээ мэдэхгүй байна, ном уншихгүй байна гэж шүүмжилж байгааг сайн мэдэхгүй юм. Ном унших бол бүхий л номыг уншихын нэр биш, харин номын утга учир нь амьдралын утга учиртай нийцэхэд гол зорилго нь оршдог бус уу?

Би сургаал хайрлаж, зөвлөгөө өгчихөөр этгээд биш болохоор хэн бүхэн өөрийн хүсэл, зорилгынхоо эзэн байх хэрэгтэй гэж боддогоо л хэлье дээ.

Улс төрийн Товчооны гишүүн, СнЗ-ийн нэгдүгээр орлогч асан Т.Рагчаа гуайн хамт

Мин улсын Ваньли хааны авсны өмнө

Юань улсын нийслэл Шанду хотын хааны ордны туурин дээр

Гэрэл зургийг Н.Батмөнх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж