АТГ: Г.Баасанг шүүхэд өгнө

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

АТГ: Г.Баасанг шүүхэд өгнө

АТГ: Г.Баасанг шүүхэд өгнө

Авлигатай тэмцэх газраас /АТГ/ байгууллагынхаа нэр хүндийг сэргээлгэхээр шүүхэд хандахаа хэвлэлийн хурлаар дамжуулан мэдэгдлээ.  Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүүгийн зүгээс АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан нарын өнөөдөр /2018.01.09/ хийсэн мэдээлэл бүгд гүтгэлэг гэдгийг онцолсон юм. 


Авлигатай тэмцэх газрын комиссар Т.Баярхүү

Тэрбээр “Г.Баасан нарын хүмүүс манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, удаа дараа худал, ташаа илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарааж байгааг няцааж байна. АТГ хаалттай байна, дарга нь Олон нийтээс зөвлөлөөс зугтдаг гэжээ.  АТГ-ын дарга цаг тухай бүрт нь тус зөвлөлийнхөнтэй уулздаг байсан. Арванхоёрдугаар сарын 29-нд Г.Баасантай уулзсан. Тэдний ярьсан бүх зүйл бичлэг болж үлдсэн” гэв.

ОНЗ-өөс удаа дараа худал мэдээлэл тарааж буй нь АТГ-т итгэх олон нийтийн итгэлийг санаатайгаар алдагдуулах зорилготой байж магадгүйг ч Т.Баярхүү дарга хэлсэн юм. ОНЗ-ийн дарга Г.Баасангийн АТГ-ыг шүүмжилсэн бас нэг асуудал нь тус байгууллагын төсөв байсан. Энэ асуудалд АТГ-аас тайлбар хийж, сүүлийн дөрвөн жилийн төсвийн мөнгөн дүнгээ танилцууллаа.

УИХ-аас АТГ-ын үйл ажиллагаанд зориулж 2014 онд 15.4 тэрбум, 2015 онд 10.2 тэрбум, 2016 онд 8.6 тэрбум, 2017 онд 10.4 тэрбум, 2018 онд 14.8 тэрбум төгрөгийг баталж өгчээ.  2017 онд  АТГ төсвөөс ямар нэгэн урамшуулал аваагүй гэнэ. Г.Баасан  ‘МАН-ын удирдлагуудтай холбоотой 60 тэрбум төгрөгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныхоо хариуд есөн тэрбум төгрөгийн төсвөө 16 тэрбум төгрөг болгож шагнуулсан’ гэж мэдээлсэн билээ.

 Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү энэхүү мэдээллийг  зөвхөн байгууллагаа төлөөлж хийснээ хэлсэн. Харин АТГ-ын дарга Х.Энхжаргалтай холбоотой асуудлаар өөрөө мэдээлэл хийх байх гэв. Эх сурвалжийн мэдээлснээр АТГ-ын дарга Х.Энхжаргал тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болоод бусад нэр бүхий гишүүдийг нь шүүхэд өгөхөөр болжээ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж