Одоогийн зорилтоор Монголбанкны үе үеийн удирдлагууд өөрсдийнхөөрөө хандаж ирсэн

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

Одоогийн зорилтоор Монголбанкны үе үеийн удирдлагууд өөрсдийнхөөрөө хандаж ирсэн

Одоогийн зорилтоор Монголбанкны үе үеийн удирдлагууд өөрсдийнхөөрөө хандаж ирсэн

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас зарим зүйлийг тодрууллаа. 

-УИХ-аар энэ долоо хоногт Төв банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх товтой байна. Төсөлд тусгагдсан гол заалт болох зорилт, засаглал, хараат бус байдлаас ярилцлагаа эхэлье. Үнийн тогтвортой байдлыг хангах нь төв банкны үндсэн зорилт юм гэж хуулийн төсөлд тусгасан. Энэ нь дэлхий нийтийн жишигтэй харьцуулахад ямар ялгаатай вэ. Зорилтыг ингэж тодорхойлохын ач холбогдол юу вэ?

-Монголбанкны зүгээс УИХ-д өргөн барьсан Төв банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалд одоогийн энэ явж ирсэн тогтолцоог хэрхэн сайжруулах, яаж бодлогын алдаа, дутагдалгүй байлгах вэ гэдэг рүү хуулийн шинэчлэл зориод байгаа юм. Түүнээс төв банкны удирдлагууд өөрсдийн эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн зүйл огт байхгүй. Тэрчлэн хангамжаа нэмэгдүүлэх гэж байна, өөрсдийнхөө өмнө боломж нээх гэж харах нь өрөөсгөл ойлголт. Харин шийдвэр гаргалтыг олон тулгууртай, хамтын зарчмаар гаргадаг болгох, улмаар бодлого, үйл ажиллагааны зорилтоо илүү тодорхой, ойлгомжтой байлгахаар дээрх хуулийн төсөлд тусгагдсан. Хуулийн шинэчлэл бол урт хугацааг харсан. Төв банкны үндсэн зорилгыг үнийн тогтвортой байдал буюу инфляцыг үндсэн зорилтоо болгох өөрчлөлт оруулж байгаа. Өнөөдрийн Төв банкны тухай хуулийн зорилтыг харах юм бол маш тодорхой бус байж ирсэн. Ханш, инфляц гэсэн хоёрдмол утгатай. Хуулийн төслийг хэлэлцэх явцад Ажлын хэсэгт оролцсон хүмүүс Монголбанкны тухай хууль анх нэлээд бодож хийсэн гэж байгаа. Гэтэл бодож хийсэн ажлын үр дүн өнөөдөр ямар байгааг гадаад валютын нөөцөөр тодорхой харагдана. Монголбанк нэг бол ханшаа эсвэл инфляцыг барих гэж ирсэн. Уг зорилгод үе үеийн удирдлагууд өөрсдийн өнцгөөр ач холбогдол өгдөг байсан. Үүнийг эдийн засгийн шинжлэх ухаанд цаг хугацааны нийцгүй байдал гэж үздэг. Одоогийн энэ өргөн барьсан төслөөр бол үнийн тогтвортой байдал, инфляцыг гол зорилтоо болгох юм. Азийн барууд, манайхтай адил хөгжиж буй эдийн засагтай орнууд инфляцыг үндсэн зорилтоо болгосон. Ханш инфляциас давсан нөлөөтэй биш. Хуулийн шинэчлэлийн үр дүнд бодлогын зорилт маш тодорхой болно. Зорилт тодорхой болсноор бодлого савлахгүй. Ингэснээр мөнгөний бодлого тогтвортой болж эхэлнэ.

-Төв банкны мөнгөний бодлогын зорилт хоёрдмол утгатай гэсэн шүүмжлэл байнга гардаг. Энэ нь эргээд хариуцлага нэхэх үүдийг хаачихдаг сул талтай. Энэ байдал одоо өөрчлөгдөх нь гэж ойлголоо? 

-Тийм ээ. Энэ талаар тодорхой судалгаанууд хийгдсэн байна. Засаглал, институци нь муу хөгжсөн ийм орчинд төв банкны зорилт хоёрдмол утгатай байх нь төв банкны хараат бус байдалд харшилдаг. Цаг хугацааны нийцгүй байдлаас болж удирдлага солигдох бүрт өөрсдийн хандлагаар хандах, бодлого нь гуйвах тохиолдол гардаг. Үүнийг сэргийлэх үүднээс дээрх зорилтыг илүү тодорхой болгосон юм. Манай дотоодын судалгаа байна, СЭЗИС-иас нэгэн судалгаа хийсэн. Үүнд, ханшид ач холбогдол өгөх нь нийгэмд хожоотой юу эсвэл инфляцид ач холбогдол өгөх нь хожоотой байна уу. Энэ асуултад инфляцид ач холбогдол өгөх нь эдийн засгийн тогтвортой байдал, өсөлт, орлого нэмэгдэх, ажилгүйдэл бага байх хэмжүүрээр авч үзвэл илүү үр дүнтэй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үнийн тогтвортой байдал гэж шууд зааж өгсөнөөр инфляцийг нам түвшинд барина, цаашлаад үнэ өсөхгүй байна гэдэг нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлөхгүй, орлого багатай иргэдийг үнийн дарамтанд оруулахгүй байх, ядуурал нэмэгдэхгүй байх зэрэг олон зорилгыг агуулсан гэж ойлгож болно. 

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж