31 мянган хэлмэгдэгсдийг цагаатгажээ

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

31 мянган хэлмэгдэгсдийг цагаатгажээ

31 мянган хэлмэгдэгсдийг цагаатгажээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2018.01.09/ боллоо. Хамтарсан хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Я.Санжмятав, Д.Сарангэрэл нараас өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.


УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-400 гаруй хүн энэ хуулийн төсөлд хамрагдана. Хууль батлагдсаны дараа хуулийн хэрэгжилтэд анхаарч, хүмүүсийг орхигдуулахгүй байх хэрэгтэй. Орчин үед хууль, хяналтын байгууллага мафийн хэлбэрт шилжиж хэлмэгдүүлэлт явуулж байна. Үүнд Тагнуулын байгууллага онцгой анхаарч ажиллаарай. Улс төрийн хэлмэгдүүлэлт бол маш аюултай. Хэлмэгдсэн иргэдийн ач, гучид энэ хуулийн төсөл хамаарахгүй. 1920, 1930 онд олон төрийн хар хүмүүс ОХУ-д цаазлагдсан. Тэр хүмүүсийн оршуулга, шарилыг Монголд авчирч хүндэтгэлтэй оршуулах ёстой. Өнөөдөр ч тэр хүмүүс хүний ёсоор оршуулагдаагүй байгаа энэ ажлыг эрчимтэй зохион байгуулах шаардлагатай байна. Цагаатгагдаагүй байгаа 10 гаруй хүн байдаг гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албаны дарга Д.Ууганбаатар:

-ТЕГ-ын албан бус  мэдээллээ хэлмэгдсэн гэх 36 мянга байгаа. Үүнээс 31220 хүнийг цагаатгасан. Тэгэхээр цаана нь 5000 орчим цагаатгагдаагүй иргэн байна. Энэ хүмүүсийн тухайн үеийн хэрэг материал нь олдохгүй, зарим нь хуулийн зүйлчлэлтэй холбоотойгоор цагаатгагдаагүй  байдаг. Нөхөн олговор авсан 12 мянга орчим иргэн байдаг. Мөн ОХУ-д цаазлагдсан хүмүүсийг хоёр улсын төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлалын хүрээнд яригдаж байсан. Одоогоор ОХУ-д байгаа Элчин сайдын яамаар дамжуулан дурсгалын хөшөө босгосон. Энд ирж, оршуулга хийх ажиллагаа албан ёсоор хийгдсэн зүйл байхгүй.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

-Хийж хэрэгжүүлэх олон ажил бий. Эдийн засгийн бололцоо, хүндрэл гэж шалтаглан хэлмэгдэлтийн асуудалд сүүлийн жилүүдэд анхаарал тавьж чадаагүй. Одоо бид ОХУ-ын архивт байгаа мэдээлэл, материалуудын талаар авах хүсэлтээ хүргүүлсэн. Тодорхой судлаачдыг оролцуулан архивыг Монголд хуулбарлан авах ажлыг 2018 онд багтаан хийхээр төлөвлөсөн. Цаашид хийхээр төлөвлөсөн олон ажил бий, түүнийг хийхийн тулд ажиллана.

Үүний дараа санал хурааж, байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийхээр боллоо.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж