Засгийг огцруулсан дордохын 7 юу болов

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

Засгийг огцруулсан дордохын 7 юу болов

Засгийг огцруулсан дордохын 7 юу болов

Ж.Эрдэнэбатын танхимыг огцруулах үндэслэл нь болсон долоон концессыг төрд худалдан авах эсэхээ У.Хүрэлсүхийн танхим 2020 он хүртэл хойшлуулжээ. Ингэснээр экс сайд нартай нэр холбогдсон концессын төслүүдийг төрд худалдан авах эсэхийг мэргэжлийн байгууллагууд шалгалт хийж, үнэ өртөг, чанарыг нь баталгаажуулсны дараа шийдэхээр болсон байна. Энэ нь концесс нэрийн дор төсөвт өртгийг хэд дахин нэмэгдүүлсэн төслийг төрд шахаж, улсын төсөвт хохирол учруулдаг гэх хардлагыг мухарлахын тулд гаргасан шийдэл аж.

Үндэсний хөгжлийн хорооноос гаргасан тооцоогоор дээрх концессын төслүүдийн нийт өртөг 800 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Концесс бол төрийн захиалгаар хувийн компани нь өөрийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж, гэрээнд заасны дагуу гаргасан зардлаа буцаан авахыг хэлдэг бизнесийн харилцаа юм.

Улс орнууд концессын гэрээгээр дамжуулж нэн хэрэгцээтэй гэж үзсэн, бүтээн байгуулалтын ажлаа хувийн хэвшлээр гүйцэтгүүлсний дараа төрд худалдан авдаг. Энэ жишгээр Ж.Эрдэнэбатын танхим барих, шилжүүлэх нөхцөлтэйгээр долоон төслийг төрд худалдан авах шийдвэр гаргасан байдаг. Концессын анхны өртгийг нь бууруулан, эргэн төлөх хугацааг нь 2020 он болгож, өөрчлөлт оруулсан ч экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаярын МАК, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогтын “Алтай трейст” зэрэг компанитай холбогдох концессын төслүүд жагсаалтад багтсан нь Засгийн газрынх нь огцрох нэг үндэслэл болсон юм.

засгийн газрыг огцруулсан концессын төслүүд юу байв?

Нэг: Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны дөрөвдүгээр сарын 18-нд 213 дугаар тогтоол гаргаж, Завхан аймгийн Сонгино сумаас-Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай авто зам төсөлд концессын гэрээ байгуулах эрх олгожээ. Энэ ажил Ж.Эрдэнэбатын танхимд шилжиж ирсэн байна. Тухайн үед ажил нь 70 хувийн гүйцэтгэлтэй байсан учир эргэн төлөх хугацааг 2018 он байсныг 2020 он болгон гэрээг өөрчилжээ. Төслийн өртөг 211, 7 тэрбум төгрөг юм. Гүйцэтгэгчээр нь “Хос мөнгөн залаа” компани ажиллахаар болж, гэрээг байгуулсан ч ард нь тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн байгаа гэх хардлагыг дагуулжээ.

Хоёр: Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны дөрөвдүгээр сарын 25-нд Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын Шар тээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто зам төсөлд концессын гэрээ байгуулах эрх олгожээ. Төслийн нийт өртөг анх 39 сая ам доллартай тэнцэж байсан аж.

Харин Ж.Эрдэнэбатын танхим төслийн өртгийг 35,9 сая ам доллартай тэнцэх төгрөг болгон бууруулж, эргэн төлөлтийг 2020 болгож хойшлуулжээ. Гэвч нэмэр болсонгүй.

Гурав: Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 31-ний 296 дугаар тогтоолоор Дархан-Эрдэнэтийн авто замаас Сэлэнгэ аймгийн Сант сум, Орхон сум чиглэлийн 33.4 км авто зам төслийг концессын гэрээ байгуулах шийдвэр гарсан байна. Эл төслийг Мэргэжлийн Засгийн газар төрд 2020 онд худалдан авах шийдвэр гаргасан ч бүлгийн гишүүд нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэж үзжээ. Учир нь Сант, Орхон сумд нь тойрогт нь хамаардаг нь хардах бас нэгэн үндэслэл болсон байна.

Концессын нийт өртөг 26.6 тэрбум төгрөг аж.  

Дөрөв: С.Батболдын Засгийн газрын үед буюу 2010 оны долдугаар сарын 21-нд Дорноговь аймгийн Чойр-Цагаан суваргын чиглэлд 220 кВ-ын хоёр хэлхээ шугам барих шийдвэр гаргаж, концесс олгох уралдаант шалгаруулалт зарлажээ. Гэвч гурван жилийн хугацаанд нэг ч компани санал ирүүлээгүй байна. Иймээс тус концессын төсөл Н.Алтанхуягийн Засгийн газарт шилжиж ирж, 2013 онд шугамын чиглэлийг Оюутолгой-Цагаан суварга болгон өөрчилсөн байна.

Харин 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Оюутолгой-Цагаан суваргын чиглэлд эрчим хүч татах ажлыг концессын шууд гэрээгээр хийх шийдвэр гаргаж, МАК компанид санал хүргүүлснээр эл төсөл хэрэгжих боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр томилогдохоос өмнө дээрх шийдвэрүүд гарсан ч, концессын төслийг төрд худалдан авах шийдвэрийг Ж.Эрдэнэбатын танхим гаргасан нь даарин дээр давс үрсэн хэрэг болжээ.

Төслийн өртөг 78.7 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.  

Тав: Засгийн газар 2013 оны есдүгээр сард 317 дугаар тогтоол баталж, Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр болжээ.

Уралдаанд шалгаруулалтад “Алтай трест” компани шалгарч, концессын гэрээгээр ажил гүйцэтгэхээр болж, талууд гэрээгээ баталгаажуулсан байна. Төслийн нийт өртөг 77 тэрбум төгрөг юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газрын үед шийдвэр гарч, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Алтай трест”-ийг худалдсан байсан ч мөн л МАН-ын 33-ын “бүлэг” Засгийн газар ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэж үзсэн юм.

Зургаа: Улаанбаатар хот дахь төрөх эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсон тул Н.Алтанхуягийн танхим шинэ төрөх эмнэлгийг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр 2013 оны есдүгээр сард шийдвэр гаргажээ. Харин уралдаант шалгаруулалт нь 2016 оны тавдугаар сард зарлагдаж, шалгарсан компанитай нь Ж.Эрдэнэбатын танхим 2017 оны дөрөвдүгээр сард гэрээ байгуулсан байна. Төслийн нийт өртөг анх 19 тэрбум төгрөг болж байсан. Гэвч 25 тэрбум төгрөг болж өөрчлөгдсөн нь дэд бүтцийг шийдэх шаардлагатай болсонтой холбоотой.

Харин УИХ дахь 33-ын “бүлгээс” Ардчилсан намынхны “шахааг” төрд өндөр үнээр худалдан авах шийдвэрийг Ж.Эрдэнэбатын танхим гаргасан нь алдаа гэж үзсэн юм.

Долоо: Ж.Эрдэнэбатын Засгийн газрын дангаараа шийдвэрээ гаргасан төсөл бол “Засагт чандмань майнз” компанитай холбогдож буй юм.

Энэ нь Дорноговь аймгийн Сайншанд, Дэлгэрэх сумдыг холбосон хатуу хучилттай авто замын төсөл. Тус компани Засгийн газарт хандан Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумдыг холбосон хатуу хучилттай авто замыг концессоор хэрэгжүүлэх санал тавьжээ. Ингэхдээ 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж улсад хүлээлгэн өгөх, улсын төсвөөс эргэн төлөлт авахгүйгээр 2020-2026 онд компанийн үйл ажиллагааны ашгаас улсад төлөх татварын тодорхой хувийг суутгах замаар барагдуулах гэрээг байгуулсан ч мөн л буруу шийдвэр гэж үзсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж