Б.Энхбат: Бид шантааж хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

Б.Энхбат: Бид шантааж хийнэ

Б.Энхбат: Бид шантааж хийнэ

“Хөх Монгол” бүлгэмээс өнөөдөр /2017.01.09/ хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү хуралаар Монгол Улсын хуулийн байгууллагад ажиллаж байгаа, хуулийн цоорхой ашиглан гадаадын иргэдэд үйлчилж, төрийн өмчийг луйвардан авдаг хуульчид болон газрын лицензтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм.

Тэд ‘Газрын хэвлий дэх болон түүний дээрх баялаг Монголын ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн хуулийн зарчмыг баримталж ирсэн. Цаашид ч энэ зарчмаараа ажиллах болно. Өнөөдөр хуульч, өмгөөлөгчид гадаадын мөнгөтэй луйварчдын гарт үйлчилж байна. Хэдийгээр шударга хуульчид байдаг ч гэсэн гадаадын гар хөл болсон хуульч, өмгөөлөгч нартай хатуу тэмцэнэ. Өмгөөллийн байгууллагыг нэр даруй шинчлэхгүй бол болохгүй болсон байна. Өмгөөлөгч, хуульч нэртэй луйварчидтай хуулийн дагуу тэмцэнэ. Энэ тэмцэл хуулийн дагуу болсон ч дийлдэхгүй юм бол хууль бус тэмцэнэ’ гэдгээ хэлж байна.

‘Оюутолгойн гэрээн дээр манай бүлгэм байр сууриа илэрхийлж байсан. Монгол ард түмний нэр дээр байх ёстой бүх стратеги орд газруудын төлөө цуцалтгүй тэмцэх болно’ гэсэн юм. 

Энэ үеэр “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Хон Хэрэйдийн Б.Энхбатаас цөөн асуултад хариу авсан юм.

-“Хөх Монгол” бүлгэм залуучууд бэлтгээд эхэлсэн гэнэ. Ямар зорилготойгоор залуусыг юун бэлтгэж байгаа юм бэ?

-Би энэ байгууллагыг үүсгэн байгуулсан хүний нэг. Намайг эзгүй байсан 10 гаруй жилийн хугацаанд манай залуус багагүй алдаа гаргасныг би өмнөх хурал дээр хэлж байна. Одоо бидэнд өмнөх алдааг давтах эрх байхгүй. Бид газар нутгаа буцааж авах гэж л шантааж хийнэ. Түүнээс биш хэдэн доллар авах гэж хийхгүй. Тэдэнд хууль үйлчлэхгүй юм бол бидэнд ч бас хууль үйлчлэхгүй.

-Та хэзээ шоронгоос гарсан бэ?

-Би гараад хоёр сар болж байна. Хүн хэрэг хийж чадсан бол хариуцлагаа хүлээж чадах ёстой. Надад цаазын ял өгч байсан. Би тухайн үед амь гуйгаагүй. Би төр байдаг гэдэгт итгэдэг. Төр намайг шийтгэсэн, төр намайг сулласан. Би ганцхан юманд баярлаж байдаг юм. Би цаазын ялын өрөөнд сууж байхдаа нэгэн захидал бичсэн. Энэ бол Дорнод аймгийн Булган суманд байрлах Тугийн сүмийг сэргээгээч гэж төрийн тэргүүнд захидал бичиж байсан. Энд Чингис хааны хар сүлдийг тахиж байсан юм. Тиймээс энэ хийдийг сэргээгээч гэж олон удаа хэлж байна. Тугийн сүм дээр тангараг өргөх юм бол төрдөө тангараг өргөнө гэсэн үг.

-Тан бүлгэм үндэсний үзлийн талаар сургалт явуулж байгаа гэлээ. Ямар үзэл юм бэ. Үндэсний үзэл гэж гадаадынхныг үзэн ядах үзэл үү?

-Бид эхний ээлжинд гишүүддээ сургалтаа явуулж байгаа. Энэ бүлгэмд гишүүн болж байгаа залуус эхлээд үндэсний үзэл юу гэдгийг мэдэх ёстой. Бид өөрсдийнхөө түүх соёлын юугаар нь бахархах ёстой юм бэ? Монголчууд нэр төрөө яаж эрхэмлэдэг байсан бэ?, монголчуудын ёс заншил, хууль эрхзүйн акт гээд сэдвээр сургалт яваад эхэлсэн. Мөн газар шорооны тухай өвөг дээдэс хэрхэн тэмцэж байсан талаарх сургалт ч явагдаж байгаа. Биднийг гудамжны гэж нэр томъёолол өгөөд байдаг юм. Энэ бүлгэмд байгаа залууст олон эрдэмтэн ирж, хичээл зааж, бурууг нь засч өгдөг. Бид буруу зүйлээ засахын төлөө явна. Одоогоор 100 гаруй залууст сургалт явуулж байгаа. Цаашид бүх хүмүүст энэхүү сургалтыг явуулна. Хүн үндэсрэг үзлийг дамжаад үндэсний үзэлтэн болдог. Үндэсний үзэл ард түмний хөгжил, цэцэглэлт явагддаг.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж