
Өмнө нь иймэрхүү яриа гардаг тухай дуулж байсан ч яг чихээрээ сонсч байгаагүй болохоор тун сонин санагдсан юм. Зөвхөн ганц тэр бүсгүйд ч бус бүх эмэгтэйчүүд, бүх өвчтөнд эхний ээлжинд сайн эмчээс илүү эмнэлэгт танилтай хүн хайх нь хамгийн чухал гэдгийг дээрх яриа нотолж буй. Хэрвээ хөөрхий тэр бүсгүй танилгүй бол эмнэлэгт хэвтэх хугацаа нь хойшилж, шинэ хүнээ мэндлэхтэй зэрэгцэж эмнэлгийн тусламж авна гэсэн үг. Бодит үнэн ийм л байна. Тэгэхээр эмчийн зөвлөгөөг уншигч танд аминчлан дуулгаж буй минь энэ. Өвдөөд, шаналаад ирвэл эмч хайж цаг алдаж байхаар таньдаг хүнээ таньдаг эмч рүү нь утсаар яриулж, эмч нарын арга аашийг аргадчихаад дараа нь эмнэлгийн хаалгыг татаарай. Тэгэхгүй бол ч хэцүүхэн л зүйлтэй нүүр тулгардаг гэх юм билээ.
Ямар сайндаа л бас нэг танил маань удахгүй төрөх эхнэрээ төрүүлэх бэлтгэлийнхээ нэг хэсгийг “Багийн найзаа олох” хэмээн тодотгосон байсан. Шалтгаан нь удаан уулзаагүй багийн найз нь эрх баригч эмч болохоор Улаанбаатар хотын аль ч эмнэлэгт эхнэрийг нь төрөх бэлтгэлийг хангаж чадах юм байх. Эмч нар гэдэг ингэж л эмнэлгийн тусламж хүссэн хүнийг удаан уулзаагүй танилтай нь уулзуулж, сураг алдарсан хамаатнаа эрж олох нэг гол сэжүүр нь болох болжээ. “Эхний ээлжинд эмч хэрэггүй. Танил хэрэгтэй” гэдэг л энэ болой.
"Улс төрийн тойм" сонин
