Ирэх сард БНСУ-ын Пёнчан хотод болох өвлийн олимпын наадамд БНАСАУ тамирчид оролцоно хэмээн Сөүл мэдэгджээ.
Хоёр Солонгосын засгийн газрын төлөөлөгчид өнөөдөр дээд хэмжээний уулзалт эхлүүлсэн юм. Уулзалтаар талуудын хэлэлцэх гол асуудал нь Хойд Солонгосын тамирчдыг олимпын наадамд оролцуулах тухай байсан билээ. Уулзалтад оролцсон хоёр орны засгийн газрын төлөөлөгчдийн дунд тамирчид, дэмжигчид байсан ажээ.
Уулзалтын үеэр БНСУ-ын тал дайны үеэр хагацаж салсан гэр бүлийн гишүүдийг Пёнчаны олимпын наадмын үеэр уулзуулах хүсэлт гаргасан байна. Хоёр орны иргэдийн хамгийн эмзэг сэдэв болсон энэ асуудлаар хоёр тал тохиролцоонд хүрч, дайны үед хоёр талд гарсан ах дүү, амраг садангуудыг олимпын наадмын дундуур, Цагаан сарын баярын үеэр уулзуулахаар болжээ.
Олимпын наадмын нээлтийн ёслолд хоёр Солонгосын тамирчдыг хамт алхахыг Сөүл мөн уриалсан ажээ. Гэвч БНАСАУ-ын тал үүнд ямар хариу өгсөн нь одоогоор тодорхойгүй байна.
Одоогоос арав гаруй жилийн өмнө 2006 оны өвлийн наадамд оролцохдоо БНСУ, БНАСАУ-ын тамирчид нэг далбаан дор алхсан юм.
Эх сурвалж: BBC