Орон нутагт шатахууны хомсдолтой байна

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Орон нутагт шатахууны хомсдолтой байна

ИМПОРТЛОГЧИД ХОЙРГО ХАНДАВ УУ

Нийслэлчүүдийг энэ зуны турш сандраасан нефтийн бүтээгдэхүүний хомсдол АИ-92 шатахууны үнийн өсөлтөөр иргэдийг бухимдуулж эхлээд удаагүй байна. Одоогоор АИ-92 шатахууны нийлүүлэлтийг хэвийн байгаа гэж албаныхан хэлэхгүй байгаа юм. Мөн орон нутгууд руу тээвэрлэх шатахууныхаа хэмжээг импортлогчид аажмаар багасгаж байгаа гэх мэдээлэл байна. Шалтгаан нь нийслэлд шатахууны хомсдолоос үүдэн худалдан авалт сайжирсан тул орон нутгууд руу, тэр дундаа тээврийн зардал өндөр гарч болзошгүй газрууд руу шатахуун нийлүүлэх ажилд импортлогчид хойрго хандаж байгаа гэнэ.

Одоо мэдэгдэж буйгаар Архан­гай, Говь-Алтай, Сэлэнгэ аймгуудад шатахуун түгээх газрууд нь  нэг удаадаа 20 литрээс илүү шатахуунүед өгөх боломжгүй байгаа гэнэ. Тухайл­бал, Сэлэнгэ аймгийн хувьд су­мууддаа шатахууныг багийн даргын тодорхойлолтойгоор олгож байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга Ж.Энхмаа “Тариалалттай холбоотойгоор зарим зохион байгуу­лал­тын ажлыг хийсэн байх. Түү­нээс биш өнгөрсөн зургаадугаар сараас хойш багийн даргын тодорхойлолтоор шатахуун түгээсэн юм байхгүй” хэмээсэн юм. Мөн тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Санжжав “Наадмын үеэр л хэсэг хугацаанд хязгаарлалт хийж байсан. Одоо суманд ямар байгааг мэдэхгүй байна. Ер нь шатахуун түгээх газрууд төрийн өмчийн компаниуд биш тул ямар горимоор ажиллаж байгаагаа тэр бүр бидэнд мэдээлдэггүй. Манай аймаг газар тариалангийн бүс нутаг болохоор шатахуун тэр тусмаа дизель түлш багагүй хэрэглэдэг. Тэгэхээр хэрэглээнээс шалтгаалж зохицуулалт хийснийг нь олон нийт тэгж ойлгоод байгаа болов уу” хэмээн тайлбарлав.

ОРОН НУТГИЙН ТЭЭВРИЙН ТАСАЛБАРЫН ОЛДОЦ МУУДАЖ, ҮНЭ НЬ НЭМЭГДЭВ

Мөн Архангай аймгийн “Экозоо” компанийн  ажилтнуудын  мэдээлс­нээр тус аймгийн хэмжээнд шатахуун хомсдолтой байгаа аж. Мөн Завхан, Архангай чиглэлийн орон нутгийн зорчигч тээврийн компаниуд тасалбарын үнээ 3-5 мянган төгрөгөөр нэмж эхэлжээ. Хот хоорондын зор­чигч тээврийн хувьд наадмын өмнө тасалбарын үнээ нэмжээ.

Тухайлбал Архангай аймаг руу  том хүн 14000-22000,  хүүхэд 9000-14400,  Ховд аймаг руу  том хүн 54500-67000, хүүхэд 28200-40200 гэх мэт байсан бол энэ үнэ дахин өсөж байна. Мөн хөдөө орон нутгаас нийслэлийг зорих иргэд хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор нэмэгд­сэн гэдгийг орон нутгийн мэргэ­жилтнүүд тайлбарлаж байна. Мөн Архангай аймгийн Гадаад харил­цааны мэргэжилтэн “Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн аймгийн төвийн хангамж сайжирсан сумдын хувьд бага зэрэг хомсдолтой байгаа” хэмээж байв. Шатахууны хомдлоос үнийн өсөлт, шагийн тухай ч асуудал дахин сөхөгдөж байгаа гэнэ. Мэдээж зөвхөн энэ хоёр аймаг бус Говь-Алтай, Орхон аймагт шатахууны нийлүүлэт жигдрээгүй байгаа гэх мэдээлэл байна. 

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж