
Одоо мэдэгдэж буйгаар Архангай, Говь-Алтай, Сэлэнгэ аймгуудад шатахуун түгээх газрууд нь нэг удаадаа 20 литрээс илүү шатахуунүед өгөх боломжгүй байгаа гэнэ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн хувьд сумууддаа шатахууныг багийн даргын тодорхойлолтойгоор олгож байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга Ж.Энхмаа “Тариалалттай холбоотойгоор зарим зохион байгуулалтын ажлыг хийсэн байх. Түүнээс биш өнгөрсөн зургаадугаар сараас хойш багийн даргын тодорхойлолтоор шатахуун түгээсэн юм байхгүй” хэмээсэн юм. Мөн тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Санжжав “Наадмын үеэр л хэсэг хугацаанд хязгаарлалт хийж байсан. Одоо суманд ямар байгааг мэдэхгүй байна. Ер нь шатахуун түгээх газрууд төрийн өмчийн компаниуд биш тул ямар горимоор ажиллаж байгаагаа тэр бүр бидэнд мэдээлдэггүй. Манай аймаг газар тариалангийн бүс нутаг болохоор шатахуун тэр тусмаа дизель түлш багагүй хэрэглэдэг. Тэгэхээр хэрэглээнээс шалтгаалж зохицуулалт хийснийг нь олон нийт тэгж ойлгоод байгаа болов уу” хэмээн тайлбарлав.
Мөн Архангай аймгийн “Экозоо” компанийн ажилтнуудын мэдээлснээр тус аймгийн хэмжээнд шатахуун хомсдолтой байгаа аж. Мөн Завхан, Архангай чиглэлийн орон нутгийн зорчигч тээврийн компаниуд тасалбарын үнээ 3-5 мянган төгрөгөөр нэмж эхэлжээ. Хот хоорондын зорчигч тээврийн хувьд наадмын өмнө тасалбарын үнээ нэмжээ.
Тухайлбал Архангай аймаг руу том хүн 14000-22000, хүүхэд 9000-14400, Ховд аймаг руу том хүн 54500-67000, хүүхэд 28200-40200 гэх мэт байсан бол энэ үнэ дахин өсөж байна. Мөн хөдөө орон нутгаас нийслэлийг зорих иргэд хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор нэмэгдсэн гэдгийг орон нутгийн мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Мөн Архангай аймгийн Гадаад харилцааны мэргэжилтэн “Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн аймгийн төвийн хангамж сайжирсан сумдын хувьд бага зэрэг хомсдолтой байгаа” хэмээж байв. Шатахууны хомдлоос үнийн өсөлт, шагийн тухай ч асуудал дахин сөхөгдөж байгаа гэнэ. Мэдээж зөвхөн энэ хоёр аймаг бус Говь-Алтай, Орхон аймагт шатахууны нийлүүлэт жигдрээгүй байгаа гэх мэдээлэл байна.
"Улс төрийн тойм" сонин
