Г.Баасан: Би баримт хэлэх шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

Г.Баасан: Би баримт хэлэх шаардлагагүй

Г.Баасан: Би баримт хэлэх шаардлагагүй

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн зөвлөлөөс өнөөдөр /2018.01.09/ сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр олон нийтийн зөвлөлийн гишүүд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг огцруулах саналтай байгаагаа мэдээлэв.

Тухайлбал, олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Х.Энхжаргал дарга нь олон нийтийн зөвлөлийн  хууль ёсны хяналтыг эрс эсэргүүцсэн.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар нийт иргэдийн дуу хоолой болох гэж хууль ёсоор томилогдсон олон нийтийн зөвлөлийн гишүүд АТГ-ийн үүдээр орохдоо үнэмлэх үзүүлж ордог.  АТГ-ын дарга олон нийтийг даргалж чадахгүй байна.
Х.Энхжаргал дарга олон нийтийн дэд зөвлөл байгуулсан. АТГ-ын даргыг УИХ-ын тогтоолоор томилдог. УИХ хууль баталдаг газар юм. Хуулийг хэрэгжүүлдэг газрын даргыг яагаад УИХ томилж байгаа юм бэ’ гэв.

Ингээд Г.Баасангаас цөөн асуултад хариулт авсан юм?

-Та яагаад ингэж дүгнэж байна вэ. Цаанаа ямар нэгэн улс төрийн зорилготой юм шиг харагдаад байна?

-УИХ дотор хүчин, оффшор, 60 тэрбумын хэрэгтнүүд  та нар миний баталсан хуулийн дор амьдарцгаа гээд сууж байна. Бид нүдтэй амтай, тархитай мөртлөө доромжлуулаад сууж байна. Авлигын эсрэг хуульд АТГ нь Олон нийтийн дэд зөвлөл байгуулах зохицуулалт байхгүй. Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг авлигатай тэмцэх газар  дангаараа хэрэгжүүлэх чадваргүй, олны итгэлийн алдсан. АТГ-ын дарга Х.Энхжаргал нь ажлын цаг хийдүүлдэг.

Эдгээр үйлдлээс харахад Х.Энхжаргал дарга АТГ-ыг удирдах ёс зүйгүй байна. Олны анхааралд байгаа бухимдал үүсгэсэн 60 тэрбумын хэрэг, оффшорын асуудал, утааны асуудал зэрэг хэргийг шийдвэрлэхэд АТГ-ын дарга Х.Энхжаргал саад болж байгааг үгүйсгэхгүй’ гэв.

-Ямар үндэслэлээр Х.Энхжаргал даргыг АТГ-ыг удирдах ёс зүйгүй гэж үзэж байгаа вэ. Үүнийгээ баримттайгаар тайлбарлаж болох уу?

-Би баримт хэлэх шаардлагагүй. Би насаараа тэмцсэн. Г.Баасан хэзээ ч захиалгаар явж байгаагүй.  Би тэтгэврийн насны хүн надад цалин байхгүй, орон тооны бус хүн. Тиймээс надад ард түмний хувь заяагаар тоглох тийм ёс зүй надад байхгүй. Баасанг хардахаа зогсоо. Та нар мэдэж байгаа. Би мөрдөн байцаагч хүн биш. Би энэ үгийг хэлэх эрхтэй.

Олон нийтийн зөвлөлийн гишүүн И.Мөнхжаргал “Х.Энхжаргал даргыг ажиллаа өгөхийг л хүсэж байна. Олон нийтийн дэд зөвлөл байгуулаад авлигыг бууруулна гэсэн зүйл байхгүй. АТГ байгуулагдаад 10 жил хөрөнгө орлогын мэдээлэл авсан юм. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч анализ хийгээгүй. Хоёрдугаарт АТГ дэндүү хаалттай байгаа. Илүү нээлттэй байх хэрэгтэй байна. Бид даргын өрөөнд орох гэж хоёр сар боллоо. АТГ нь алдарт 60 тэрбумын хэргийг шалгахгүй байгаа. Гол оролцогч М.Энхболд, Ц.Сандуй нар хэргээ  хүлээн зөвшөөрчихсөн. М.Энболд дарга нэг ярилцлагын үеэр хэлэхдээ ажилд томилогдсон хүний 50 хувь нь шахааных шүү гэж хэлсэн. Энэ өөрөө юуг харуулж байна вэ’ гэсэн тайлбар өгсөн юм.

Харин Олон нийтийн зөвлөлийн гишүүн Р.Саруул “АТГ-ын даргын арга барилыг шүүмжилмээр байна. Авлига байгаа шинжүүд АТГ-д маш их илэрдэг. Жишээлбэл, Олон нийтийн зөвлөл Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан. Гэтэл Х.Энхжаргал дарга өдийг хүртэл уулзсангүй. Өрөөг нь бид нар тоноод ухаад шалгаад байгаа юм байхгүй. Засгийн газар бүрдэхэд шинэ сайд нарын хөрөнгө орлогын мэдүүлэг бүгд зөрчилтэй байсан. Бид нар өөрсдөө авлигын золиос болж байна. Та нарын халааснаас мөнгө сугарч л байгаа шүү дээ. Бидний зүгээс Х.Энхжаргал даргын ажлын арга барилд шүүмжлэлтэй хандаж байна” гэж мэдээллээ.

Э.Ариун 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж