Гадаад паспортоо авах гэж гадаа хөлдөж үхлээ гэв

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

Гадаад паспортоо авах гэж гадаа хөлдөж үхлээ гэв

Гадаад паспортоо авах гэж гадаа хөлдөж үхлээ гэв

“Битгий  урдуур дайраад бай. Би чамаас эрт ирсэн” хэмээн цухалдах, бухимдах хүмүүс.  Хар өглөөгүүр бөөн хэрүүл уруул болсон тэд шинэ гадаад паспорт авахаар ийнхүү урт дараалал үүсгэжээ.  Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын ачаалал шинэ оны дараагаас эрс ихэссэн байна. Учир нь Засгийн газар 2017 онд тогтоол гаргаж,  гадаад паспортын сунгалтыг зогсоохоор болсон нь хөхөө өвлийн хүйтэнд өглөөний үүрийн харанхуйгаар ирж ОӨУБГ-ын өмнө дугаарласан хүмүүс хөл гараа даруулан байж дараалал үүсгэн зогсч буй нь энэ юм.

Дотор ороод дахиад л оочирлоно. Энэ удаад өөрийн регистрийн дугаарыг бичсэн цаасыг авах гэж бас багагүй цаг болж байв.  Эцэст нь  дугаараа аваад, паспорт хүлээн авах А,Б заалд бас хүлээнэ.

улсын бүртгэлийн ерөнхий газрын дотор уур амьсгал хэр байна вэ ?

Энд хүн зөрөх зай үнэхээр алга. Хаашаа ч харсан бөөн хүн. Яг л картын барааны үеийг санагдуулна Зургаан настай жаалаас, жаран настай буурай хүртэл гадаад паспортоо шинээр авахаар дугаарлажээ. Сандал олдохгүй хэдэн хөгшчүүл газар явган сууж байгаа ч харагдав.

Гадаа хар хүйтэнд  хоёр цаг гаруй оочирлож байгаад  орж ирлээ

Иргэн Б.Батболд “Би өглөө 7:20 болж байхад ирсэн. Тэр үед  миний өмнө 30 гаруй хүмүүс байсан. Гадаад паспортаа яаралтай ангиллаар захиалах гэж нааш ирсэн. Хар хүйтэнд  хоёр цаг гаруй дугаарлаж байгаад  орж ирлээ. Намайг өчигдөр ирэхэд аймаар их хүнтэй байсан. Тэгэхээр нь  маргааш ирье гэж бодоод иртэл өчигдрөөс ялгараад байх зүйл алга” гэв.
 
Хүмүүс өөрсдөдөө л ачаалал  нэмээд байна

Солонгост гурван сар ажил хийхийн тулд гадаад паспортоо шинээр захиалахаар ирсэн Э.Лхагвадорж “Гурван цаг гадаа оочирлож байж орж ирлээ. Би гадаад паспортаа яаралтай ангиллаар захиалах гэж ирсэн. Уг нь энгийн гадаад  паспорт захиалах гэж байгаа бол нэгдсэн төвүүдэд захиалах боломжтой юм байна. Гэвч  хүмүүс  энгийн, яаралтай хамаагүй л ирсэн байх шиг. Хүмүүс  өөрсдөдөө л ачаалал нэмээд байх юм” гэж байлаа.

Уурлаж бухимдасан хүмүүс “Уг нь  хуучин   гадаад паспортаа сунгуулаад явж байвал амар.  Шинэ нь юугаараа давуу  талтай юм бүү мэд” гэх нь сонсогдов. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандартыг хангасан гадаад паспортыг олгох бөгөөд олон улсын жишигт гадаад паспортыг сунгана гэх ойлголт байдаггүй юм байна.

Өдөрт ачааллаа нэмээд 800 хүнийг авч байна

Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Дашням “Өдөрт 1300 гаруй хүн дугаарладаг. Тэднээс 600 хүнийг авах нормтой ч, ачааллаа нэмээд 800 хүнийг авч байна. Сунгалт хийхээ больсон учир өчигдрөөс манай ачаалал эрс нэмэгдсэн. Иргэддээ хэлэхэд нэгдсэн төвүүд рүү очвол оочер багатай шүү дээ. Нэгдсэн төвүүд дээр  гадаад энгийн гадаад паспортыг шинээр олгож байгаа. Харин манай дээр  яаралтайгаар  авдаг, одоо яаралтай, энгийн гэлтгүй  л авч байна” гэв.

Тэгэхээр гадаад паспортаа энгийнээр захиалах бол Драгон, Дүнжингарав, Мишээл, 6 буудлын Оргил төвүүдээр үйлчлүүлж болох гэнэ.  Тэнд оочер дугаар багатай байгааг ч ОӨУБГ-аас сануулсан бичиг хаджээ Энэ үеэр паспорт хүлээн авах А заалны үйлчилгээний ажилтан “Паспорт хүлээн авах хоёр  заалд арав гаруй ажилчид эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа ч 800 гаруй хүмүүсийн ачааллыг дийлэхгүй  байна. Нэг хүн дээр дор хаяж 8-10 минут болдог. Үйлчлүүлж байгаа зарим хүмүүс гурван хувь цээж зураг гэж байхад, хоёр хувь зураг авчирна.  Мөнгөө банкинд тушаахдаа регистрийн дугаараа  буруу хэлээд,  нааш ирэхээр баримт нь зөрнө. Үүнийг нь  хэлэхээр уурлана. Жоохон хариуцлагатай баймаар байна” гэв.

Харин гадаад паспорт шинээр захиалахад үнийн хувьд өөрчлөлт ороогүйг ОӨУБГ-ын ажилтнууд хэлж байлаа.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж