Тайландын ерөнхий сайд Прают Чан-оча сэтгүүлчдийн асуултаас бултах шилдэг арга бодож олжээ. Тэрбээр өөрийнхөө бодит хэмжээтэй зургийг зааж, асуулт байвал түүнээс асуугаарай гэж хэлсэн гэнэ.
Бангкок хотод болсон хэвлэлийн хурлын үеэр ерөнхий сайд Прают Чан-оча сэтгүүлчдэд хандан “Хэрвээ та бүхэнд улс төрийн болон зөрчилтэй асуудалтай холбоотой асуулт байвал энэ залуугаас асуугаарай” хэмээн өөрийнхөө зургийг заачихаад яваад өгчээ. Харин сэтгүүлчид гайхсан байдалтайгаар харсаар хоцорсон гэнэ.
Энэ явдал Тайландад удахгүй болох хүүхдийн өдрийг угтсан нэгэн арга хэмжээний үеэр болжээ. Ерөнхий сайд Прают Чан-оча сэтгүүлчид өөрөөс нь улс төртэй холбоотой янз бүрийн асуулт асууна гэдгийг мэдэж байсан учраас эвтэйхэн аргалах дээрх аргыг бодож олжээ. 2014 онд цэргийн эргэлт хийж, төрийн эрхэнд гарсан генерал Прают сэтгүүлчдийг гайхашруулсан нь анхны удаа биш юм. Тэрбээр өмнө нь хэвлэлийн хурлын үеэр дууны техникчийн чихнээс татаж, зураглаачид руу гадилын хальс чулуудаж, Засгийн газрыг шүүмжилсэн сэтгүүлчдийг цаазаар авна гэж сүрдүүлж байсан удаатай.
Эх сурвалж: guardian