Г.Номуундарь мэдүүлэг өгнө

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

Г.Номуундарь мэдүүлэг өгнө

Г.Номуундарь мэдүүлэг өгнө

Уул, уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан эрх бүхий албан тушаалтны хүүхдүүдийн хар тамхины хэрэглээ болон хүчирхийлэлд өртсөн талаараа ноцтой мэдээлэл хийсэн. Гэхдээ бичлэгт дурдагдсан мэдээлэл үнэн эсэх нь одоогоор нотлогдоогүй, цагдаагийн байгууллага шалгаж дуусаагүй байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс болон Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран шалгаж байгаа аж.

Мөрдөн байцаалтын явцад, нэр дурдагдсан гэрчүүдээс мэдүүлэг авах ажиллагаагаар үргэлжилж буй бөгөөд Г.Номуундарийг энэ долоо хоногт дуудаж мэдүүлэг авахаар болжээ. Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас тодруулахад, Г.Номуундарийн бичлэгт нэр нь дурдагдсан 30 гаруй хүнийг дуудаж нэг бүрчлэн шалгаж байгаа гэв. Гэхдээ хэрэгт холбогдсон хүүхдүүдийн олонх нь гадаадад сурдаг учраас бүгдээс нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг эсэхийг тогтоох шээсний шинжилгээ авч чадаагүй байна.

Эх орондоо амьдардаг хүүхдүүдээс шээсний шинжилгээ авахад 3-4 нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг нь тогтоогдсоныг албаны эх сурвалж мэдээлэв. Эндээс Г.Номуундарийн бичлэг огт худал зүйл биш болох нь харагдаж байна. Тиймээс Г.Номуундарь бичлэгтээ дурдсан хэргүүдтэй холбоотой нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүдийг цагдаагийнханд өгчээ.

Энэ хэргийн мөрдөн байцаалт болоод насанд хүрээгүй охидын бэлгийн хүчирхийлэл, өсвөр насныхны хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний талаар Г.Номуундарийн өмгөөлөгч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, төрийн бус байгууллагууд хамтран маргааш /2018.01.10/ олон нийтэд мэдээлэл хийхээр болжээ.

Г.Номуундарийн өмгөөлөгчөөр Ц.Баасандорж болон Р.Булгамаа нар ажиллаж буй аж.

Мөн  охины аав Д.Ганхуяг  Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав болон ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт хандан өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан билээ.  

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж