Улаанбуудай экспортлох боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Улаанбуудай экспортлох боломжтой боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал Л.Дүйнхэржавтай ярилцлаа.

-Хятад улс гурилын хэрэгцээгээ дотоодоосоо хангаж чадахгүйд хүрч Австралиас 250 мянган тонн улаанбуудай худалдан авсан байна. Мөн БНСУ Канадаас улаанбуудай авсан гэсэн. Манай улсын хувьд дотоодоосоо гурилын хэрэгцээгээ бүрэн хангаж байгаа. Бидэнд улаанбуудай экспортлох боломж байгаа юу?

-Ер нь одоогоос таван жилийн өмнө манай улс улаанбуудайн хэрэг­цээгээ дотоосоо хангаж чадахгүй байсан. Харин сүүлийн гурван жилд байдал хэрхэн өөрчлөгдсөнийг хүн бүхэн харсан байх. Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд том хувьсгал гарч дотоодын үр тариа үйлдвэрлэгч нар сэргэсэн. Мэдээж маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байна. Одоо тариаланчид бие даагаад ажиллах бүрэн боломжтой болжээ. Өнгөрсөн онд бид дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангасан. Мөн одоо ч үлдэгдэлтэй байна. Энэ жилийн хувьд цаг агаар сайхан болж байна. Энэ чигээрээ байх юм бол өнгөрсөн оныхоос илүү ургац хураах боломжтой. Тэгэхээр үлдэгдэл үр тариа ч гарна. Үүнийг экспортод гаргах талаар ярьж байгаа. Яах вэ, тийм их хэмжээний үр тариа биш. Үнэндээ олон улсын хэмжээнд авч үзвэл маш бага байгаа. Гэхдээ экспортод гаргах ажлыг Засгийн газар, манай яам хөөцөлдсөний үр дүнд Хятад руу гаргах талаар үр дүнтэй алхам хийсэн.

-Үүнийгээ тодруулахгүй юү?

-Хятадын Хорио цээрийн ерөнхий газар гэж байдаг. Манай Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай адил ажил үүрэгтэй газар л даа. Гэхдээ яамны статустай байдаг юм билээ. Энэ байгууллагатай хэлэлцээр хийж экспортлох албан ёсны зөвшөөрлийг нь авчихсан. Тэгэхээр одоо ямар нэгэн саад байхгүй. Биднээс шалтгаалах зүйл маань үр тарианыхаа хэмжээг нэмэгдүүлэх л ажил болчихоод байгаа юм.

-Нэмэгдүүлэхийн тулд ямар ажил хийж байна вэ?

-Экспортын чиг баримжаатай болох зорилт тавин Халх голд маш том хэмжээний төсөл хэрэгжүүлж байна. Сүүлийн үед хэвлэлүүд гуйвуулж бичээд л байсан.

-Манай хэвлэлүүд энэ талаар нэлээд өөрөөр бичих юм билээ?

-“Халх голын газрыг худалдаж байна” гэх зэргээр бичиж байгаа. Үнэн хэрэгтэй солонгосчууд авчихсан юм биш шүү дээ. Тэнд Засгийн газар болон манай яамнаас хэрэгжүүлж байгаа төсөл л яваад байгаа юм. “Халх гол” төслөөр бид юу хийх гэж байна гэхээр социализмын үед ашиглаж атаржсан газар байгааг нь сэргээх зорилготой. Түүнийг эргүүлэн улаанбуудай тариалах талбай болгон ашиглах, нэмж атар эзэмших юм. Тэнд нийтдээ 240 мянга гаруй га газар байгаа. Чамлахааргүй том талбай шүү дээ. Одоо бид Сэлэнгийн болон хангайн бүсэд тариалалт эрхэлж дотоодынхоо хэрэгцээг хангачихаад байна. Хэрвээ бид үр, тариа экспортлохоор болвол ийм газруудыг олноор нь эргэлтэд оруулах ёстой. Нөөц, боломж байна. Дээр нь энэ төсөл зөвхөн тариалалт бус мал аж ахуй фермерийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжих юм.

-Солонгосчууд тэнд ямар оролцоотой байгаа юм бэ?

-Төслөө хийлгэсэн. Өөрөөр хэлбэл БНСУ-ын Засгийн газраас 2-3 сая ам.долларын хөрөнгө гаргаад судалгаа, шинжилгээ төсөл хийсэн. Тэд одоо төслийн ажлаа дуусгасан. Бидэнтэй огт хамаагүй болоод байгаа.

-Тариалалтын үед хомсдсон шатахуун өнөөдрийг хүртэл асуудал үүсгэсээр байна. Ургац хураалтад нөлөөлөх болов уу?

-Ямар ч байсан тариаланчид тариагаа тариад, уриншаа хийчих­лээ. Энэ ямар учиртай юм гэхээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан шатахууны дэмжлэг үзүүлдэг. Дэмжлэг гэхээр юуг ойлгох вэ гэхээр тариаланчдаас тодорхой хэмжээний урьчилгаа аваад зээлээр өгчихдөг. Өнөөдрийн байдлаар 30 хувийн урьдчилгааг тариаланчдаас авч 70 хувийг нь манай сан төлсөөр байгаа. Аж ахуйн нэгжүүдэд өөрсдийнх нь тавьсан хүсэлтийн дагуу уян хатан зээлийн нөхцөлтэйгээр олгож байна гэсэн үг. Бид үүнийг  хэрэгжүүлэхийн тулд нефтийн компаниудтай гэрээ хийдэг. Энэ жилийн хувьд бид “Ник” хувьцаат компанитай гэрээ хийсэн байсан. Шатахууны хомсдол үүсэхээс өмнө өнгөрсөн гуравдугаар сард хийсэн байсан тул компанийн зүгээс ямар нэгэн асуудал үүсгэлгүй гэрээнийхээ үүргийг сайн гүйцэтгэсэн. Угаасаа энэ бол ард түмнийхээ хүнсийг бэлдэж байгаа хэрэг шүү дээ.    

-Тариалангийн салбарт жилд хэчнээн тонн түлш зарцуулдаг вэ?

-Хаврын тариалалт, уринш, ургац хураалтад нийт 11 мянган тонн дизель түлш зарцуулдаг. Зарим том аж ахуйн нэгжүүд өөрсдөө авчихдаг тул ийм тоо гарч байна. Хаврын тариалалтад 3000, уриншид 4000 тонн түлш зарцуулсан. Одоо ургац хураалтад 4000 орчим тонныг хэрэглэх байх.

-Ургац хураалт дуусангуут гурилын үнийн талаар ярьж эхэлнэ. Энэ жил үнэд өөрчлөлт гарах болов уу?

-Гурил, талх нарийн боовны үнэ өссөн үзүүлэлт харагдахгүй байгааг хүн бүхэн харж байгаа. Манай яамны бодлогын нэг хэсэг нь гурил, гурилан бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах явдал. Тогтвортой байлгах механизм нь гури­лын үйлдвэрүүдэд хэр­хэн  тогт­вор­той,  хямд  улаанбуудай ний­лүүлэх вэ гэдэгт л байгаа юм. Хэрэв бид буудайн үнийг нэмчихвэл цаа­шид бүх бүтээгдэхүүний үнэ өснө шүү дээ. Бууруулвал буураад л явчихна. Тэгэхээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас энэ жил 120 мянга гаруй улаанбуудай нөөцөлсөн байгаа. Эхний ээлжинд энэ нөөцөлсөн буудайгаасаа тэд нарт өгнө. Тэгэхээр үнийн хувьд тогтвортой байх боломжтой гэж үзэж байна.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж