Ерөнхий сайд үнэ хөөрөгдөв

Хуучирсан мэдээ: 2018.01.09-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд үнэ хөөрөгдөв

Ерөнхий сайд үнэ хөөрөгдөв

Нэгдүгээр сарын 5-ны Баасан гаригт Чингис бондын 500 сая ам.долларыг шилжүүлэх үйл явцад өөрийн биеэр оролцсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ оны анхны сайн, муу мэдээгээ Сангийн яамнаас дуулгав.

Сайн мэдээ нь ямар ч байсан Монгол дефолт зарласангүй. Чингис бондын эхний 500 сая ам.долларын өр төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулж, Засгийн газар үүргээ гүйцэтгэжээ.

Муу мэдээ нь шатахууны үнэ нэмэгдэх нь нэн ойлгомжтой болов.  Учир нь өр тэглэсэн асуудлаар Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ  далимд нь “Нефтийн үнэ ханш өсөх хандлагатай байгаа. Засгийн газар 2017 оны аравдугаар сараас хойш нефтийн үнийг тодорхой хэмжээнд барьсан. Харамсалтай нь, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсч байна. Үүнийг дагаад шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх нөхцөл байдал үүслээ. Нефть импортлогч аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллаж эхэлсэн. Тийм учраас Засгийн газраас бүх үнийг хатуу барьж чадахгүй” гэсэн нь шатахуун импортлогчдыг сайхан шалтагтай болголоо. Чухам энэ л үгийг импортлогчид, бизнес эрхлэгчид, захын наймаачид, ТҮЦ-ийн худалдагчид, таксины жолоочид хүлээж байсан гэвэл худлаа биш.  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва Ерөнхий сайдын мэдээллийн араас  ‘Импортлогчид дур мэдэн үнэ нэмэх ёсгүй’-г залруулж,  ‘Өрсөлдөөний тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд  заасан журмын дагуу орлогын зургаан хувиар торгоно’ гэж анхааруулсан боловч юу л гэж импортлогчид түүнээс айх вэ дээ. Ёстой инээдийг нь хүргэхээс цаашгүй, Засгийн газрын тэргүүн нь нэгэнтээ ам алдчихсанаас хойш. Ам алдвал барьж болдоггүй гэсэн ардын зүйр үг байна, цаана чинь.

Ерөнхий сайд мэдээлэл хийснээс нэг хоногийн дараа буюу бямба, ням гаригаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсныг та бүхэн анзаарсан биз ээ. Ингээд үнэ дээшээ, төгрөг доошоо болж эрх баригчид инфляциа барьж чадахгүй алдах аюул ч “Ардын засаг”-т нүүрлэж байна.

Үнэндээ өнгөрсөн дөрвөн жил шатахууны үнэ тогтвортой байсан нь өдгөө Ардын намынханд муу хэлүүлж, АТГ-ын үүдэнд чулуу няслах дээрээ тулсан Ардчилсан намынхны, Н.Золжаргалын бодлогын үр дүн гэж хэлж болно. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зарцуулсан гурван их наяд төгрөг махны нөөцийг бүрдүүлж, гурил болон шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулж, иргэдийн орон сууц болсон. Хэрэвзээ энэ хөтөлбөр хэрэгжээгүй бол нэг литр шатахуун хэдэн төгрөгт хүрэх байсныг эрхбаригчид ч, импортлогчид ч таашгүй.

Нэг литр шатахуун гурван мянган төгрөг болтлоо ‘галзуурч’, дотоодын зах зээлд зохиомол хомсдол үүссэн гашуун явдал 2008-2012 онд, МАН-ын засгийн үед тохиолдож байлаа. Сарын дотор шатахууны үнэ гурван удаа нэмэгдэж асан тухайн үеийн үйл явдал дэлхийн зах зээлийн үнэ ханштай огт холбоогүй байв.

2014 онд “вrent” маркийн газрын тосны үнэ Лондоны “ISE Futurs Europe” биржид 75 хувиар хямдарсан ч Монголын дотоодын зах зээлд зарагдаж буй шатахууны үнэд бас л түй ч нөлөөлөөгүй юм. Тэр  үед ШТС-уудын самбар дахь “Ай 92” шатахууны үнэ 1660 төгрөгийг зааж байсан. Энэ үнэ дөрвөн жил тогтвортой явсан ч өчигдрөөс ШТС-ууд шатахууныхаа үнийг 20-150 төгрөгөөр нэмжээ.  Өнгөрсөн хугацаанд шатахууны үнэ тогтвортой байсан нь дэлхийн зах зээлээс илүү АН-ын бодлогын үр дүн гэвэл зохилтой.

Харин өнөөдөр Орос найтаах төдийд Монгол хатгаа тусдаг бичигдээгүй хууль эргээд үйлчлэх нь. Шатахуун бол стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Төр үнийг нь тогтвортой байлгахад оролцохоос өөр аргагүй. Онцгой албан татварыг нь бууруулдагсан уу, тэглэдэгсэн үү энэ бүхэн Ерөнхий сайдын өөрийнх нь  эрх мэдлийн хүрээнд зохицуулах ажил.  Ямар ч байсан дотоодын зах зээлд шатахууны үнийн савлагаа үүсвэл татварын дарамтад орсон иргэд дахиад давхар үнийн цохилтод өртөнө гэсэн үг. Тиймээс МАН-ын даргын мэдэгдэл унах нүхээ ухсантай ялгаагүй юм.

Монголын эдийн засаг шатахууны үнээс шууд хамааралтай. Шатахууны үнэ өслөө, энэ нь бүх л салбарт “халдварлаж”, эдийн засагт инфляцийн шок үүсгэдэг. Инфляцийг барихын тулд төв банк нь мэдээж, бодлогын хүүгээ өсгөнө. Бодлогын хүү өсөхөөр зээлийн хүү өснө. Зээлийн хүү өсөхөөр ажлын байр хумигдана, эргээд ядуурал нэмэгдэнэ. Энэ бол эдийн засгийн гинжин хэлхээ.

Тиймээс нэг бол эрхбаригчид  шулуухан Шатахууны үнийн зөвлөлөө татан буулгаад, энэ салбарыг чөлөөт зах зээлийн жамаар нь явуулах хэрэгтэй.  Дэлхийн зах зээл дэх нефтийн үнийн өсөлт, бууралттай хамааралтай бодлого хэрэгжүүлэх, үүрэг хариуцлага, эрсдэл бүхнийг нь импортлогчдод үүрүүл. Ингэж чадвал төр эдийн засгийн нэг дарамтаасаа сална.

Ардын намын мөрийн хөтөлбөрийг Ардын засгийн тэргүүнд эргэн нэг сануулахад, татвар нэмэхгүй, цалин тэтгэмжийг нэмнэ, өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин өсгөнө. Эндээс хамгийн их анхаарал татаж байгаа нь эдийн засгийн хямралын өртөгийг иргэдээр төлүүлэхгүй гэж. Гэвч, Ерөнхий сайдын мэдэгдэл ингээд үнэ хөөрөгдөв. Хөөрсөн үнэ хямарсан иргэдийн халаасыг  гөвөх биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж