БНАСАУ болон БНСУ-ын засгийн газар хоорондын уулзалт өнөөдөр (2018.01.09) эхэлнэ. Хоёр орны төлөөлөгчид 2015 оноос хойш анх удаа хэлэлцээрийн ширээний ард суухаар болж байгаа нь энэ юм. Уулзалт өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 10:00 цагт Панмунжом суурин дахь найрамдлын ордонд болох ажээ.
Хоёр Солонгосын энэ уулзалт ирэх сард болох Пёнчаны өвлийн олимпт БНАСАУ-ын тамирчдыг оролцуулах асуудал дээр төвлөрөх юм. БНСУ-ын тал энэ уулзалт хоёр Солонгосын харилцааг эерүүлэхэд чухал алхам болно гэж мэдэгдсэн.
БНАСАУ-ын пуужингийн туршилтууд болон цөмийн хөтөлбөрийн хариуд БНСУ Кэсоны аж үйлдвэрийн парк дахь эдийн засгийн хамтарсан төслийг зогсоосны дараа хоёр орны харилцаа муудсан билээ.
Энэ явдал Сөүл, Пхеньяны хоорондох бүх харилцаа зогсоход хүргэсэн. Хоёр Солонгос сүүлд 2015 оны арванхоёрдугаар сард өндөр түвшний яриа хэлэлцээр явуулсан юм.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Пёнчаны өвлийн олимпт тамирчдаа илгээх хүсэлтээ илэрхийлснийг БНСУ-ын ерөнхийлөгч дуртайяа хүлээн авснаас хойш найм хоногийн дараа энэхүү яриа хэлэлцээ эхэлж байгаа юм.
Хоёр Солонгосын засгийн газар хоорондын яриа хэлэлцээнд БНАСАУ-ын төлөөлөгчдийг Өмнөдийн асуудал хариуцсан агентлагийн дарга Ри Сон-вон, БНСУ-ын төлөөлөгчдийг Эв нэгдлийн төлөөх яамны сайд Чо Мен-гён ахалж байгаа ажээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC