Н.Багабанди 30 удаа хориг тавьж байжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Н.Багабанди 30 удаа хориг тавьж байжээ

Н.Багабанди 30 удаа хориг тавьж байжээ

Монгол Улсын Төрийн тэргүүнээр томилогдсоныхоо дараа ердөө хагас жил хүрэхгүй хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулга гурван удаа хориг тавьсан. Мэдээж, Ерөнхийлөгч хориг тавих нь хууль тогтоох дээд байгууллагыг алдаа багатай хууль гаргахыг шаарддаг гэдэг боловч үнэн хэрэгтээ төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн хугацаанд тавьсан хоригуудыг улс төрийн бодлого хэрэгжүүлэгч чухал хэрэгсэл гэж улстөрчид үздэг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хориг нь парламентын хууль тогтоох бүрэн эрхэд нөлөөлөх нэг хэрэгсэл гэж үзэх нь бий.

Монгол Улсын Ерөнхийлөгч дараах хуулийн дагуу хориг тавих эрхтэй. 

Үндсэн хууль 33 дугаар зүйл.

  • 2.1.Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль 12 дугаар зүйл

  • 7.Хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар саналаа илэрхийлж болно. Энэ нь уул хуульд хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.
  • 8.Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина.

Монгол Улс 1992 оноос парламентын засаглалд шилжсэн ч Ерөнхийлөгчөө бүх ард түмнээсээ сонгодог Үндсэн хуультай. 1993 оноос хойш өнөөдрийн хүртэл Монгол Улсын үе, үеийн Ерөнхийлөгч нар нийт 57 удаа хориг тавьжээ. Үүнээс 36 хоригийг УИХ хүлээж авсан бол 21 хоригийг хүлээж аваагүй байна. УИХ хүлээж авсан хоригийн ихэнх нь төрийн алба, Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой болон Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, төрийн байгуулалт, улс төрийн нам, татвар, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаатай холбоотой хориг байжээ. Харин төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэв, хангамж, Засгийн газрын бүтэц, гүйцэтгэх ажлын тухай, нам, шүүх эрх мэдэл, төсөв, сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсанд хориг тавьсныг хүлээж аваагүй юм байна. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат долоон удаа хориг тавьж байсан бол Ерөнхийлөгч асан Н.Багабанди найман жилийн хугацаанд хамгийн их буюу 30 удаа хориг тавьсан байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хамгийн бага буюу найман удаа бүхэлд нь болон хэсэгчлэн хориг тавьж байжээ.

Харин Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод зургаан сар болж буй Х.Баттулга гурван удаа хориг тавив. Түүний тавьсан гурван хоригийг УИХ хүлээж аваагүй. Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь, Сангийн сайдын Ч.Хүрэлбаатарын томилгоо буюу Засгийн газрын сайд нарын томилгоонд хэсэгчлэн хориг тавьж байсан бол 2018 оны төсөвт мөн л хэсэгчлэн хориг тавьж байв. Шинэ Ерөнхийлөгчийн хориг ихэнхдээ улс төрийн “тоглоом” болж байгааг зарим судлаачид, улстөрчид онцолж буй. Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноосоо хойш хоёр сарын дотор гурван хориг тавьсан. Тэрбээр Ерөнхийлөгч Н.Багабандийн хориг тавьсан рекордыг эвдэх үү эсвэл гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Хүснэгт-1. 1993-20017 онд Ерөнхийлөгч нарын тавьж байсан хориг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж