С.Эрдэнийг тойрон хүрээлж байгаа хүмүүсийг мэднэ

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

С.Эрдэнийг тойрон хүрээлж байгаа хүмүүсийг мэднэ

С.Эрдэнийг тойрон хүрээлж байгаа хүмүүсийг мэднэ

УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөртэй Ардчилсан намын шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын сонгууль, Ардчилсан намын даргын сонгууль гэх мэт дараалсан сонгууль дуусч улстөрчид тус тусын ажилдаа орлоо. Та яг одоо ямар ажил дээр төвлөрч байна вэ?

-Судалгааны ажил хийж байна. Боловсролын байгууллагуудад зөвлөгөө өгч, шинжлэх ухааны тодорхой бүтээлүүд дээр ажиллаж байна. Эмийн ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хэрхэн экспортод гаргах, олон улсад хүргэх вэ гэх мэт ажилд төвлөрч байна даа. 

-Боловсролын салбарт ганцхан жилийн дотор зургаан дарга солигдлоо. Энэ салбарыг тэргүүлж байсан хүний хувьд нөхцөл байдалд ямар дүгнэлт хийх вэ?

-Боловсролын салбарт хийх ажил их бий. Хийсэн зүйл ч байгаа. Үүнийг бататгаж дараагийн ажлаа хийх ёстой. Би өөрөө сайд болохдоо ч өмнө нь хийсэн ажлыг үгүйсгэж байгаагүй. Жишээ нь, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байсан орон нутгийн сургуулийг номын сантай болгох төслийг үргэлжлүүлсэн. Богино хугацаанд олон сайд солигдох нь нэг талаар хортой. Гэхдээ тэдний ажлыг харахад зөрүүтэй бодлого харагдахгүй байна. Нөгөө талдаа боловсрол өөрөө том цар хүрээтэй, олон хүнийг хамарсан салбар юм. Урам зоригоор ажил явдаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд олон дарга солигдлоо гэж сөргөөр харахгүйгээр, нэгэн зүгт чиглэж, эрч хүчтэй ажиллаасай гэж хүсч байна. Нэг онцолж хэлэх зүйл бол залуучуудад олгох тэтгэлгээ түр завсарлаад байгаа юм байна лээ. Үүнийг цааш үргэлжлүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл Монголчууд дэлхийн шилдэг сургуульд суралцаж, шилдгүүдтэй хамт сурч байж хөгжинө.

-Ардчилсан намыг “Шонхор” фракцын нам боллоо, ганц хүний дарангуйлал тогтлоо гэсэн шүүмжлэл сүүлийн үед багагүй гарах болсон. Танай нам үнэхээр С.Эрдэнийн нам болсон уу?

Ардчилсан намын шинэчлэл Монголын улс төрд шинэ хандлага бий болгож чадсан гэж би харж байна. Нийт гишүүдээр асуудлаа шийдвэрлүүлдэг байдал бол шинэлэг. Ардчилсан намын хамгийн том шийдвэр гаргах эрхтэй байгууллага нь Их хурал. Дараагийн шийдвэр гаргах эрх мэдэлтэй байгууллага нь Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо. Ингээд Ардчилсан намын Улс төрийн зөвлөл. Тэгэхээр дээрх байгууллага бол хэн нэгэн улс төрчийн халаасанд хэзээ ч орохгүй.

Үндэсний бодлогын хороо өөрөө маш олон салбар хороотой байх ёстой. Энэ ажил одоо эхэлж байна. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр С.Эрдэнэ ч юм уу, хэн нэгний халаасанд Ардчилсан нам орно гэхэд би итгэхгүй. Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хороо идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас үүдэж намын дарга тод томруун харагдаж болох юм.

Тиймээс л таны хэлсэн шүүмжлэл гарсан байх. Гэхдээ оны өмнө Үндэсний бодлогын хороо хуралдаад бодлогын салбар хороодыг байгуулсан. Одоо энэ бодлогын хороод өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхжүүлэх ёстой. Бас 76 тойрог дээр хороо байгуулах ёстой. Энэ тойргийн хороодын үйл ажиллагаа жигдрээд эхлэх юм бол намын даргын хүслээр явж байна гэх шүүмжлэл алга болно гэж би харж байна. 

-Үндэсний бодлогын хорооны гишүүдийг харахад ихэнх нь Баянгол дүүргийнхэн болоод “Шонхор” фракцынхан байна гэдэг тэгээд худлаа юу?

-Харьцангуй нэмэгдсэн байх. Мэдээж, С.Эрдэнэ даргыг дэмждэг хүмүүсийн тоо Үндэсний бодлогын хороонд нэмэгдсэн боловч олонх болоогүй. “Нэг ардчилалд клуб”-д байсан залуучууд Үндэсний бодлогын хорооноос гараад явчихсан зүйл огт байхгүй. Зарим нэг нь Үндэсний бодлогын хорооны сонгуульд өрсөлдөөд ялагдсан. Гэхдээ ялалт ялагдал байж л байдаг. Өөрсдөө санаачилга гаргахгүй байж санаачилгатай байгаа нөхдөө эзлээд авчихлаа гэдэг бол өрөөсгөл шүүмжлэл юм. МАН-ын У.Хүрэлсүх намын дарга боллоо гэхэд зүүний хүчний холбоо МАН-д идэвхтэй байгаа нь үнэн боловч тэр намыг зүүний хүчний холбоо эзэлж авлаа гэдэг бол учир дутагдалтай. 

Улс төрийн толгойд яваа хүмүүст нэг зовлон байдаг юм. Хүмүүс ирээд тойроод суучихдаг. Тэр тойрсон хэсэгтэйгээ ажиллаад байдаг. Гэтэл зарим хүмүүс тойргийн гадна талд үлдчихдэг. Тэр хэсгээ яаж ажиллуулахаа намын дарга мэддэггүй. Хэрэв гадна байгаа хүмүүсээ ажилд оролцуулж чадвал С.Эрдэнэ сайн дарга болно. Ингэж ажиллах аргаа олохгүйгээр сонгууль хүрчихвэл муу дарга гэж дүгнэгдэнэ. Бид С.Эрдэнийг тойрон хүрээлж байгаа хүмүүсийг мэднэ. Тэдэнтэй найр наадам хэсээд, улс төрийн акц хийгээд байвал тасраад явчихна. Өмнөх дарга нар ч тийм л байсан. Ингэснээр намаа хувааж эхэлдэг. Тиймээс нам удирдаж байгаа хүний ур чадварын асуудал их чухал. Манай намын төлөөлөл УИХ-д цөөхөн байна. Монгол төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүн алга. Бүгд өөрсдийнхөө амьдралыг болгох гээд л явж байна. Энэ хүмүүсийг яаж намынхаа ажилд оролцуулах вэ, улс төрд идэвхтэй байлгах вэ, санал бодлыг хэрхэн тусгах вэ гэх мэт асуудал намын даргын ур чадвараас хамаарна. Зөвхөн намын дарга ч биш, Засгийн газрын сайдад ч энэ асуудал хамаатай. 

Намын дарга тойргийн гадна байгаа гишүүдээ хэрхэн татах талаар өмнөх дарга Н.Алтанхуягийн туршлагаас суралцахад гэмгүй. Н.Алтанхуяг дарга бол Монголын улс төрд олон өөр бодолтой хүмүүсийг нэгтгэж чадаж байсан цөөхөн улстөрчийн нэг шүү дээ. 

-Хэрэв та Ардчилсан намын дарга болсон бол хэрхэн ажиллах байсан бэ?

-Намайг дэмжээгүй хүмүүстэй хамгийн эхлээд ажиллах байсан. Ижил бодолтой хүмүүс нийлчихдэг. Тийм учраас өөр бодолтой хүмүүсийг сонсох тэр орон зайг бий болгож байж улстөрч хүн амжилттай явна. “Манай нам, манай найзууд” гээд туйлшраад байвал ажил явахгүй. Мухардлаас гарч, нээж байж ажил явна. 

-УИХ дахь Ардчилсан намын бүлэгт есөн гишүүн байна. Гэтэл зарим нь бүр ажилдаа ирдэггүй, ирсэн нэг нь үг дуугардаггүй. Энэ байдлаараа МАН-ын 65-д дарагдаж, 2020 оны сонгуульд дахиад л ялагдал хүлээж мэдэх юм гэсэн дүр зургийг улс төрийн хүрээнийхэн хэлж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

Хэрэв би намын дарга байсан бол заавал сүүдрийн Засгийн газар байгуулна. Энэ 65 суудал бол Монголыг хөгжүүлэх алтан боломж байсан. Хичнээн эрх мэдэл байлаа ч хэн нэгэн шахаж шаардахгүй л бол ажил явахгүй гэдгийг бүгд мэднэ. Сайн өрсөлдөгч байвал их амжилт гаргадаг. Яг үүнтэй адил Ардчилсан нам МАН-ыг шахаж шаардах ёстой. Ингэхдээ зөв бүтэц бодож олох нь чухал юм. Би бол сүүдрийн Засгийн газар байгуулаад, тодорхой шаардлага тавих, Ардын намыг дэмжиж ажиллах нь зүйтэй болов уу гэж харж байна. Дахиад ийм олон суудалтай ялалт аль ч намд ирэхгүй болов уу гэж бодогддог. Энэ бол Монголчууд өөртөө хэрэгтэй шийдвэр гаргуулах алтан боломж. Нөгөө талаас Ерөнхийлөгч, Ардчилсан нам хоёр нийлээд Ардын намыг шахах хэрэгтэй. Ингэхдээ хоосон улстөр хийж болохгүй. Ингэж явах нас ч гүйцэхгүй. Тиймээс хойч үеийнхээ төлөө өчүүхэн зорилгоо хойш тавиад Ардын намаас илүү зүйл бодож олох ёстой. 

Тамга барьж байгаа хүмүүс хурдхан өрсөлдөгч намаа шавартай зуураад авъя гэж бодох байх. Одоо бол уужуу сэтгэх цаг ирсэн. Ингэж чадахгүй бол шавраас гарч чадахгүй ч байж мэдэх айдас байна.

-Одоо л суурийг нь сайн тавьж өгөх ёстой гэж та хэлэх гээд байна уу?

-Тийм. Бидний дараагийн үе бол эрх мэдэлд хүрэхийн төлөө эцэс төгсгөлгүй тэмцэлд орно. Дахиад 20 жил зодолдох шинэ залуу үе гарч ирж байна. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёроор төлөөлүүлсэн хэсэг улс төрчид 20 жил “үзэлцлээ”. Араас нь залгах хойч үеийн хорин хэдтэй залуус гарч ирээд юу болох вэ, дахиад 20 жил тэмцлийн талбарт өнгөрүүлэх үү. Ийм зүйлийг эдийн засаг дийлэхгүй. Тиймээс манай С.Эрдэнэ дарга ухаан зарцуулах ёстой. Х.Баттулга Ерөнхийлөгч ч улс төрийн сайн муу, шавар шалбаагт хутгалдаж явсан. Бид хоёр 12 жил парламентад суусан. Гол хүмүүс бол Ардын намаар ажил хийлгэхийн төлөө маш хүчтэй урагш алхах хэрэгтэй. Гэхдээ та нар ажил хий, бид дуугүй байя гэхээр хүн ажил хийдэггүй. Хүчтэй шахаж, шаардаж байж Монголын маргаашийг босгох ёстой.  

-Ардчилсан намын шинэчлэл улс төрд юу авч ирсэн юм бэ. Зөвхөн намын дарга солигдох, Үндэсний бодлогын хорооны гишүүд солигдсоноор дүгнэж байна шүү дээ?

-Бидэнд шинэчлэлийн төлөвлөгөө бий. Гишүүдээ цахим бүртгэлд оруулах. Ингэснээр цахимаар санал авдаг болох, сонгуульт гишүүдэд хариуцлага тооцдог болно. Дээр нь намын гишүүддээ нэр дэвших мандат олгох шинэ журмыг гаргаад, гишүүн бүрт нээлттэй, хүн бүрийн оролцоог хангасан системийг угсрах, Төрийн бодлогыг намын нийт гишүүдээр хэлэлцүүлдэг Бодлогын нам болох, нам өөрөө шилэн данстай байх гэх мэт асуудлыг тусгасан шинэчлэлийн хөтөлбөрөө баталсан. Энэ баталсан ажил явах ёстой. Сүүлд Ардчилсан залуучуудын холбооны даргыг нийт гишүүдээс сонгож байна. Энэ бол шинэчлэлийн нэг хэсэг. Явуулах ажил нь намын даргаас хамаарч байгаа. Гэхдээ гишүүдээ сонсох нь чухал. Ардын нам бол найр наадам хэсээд ажил хийхгүй байна. Яг үүнтэй ижил намын даргын эргэн тойронд байгаа нөхөд нь “та мундаг дарга” гэдэг. Гэтэл Ардчилсан намын шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжиж байгаа эсэх дээр намын гишүүд дуугардаг, хийдэг байх ёстой. Биднээс их зүйл хамаарч байна. Зөвхөн намын удирдлага руу чихээд өнгөрч болохгүй. Би бол С.Эрдэнийг өмөөрөхгүй. Гэхдээ одоохондоо би өөрөө хөдлөөгүй байж хүнээс шаардах эрх надад алга.

-Ардчилсан намын залуучууд ах нартаа дийлдээд ард суучихлаа гэж хэлж болох уу?

-Тийм зүйл байхгүй. С.Эрдэнэ, Ц.Туваан, О.Магнай гарч ирснээр дараа үе гарч ирсэн гэж харж байна. Тэднээр ажил хийлгэх нь намын жирийн гишүүдийн үүрэг гэдгийг ухамсарлах ёстой. Тэгэхгүйгээр бид дуугүй суугаад байвал тэд ажил хийхгүй. Аль ч улсад даргын суудал зөөлөн байдаг. Тиймээс хажуунаас нь хазаж, хайрч байж л ажил хийлгэнэ.

-Та бүхний шахаж, шаардахгүй байгаа нь юутай холбоотой вэ. Сонгууль болоогүй байгаа тул сэтгэл амар байна уу?

-Гол нь асуудлыг эрүүлээр дүгнэхийг хичээж байна. Шүүмжлэл хэлэхгүй, урагш алхахгүй болохоор хөдөлсөн ганц нэг хүний тоглолт юм шиг харагдаж байж мэдэх юм. Тэртэй тэргүй нөхцөл байдлаа дүгнээд ирэхийн цагт намынхаа үйл хэрэгт ханцуй шамлаад орно. 

-Танд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж