Хятадад инфляцийн өсөлт үймээн дагуулж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Хятадад инфляцийн өсөлт үймээн дагуулж магадгүй

Хятадад инфляцийн түвшин нэмэгджээ. Тус улсын Засгийн газар үнийн хөөрөгдлийг хазаарлахын тулд мөнгөний бодлогоо хумьж, зээлээ багасгаж, арилжааны банкуудынхаа дүрмийн сангийн хөрөнгийг нэмсэн. Вэнь Зябао “Хятадын Засгийн газар инфляцитай тэмцэхийн тулд бүх хүчээ дайчилна” хэмээн амласан. Гэвч нөхцөл байдал түүний тооцоолж байсан шиг өөрчлөгдөж чадсангүй. Үүнээс болж жирийн иргэдийн уур хилэн туйлдаа хүрч, төр засгийнхаа эсрэг жагсаал, цуглаан зохион байгуулж эхэллээ. Инфляцийн өсөлт Хятадын нийгмийг тогтворгүй болгож байна.

Одоогийн байдлаар Хятадад хоёр салбарт үнийн хөөрөгдөл хүчтэй ажиглагдаж байна. Тэдгээр нь түүхий эд болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл юм. Саяхан гаргасан статистик мэдээллээс харахад тус улсад өнгөрсөн сард хэрэглээний үнийн индекс 6.5 хувьтай гарчээ. Энэ нь өнгөрсөн зургадугаар сард 6.4 хувь байсантай харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Харин үл хөдлөх хөрөнгийн үнэ энэ хугацаанд 11.7 хувиар нэмэгдэж, өсөлт нь хоёр оронтой тоонд хүрсэн байна. Үүнээс үүдээд олон улсын эдийн засагчид Хятадын орон сууцны зах зээлд үнийн “хөөс” бий боллоо хэмээн тодорхойлж эхлэв. Өөрөөр хэлбэл, үүнээс болж Хятадын эдийн засаг хямарч магадгүй гэх тайлбарыг шинжээчид гаргажээ.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл болон түүхий эдийн салбар дахь үнийн өсөлт нь харилцан бие, биенээсээ нэлээд  хамааралтайгаар бий болсон аж. Зэс тэргүүтэй барилгын салбарт өргөн ашигладаг металлын ханш өсөхийн хэрээр орон сууцны үнэ дагаад нэмэгдэж эхэлсэн байна. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын зүгээс үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт тогтвортой байгаа учраас энэ салбарт хөрөнгө оруулах нь найдвартай гэж дүгнээд ийшээ хошуурах болсон нь мөн л үнийн хөөрөгдлийг дагуулжээ. Харин энэ нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд тодорхой хувь нэмэр оруулж эхэлсэн байна.

Эдийн засагчдын тооцож буйгаар Хятадын хэрэглээний үнийн индексийн өсөлтөд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл нь хүнсний бүтээгдэхүүн юм. Өнгөрсөн сард тус улсад хүнсний барааны үнэ 14.8 хувиар өсчээ. Тэр дундаа гахайн махны үнэ 57 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь Хятадын эдийн засагт эерэг болон сөрөг хоёр янзын нөлөө үзүүлэх юм. Муу нөлөө нь гэвэл мэдээж хэрэг, инфляци хурдацтай өсч буй явдал. Хятадын хэрэглэгчид орлогынхоо гуравны нэгийг зөвхөн хоол, хүнсэндээ зарцуулж байна гэдэг тийм ч таатай мэдээлэл биш юм. Харин эерэг нөлөө нь гэвэл үнийн хөөрөгдөл тодорхой хэдэн салбарт ажиглагдаж байгаа болохоос үйлдвэрлэлийн салбарыг тэр чигт хамраагүйд байгаа аж. Гэхдээ Хятадад инфляци нэмэгдсэн нь АНУ тэргүүтэй орны эдийн засгийн өсөлтийг сааруулах нөлөө үзүүлж байгаа юм. АНУ бол Хятадаас экспортод гаргадаг бүтээгдэхүүний гол хэрэглэгч зах зээл. Гэтэл одоогийн байдлаар тус улсад ам.долларын ханш суларч, мөнгөний бодлогоо хумих, төсвийн зардлаа танах шаардлага зайлшгүй гарч ирж байгаа. Тиймээс Хятадад инфляци нэмэгдсэн нь АНУ-ын эдийн засагт нэлээд сөрөг үр дагавар авчрах аж.

Ямартай ч Хятадад инфляци сүүлийн гурван жилд байгаагүй өндөр үзүүлэлттэй гарсан. Өмнө  нь санхүүгийн хямралын үед 2008 оны зургаадугаар сард тус улсад инфляци 7.1 хувьд хүрч байсан юм. Харин өнгөрсөн сард Хятадад үйлдвэрлэлийн гарц 14 хувиар өссөн нь өмнөх сарынхтай харьцуулахад нэлээд бага үзүүлэлт болжээ. Хятадын төв банк энэ бүхэнтэй тэмцэхийн тулд өнгөрсөн оны аравдугаар сараас хойш бодлогын хүүгээ таван удаа нэмж, банкуудын зээлийг хязгаарлах бодлого баримталсан юм.

Ийнхүү үнэ өсч байгаа нь Хятадад энгийн иргэдийн дургүйцлийг төрүүлж байгаа нь сүүлийн үед нэлээд анхаарал татах болсон. Коммунист засаглалтай тус улсын хувьд энэ он гарснаас хойш урьд өмнөхтэйгөө харьцуулахад эсэргүүцлийн жагсаал, цуглааны хөлд дарагдсан гэж хэлэхэд болно. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ханжоу мужийн зүүн эргийн хотод шатахууны үнэ хэтэрхий хурдацтай нэмэгдэж байгаад дургүйцсэн таксины жолооч нар жагсаал зохион байгуулж байв.

Хятадын эдийн засагтай холбоотой эерэг мэдээллүүд байнга цацагддаг. Энэ нь 1.6 тэрбум иргэдийнхээ сэтгэл санааг тогтвортой байлгаж, тэднийг улс орныхоо эдийн засагт итгэх итгэлийг бат бэх байлгахыг  хичээдэгтэй холбоотой гэж шинжээчид тайлбарладаг. Хятадын эрх баригчдад алдах эрх байхгүй. Жишээлбэл, Барак Обамагийн засаг захиргаа ажилгүйдлийг бууруулж чадаагүй бол тэднийг удахгүй болох сонгуулиар дэмжих хүн байхгүй. Харин коммунист засаглалтай Хятадын хувьд ийм боломж байхгүй учир эрх баригчид ньь тогтолцооныхоо эрүүл байдлыг харуулахыг хичээдэг бололтой юм. Гэхдээ Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао өнгөрсөн зургаадугаар сард инфляцийн өсөлттэй тэмцэх нь маш хэцүү ажил гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж