Их дээд сургуулийг хотоос нүүлгэх, оюутны хотхоныг хотын захад төвлөрүүлэх тухай олон жил ярьсан. Энэ ажлыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль ажил хэрэг болгохоор зорьж буй юм. Одоогоор тус сургуулийн шинэ барилгын ажил 70 хувьтай явж буй бөгөөд шинэ байр ашиглалтад ороход одоо ашиглаж буй байраа төрд буцаан өгөх юм. Энэ асуудлаар тус сургуулийн захирал Г.Батбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Одоогоор барилгын ажил хэдэн хувьтай явагдаж байна вэ?
-Орчин цагийн эмч бэлддэг их сургуулиуд сургалтын эмнэлэгтэй байдаг. Сургалтын эмнэлэггүй ганц орон бол Монгол улс. Хамгийн анхны шийдлийг манай сургууль гаргасан. АШУҮИС-ийн үе үеийн удирдлагууд олон жил хөөцөлдсөний үр дүнд Засгийн газрын буцалтгүй тусламжаар сургалтын эмнэлэг бариулах түүхэн шийдвэр гаргуулж чадсан юм. Энэ ажил 2016 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхэлсэн. Одоо барилгын ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна.
-Эдгээр барилгууд хэзээ ашиглалтад орох вэ?
-Их сургуулийн эмнэлэг барих асуудлыг олон жил хөөцөлдсөний үр дүнд 2013 онд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт найман га газар шийдэж өгсөн юм. Ингэхдээ зураг төсвийг гаргаад хотын ерөнхий төлөвлөгөөнд өгсөн. Үндсэндээ 1200 гаруй оюутны цогцолбор, 140 багш ажилчдын байр баригдахаар төлөвлөгдсөн. Бидний тооцоолсноор 2018 оны долоодугаар сард ашиглалтад бүрэн орно. Тухайлбал сургалтын цогцолборын эхний хэсэг болох Монгол Анагаах ухааны сургууль, 60 ортой уламжлалтын эмнэлэг, Анагаах ухааны сургуулийн 8000 гаруй мкв байр 2018 оны эхний улиралд дуусна. Бид энэ зундаа эдгээр хоёр сургуулийг Амгалан руу нүүлгэнэ. Тэгэхээр 2018 оны 9-р сараас анагаах ухааны эмнэлэг, сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургууль, иж бүрэн 60 клиник бүхий цогцолбор эхний удаад ашиглалтад орох юм.
-Тэгэхээр 2020 он гэхэд бүх барилгуудаа ашиглалтад оруулна гэж ойлгож болох уу?
Тийм. Сургалтын цогцолборын хоёр дахь хэсгийг бид энэ онд эхлүүлнэ. Нэн түрүүнд 1200 оюутны байрыг барих ажлыг энэ онд эхлүүлж, 2019 оны 6-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тэгэхээр оюутны байр, сургууль, эмнэлэг гээд л бүхий л зүйл нэг дор төвлөрсөн давуу талтай. Хэрвээ соёлын төв, биеийн тамир спортын цогцолбороо дуусгачихвал 2020 гэхэд гэхэд сургалтын эмнэлгээ бүрэн утгаар нь үр дүнтэй ашиглана.
-Хотоос нүүлгэхийн давуу талыг та юу гэж харж байна вэ? Дэлхийн стандартад нийцсэн анхны сургууль, эмнэлгийн барилга гэдгээрээ онцлог гэж та ярилаа?
-Бидний төлөвлөсний дагуу барилгын ажлуудаа амжилттай дуусгаж чадвал АШУҮИС-ийн 10 мянга гаруй оюутнуудад маш том дэвшил гарна. Хоёрдугаарт, 140 айлын багш ажилчдын орон сууцыг бид төлөвлөж тал талдаа дэмжлэг хүсээд явж байна. Харамсалтай нь , өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 4-ны өдөр Боловсролын сайд Ц.Цогзолмаагийн гарын үсэгтэй бичиг ирсэн. Уг бичигт “Багш ажилчдын байр барих асуудлыг дэмжихгүй” гэсэн байсан. Багш ажилчдын орон сууцыг ашиглалтад оруулснаар мянга гаран хүний нийгмийн асуудлыг шийднэ. Хоёрдугаарт энэ гэр хороололд байгаа багш ажилчдыг байранд оруулснаар агаарын бохирдолд бодитой хувь нэмэр оруулна. Бид боловсролын яамнаас газар, мөнгө хүсээгүй. Барилга барихад хэрэгтэй зөвшөөрөлд дэмжлэг үзүүлээч ээ гэж хүссэн. Гэтэл өмнөөс дэмжихгүй гэсэн гарын үсэгтэй бичиг явуулсан. Үүнд урам хугараад л сууж байна. Ингэж болохгүй шүү дээ.
-Хэдэн сард нүүхээр төлөвлөж байна вэ?
-Манай анагаах ухааны сургууль, Монгол анагаах ухааны сургууль энэ оны зургаадугаар сард нүүнэ. Үлдсэн хичээлийн байраа 2019 гэхэд барьчих юм бол манай сувилахуйн сургууль, нүүр ам судлалын сургууль, эм зүйн сургууль дагаад нүүнэ. Ингэхдээ 2019 онд оюутны байраа ашиглалтад оруулж чадах юм бол Арслантай гүүрний зүүн талд байрлах тус бүр 400 ортой оюутны 3800 мкв бүхий байр, сувилахуйн сургуулийн 5600 мкв байр, эмзүйн сургуулийн 2800 мкв байр, нүүр ам судлалын 2800 мкв, 1600 мкв эрүү нүүрний эмнэлгийн байр, цөм лаборатори гэсэн долоон объект сулраад ороод ирнэ. Энэ долоон объектыг төрд хүлээлгэж өгнө. Хандиваар өгч байгаа гэж хүмүүс буруу ойлгоод байна. Төрийн юмыг төрд хандивладаггүй юм. Бид удахгүй төрд бүрэн бүтнээр хүлээлгэж өгнө.
-Эдгээр барилгуудыг барихад нийт хэчнээн тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай вэ?
-Бидний байгуулж буй их сургуулийн эмнэлэг цогцолборыг барихын тулд нийт 240 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Анагаах ухааны сургууль, Монгол анагаах ухааны сургуулийн хоёр барилгыг бид өөрсдийн 11 тэрбумаар босгоод дуусаж байна. Харин оюутны байрыг 13-14 тэрбум төгрөгөөр барина. Хэрэв 2020 он гэхэд энэ цогцолбороо бүрэн ашиглалтад оруулж чадвал энэ засгийн үед хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалтын нэг болно. Тийм учраас бидний хийж буй ажлыг дэмжээч ээ гэж л хэлмээр байна.