Guilford нүүрсний хоёр том төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Guilford нүүрсний хоёр том төсөл хэрэгжүүлнэ

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guilford Coal” компани (ASX:GUF) нь Өмнөговь, Дундговьд нүүрсний хоёр томоохон төсөл хэрэгжүүлж буй юм. Тус компани хайгуулын лицензийнхээ тоог нэгээр нэмэгдүүлсэн тухайгаа өнгөрсөн мягмар гаригт мэдээллээ. Тус компанийн 70%-ийн эзэмшлийн охин компани “Terra Energy”  Өмнөговийн нүүрсний сав газарт “5262Х” хайгуулын лиценз эзэмшдэг “Алаг тэвш” компанийг 3.5 сая ам.доллараар бүрэн эзэмшилдээ авжээ. Энэхүү эзэмшлийн тохирооны дүнд тус компанийн хэрэгжүүлж буй “South Gobi” төслийн хайгуулын боломжит нүүрсний нөөцийн хэмжээ 122 сая тонноор нэмэгдэх боломжтой гэж тус компанийн төсөлд ажиллаж буй геологийн үнэлгээний хараат бус компани “Palaris Mining” үзжээ.

“Guilford Coal” компани нь Монголд “South Gobi”, “Middle Gobi” буюу “Өмнөговь” болон “Дундговь” гэсэн хоёр төсөл хэрэгжүүлэн, хайгуулын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлүүлэн, 8500 тууш метр өрөмдлөгө  хийчихээд буй ажээ.
“South Gobi” төслийн хувьд “Алаг тэвш” компанийн лицензийг оруулаад 582 сая хүртэлх тонн, харин “Middle Gobi” төслийн хайгуулаар 149 сая хүртэлх тонн нүүрсний нөөц илрүүлэх тооцоотой байна.

Хайгуулын 4 лиценз бүхий “South Gobi” төслийн хэсэг нь “МАК”, “SouthGobi Sands” компанийн нүүрсний уурхайтай хаяа дэрлэн оршиж буй бол, “Middle Gobi” төсөл нь Тавантолгойн ордын хойно 200 км-ийн алсад оршдог. Хоёр дахь төсөлд хайгуулын хоёр лиценз хамаарч буй юм.

Guilford хоёр төслийнхөө нөөцийг ЖОРК стандартаар нарийвчлан тогтоохоор зорьж буй бөгөөд эрчим хүчний болон коксжих нүүрсний үлэмж баялаг илэрнэ гэж үзэж байна.

Одоо тус компанийн хувьцааны үнэлгээ 4.52 хувиар буурч, 0.950 доллар болж сулраад байна.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж