УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Засгийн газрын ирэх 900 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл сонссон байна.
Шинэ танхим хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хөгжүүлэх, ажилгүйдлийг бууруулахад анхаарал хандуулж ажиллах тухай хөтөлбөр танилцуулжээ. Мөн үлдэж байгаа хугацаанд ямар том төслүүд дээр ажиллах вэ гэдгээ тодорхой болгож, бүлэгт мэдээлэл өгөхөөр болсон байна.
Хоёр дахь нь агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хуулийн төсөлд юу тусгах, хөрөнгө санхүүг хаанаас ямар эх үүсвэрээс босгох боломжтой талаарх тодорхой саналыг хаврын чуулганаар оруулж ирэх даалгаврыг Засгийн газарт чиглэл болгожээ.
Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Агаарын бохирдлыг бууруулахад шийдвэртэй алхам хийхгүй бол УИХ-ыг тараах санаачилга гаргана гэдгээ Ерөнхийлөгч мэдэгдсэн. Та харин эсрэг байр суурь илэрхийлсэн?
-Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гаригийн чуулганд оролцохдоо цагаан сар гэхэд утааг бууруулж чадахгүй бол УИХ-ыг тараах чиглэлээр идэвхицтэй хөөцөлдөнө гэсэн утгатай үг хэлсэн. Тодорхой ажил хийлээ гэхэд сар гаруйн хугацаанд хүссэн үр дүнд хүрч чадахгүй. Цагаан сар гэхэд агаарын бохирдлыг тэдэн хувир бууруулна гэж бид ард түмэндээ худлаа ярьж болохгүй. Монгол төрийн тэргүүн парламентыг тараана гээд яриад сууж байгаа нь буруу.
Нийгэмд Ерөнхийлөгчийн зөв, буруу гээд ярилцаж байна. УИХ тарж болно. Гэхдээ УИХ тарснаар ямар хор холбогдол дагуулах вэ гэдгийг бодох ёстой. Төр тогтворгүй байх нь улс орон тогтворгүй болохын үндэс болдог. Монгол Улсын эрх ашгийг тэргүүнд тавьж явах ёстой.
-Агаарын бохирдлыг бууруулах тухай ярихаар л Засгийн газар агаар цэвэршүүлэгч, маск тараана гэх юм. Өөр арга байдаггүй юм уу, бүлэг дээр энэ тухай ярьсан уу?
-Утаа урьд жилүүдийнхээс их байгаа. Агаарын бохирдлоос хүүхдүүдээ хамгаалахын тулд эхний ээлжинд амны хаалт, агаар цэвэршүүлэгчээр хангах арга хэмжээг зохион байгуулж байгаа юм билээ.
Хуулийн дагуу зөв явж байна уу гэдэгт хяналт тавих боломж бүгдэд нь байгаа учраас хяналтаа тавих ёстой.
-Ерөнхий сайд болон Сангийн сайд татварын асуудлыг эргэн харъя гэдэг зүйлийг хэлсэн. Бүлэг дээр энэ асуудал яригдсан уу?
-Татвартай холбоотой асуудал яригдсан. 1.5 сая төгрөгөөс дээших орлогод шатлалаар татварыг нь нэмэхээр хууль баталсан. Гэтэл нийгэмд буруу ойлголт яваад байгаа. Бүх татвар 25 хувь болсон гэж. 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой зарим иргэдийн хувьд ажил мэргэжлийнх нь онцлог байдаг юм байна. Энэ асуудлыг харгалзаж үзэх ёстой гэж бүлгийн гишүүд хэлсэн. Олон улсын валютын сангийн төлөөлөгчид нэгдүгээр сарын 25-нд Монголд ирж ажиллана. Энэ үеэр Засгийн газар асуудлыг танилцуулна. Хамгийн зөв шийдэж болох судалгааг мөн хийж байна гэдэг мэдээллийг өгсөн.
-Япон, Канад, АНУ-д суух Элчин сайд нарын асуудлыг шийдэлгүй долоо сар боллоо. Үүнийг ярьсан уу?
-Элчин сайд нарын асуудал болон гадаад харилцаатай холбоотой асуудлыг нэлээн ярьсан. АНУ, Канад, Япон гэсэн гурван гүрэнд Элчин сайдаа томилох асуудлыг өмнөх Ерөнхийлөгч шийдээд, тухайн орон нь Элчин сайдаар авъя гэдэг зөвшөөрөл нь ирчихсэн байхад Ерөнхийлөгч Х.Баттулга шаардлага хангахгүй хүмүүс гэдгээр хойшлуулаад хүлээлгэж байгааг ойлгохгүй байгаа, үнэндээ.
УИХ, Ерөнхийлөгч шийдвэрээ гаргачихсан юм шүү дээ. Ерөнхийлөгчийн зарлигийг албан бичгээр үгүйсгэж болохгүй. Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгоё гэвэл зарлигаар хүчингүй болгох ёстой болохоос биш Засгийн газар луу албан бичиг шидчихээд суугаад байх асуудал биш.
Г.ДАРЬ