Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийг Палестины дүрвэгсдэд тусалдаг гэдэг шалтгаанаар татан буулгах хүсэлтэй байгаа гэнэ. Нетаньяху тус агентлагийг Израиль цаашид оршин тогтноход аюул занал учруулж байна гэж үзжээ.
Палестины дүрвэгсдэд туслах НҮБ-ын Ойрхи Дорнодын агентлаг (UNRWA)-ийн санхүүжилтийг зогсооно хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын сүрдүүлэн хэлсэн үгийг Израилийн ерөнхий сайд дэмжсэн юм.
Нетаньяху “Би Палестины дүрвэгсдэд туслах агентлагийн талаарх ерөнхийлөгч Трампын шийдвэртэй бүрэн санал нийлж байна. Палестины дүрвэгсдэд туслах агентлагийн санхүүжилтийг дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газарт шилжүүлж, дүрвэгч нэртэй этгээдүүд биш, жинхэнэ дүрвэгсдийг дэмжихийг санал болгосон ” хэмээн ням гаригт мэдэгджээ.
Палестины дүрвэгсдэд туслах НҮБ-ын Ойрхи Дорнодын агентлаг (UNRWA) нь Йордан, Ливан, Сири, Газын зурвас, Йорданы баруун эрэн болон зүүн Иерусалимд байгаа таван сая палестинчуудад боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүмүүнлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм.
Нетаньяхугийн дээрх мэдэгдлийн хариуд дээрх агентлагийн төлөөлөгч хэлэхдээ ‘Энэ асуудал бол сөргөлдөгч талуудын асуудал болохоос агентлагийн асуудал биш. Үүнийг НҮБ-ын тогтооол шийдвэрүүд болон олон улсын конвенцэд тулгуурлан олон улсын хамтын нийгэмлэгтэй зөвшилцөж, энхтайван замаар сөргөлдөгч талууд шийдэх ёстой. Палестины дүрвэгсдийн хувь заяа эцэслэн шийдэгдэх хүртэл энэ агентлаг Аюулгүйн зөвлөлийн мандаттай үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн явуулах болно” гэжээ.
Эх сурвалж: RT