Австралийн Сидней хотод сүүлийн 79 жилд тохиогоогүй их халуун болж, агаарын температур Цельсийн 47.3 хэм хүртэл халжээ. Сиднейн баруун хэсгийн Пенрит орчимд хамгийн халуун бүртгэгдсэн байна. Сүүлд 1939 онд тус бүс нутагт 47.8 хэм хүртэл халж байв.
Хэт халалтын улмаас Сиднейн ойр орчимд ой, хээрийн түймэр гарч болзошгүй гэж хотын захиргаанаас сэрэмжлүүлж, болзошгүй аюулаас сэргийлж “гал түймрийн хориг арга хэмжээ” хэмээн нэрлэдэг бэлэн байдал зарлаад байна. ABC сувгийн мэдээлснээр Mission Australia гэх хүмүүнлэгийн байгууллага эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон орон гэргүй хүмүүсийг эмнэлэгт хүргэж, өөр бусдыг нь түр орогнох газарт шилжүүлжээ.
Австралийн зүүн эргийн Нью Саут Уэльс мужид их халуунаас үүдэн 7000 орчим байшин, барилга цахилгаангүй болсон гэж Sydney Morning Herald сонин мэдээлэв. Ой, хээрийн түймрийн эрсдэлээс сэргийлэх үүднээс галын хориг тавьсан ч Виктория болон Саут Австралия мужид өнгөрсөн бямба гаригт /2017.01.06/ хэд хэдэн түймэр гарч, байшин сүйдсэн тохиолдол гарсан байна.
Австралид өнгөрсөн жилийн зун буюу 2016 оны арванхоёрдугаар сараас 2017 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд хэт халалт, гал түймэр, үер гээд цаг агаарын бүртгэгдсэн дээд хязгаарыг давсан 200 гаруй тохиолдол гарчээ.
Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж эх газрын болон далайн дундаж температур нэмэгдэж байгаа нь цаг агаарын гамшигт үзэгдэл дагуулах болно гэдгийг шинжээч, мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.
С.ЦЭЛМЭГ