Хятад 2017 онд авлигын хэргээр 159 мянган хүнийг шийтгэжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Хятад 2017 онд авлигын хэргээр 159 мянган хүнийг шийтгэжээ

Хятад 2017 онд авлигын хэргээр 159 мянган хүнийг шийтгэжээ

Хятад улс авлигатай тэмцэх ажлын хүрээнд намын дотоод дүрэм зөрчсөн, авлига авсан хэргээр 2017 онд 159 мянган хүнийг шийтгэжээ.

Нийт 122,100 хэрэгт холбогдуулан 159,100 хүнийг шийтгэсэн гэж ХКН-ын Сахилга батыг хянан шалгах төв хороо ням гаригт /2017.01.07/ мэдэгдсэн байна. Мөн өнгөрсөн 2017 оны нэгээс арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд намын найман зүйлт тогтоолыг зөрчсөн гэх 43,400 хэргээр 61 мянган хүнд зохих шийтгэл оноожээ.

Түүнчлэн эх орноосоо зугтсан 1300 иргэн, тэдний дотор ХКН-ын гишүүн болон төрийн удирдлагад ажиллаж байсан 347 хүн, авлигын хэрэгт сэжиглэгдсэн “топ-100” жагсаалтад багтсан 14 хүнийг 2017 он гарсаар нутагт нь буцаан авчирчээ. Мөн төсвийн хөрөнгөөс завшсан 980 сая юань /151 сая ам.доллар/-ийг хурааж, улсын орлого болгосон байна.

ХКН-ын Сахилга батыг хянан шалгах төв хорооноос мөн 2017 онд авлига, хээл хахууль, төсвийн хөрөнгө шамшигдуулах, завших зэрэг хэрэгтэй холбоотойгоор гадаадын хууль сахиулах байгууллагуудын түвшинд 50 гаруй уулзалт, зөвлөгөөн зохион байгуулсан, төрийн өмчит 18 байгууллагын удирдлагыг шалгаж эхэлсэн, 40 орчим хүнд шийтгэл оноосон зэрэг мэдээллийг тайлагнажээ.

Авлигатай тэмцэх ажлын үр дүнг сайжруулахын тулд намын Сахилга батыг хянан шалгах төв хорооноос намын дотоод дүрэм, журам зөрчиж, авлигын хэрэгт холбогдсон 670 хэргийг цахим хуудсандаа байршуулж, олон нийтэд ил болгосон байна. Энэ мэт ХКН-ын авлигын эсрэг кампанит ажлын үр дүнд ард түмний сэтгэл ханамж ч нэмэгдэж, 2012 онд авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүнгийн талаарх ард түмний сэтгэл ханамж 75 хувьтай байсан бол 2017 онд 93.9 хувьд хүрсэн байна.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж