"ШТС-ууд дур мэдэн үнэ нэмэх ёсгүй"

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

"ШТС-ууд дур мэдэн үнэ нэмэх ёсгүй"

"ШТС-ууд дур мэдэн үнэ нэмэх ёсгүй"

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-д хэрэглэгчдээс ирүүлсэн “Зарим компанийн шатахуун түгээх станцууд хязгаарлалт хийгээд байна” гэсэн мэдээллийн дагуу агентлагийн даргын 2017 оны 1/19 дугаартай удирдамжаар шуурхай ажлын хэсэг гарч нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт /тандалт, судалгаа/-ын ажил хийгдэж байна. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагвагаас дараах зүйлсийг тодруулаа.


-Шалгалтын явцад ямар аж ахуй нэгжүүд дээр зөрчил илэрсэн бэ?

Хяналт шалгалтын явцад “Магнай трэйд” ХХК, “Сод монгол” ХХК, “Тэс пэтролиум” ХХК-иудын Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим салбаруудад А-92 авто бензин, ялангуяа дизель түлшний жижиглэнгийн борлуулалтдаа хязгаарлалт хийсэн байдалтай байсан. Эдгээр гурван аж ахуй  нэгжийн захирлуудыг улсын ерөнхий байцаагч хүлээн авч уулзаж, хязгаарлалт хийж байгаа үйл ажиллагаагаа зогсоо гэж шаардлага тавьсан.

-Хязгаарлалт тогтоосон аж ахуй нэгжид ямар хариуцлага тооцох вэ?

-Бид өрсөлдөөний хуулийн дагуу шалгаж байгаа. Эхлээд ямар учраас хязгаарлалт тогтоож, хомсдолыг үүсгэсэн бэ гэдгийг  мэдэх хэрэгтэй. Аливаа нэг аж ахуй нэгж байгууллагыг шалгахдаа хуулийн хүрээнд маш нарийн шалгахгүй бол дараа нь манай тавьсан торгууль, шийдвэр шүүх дээр унадаг тохиолдол бий.

-Шалгалтын дүн хэзээ гарах вэ ?

-Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Тэрбишээр ахлуулсан гурван ажлын хэсэг “Магнай трейд” ХХК, “Сод монгол” ХХК, “Тэс пэтролиум” ХХК-иудын зарим авто бензин болон дизель түлшний борлуулалтдаа хязгаарлалт хийсэн үйлдлийг нарийвчлан шалгах ажил үргэлжлэн явагдаж байгаа.  Шалгалтын дүн гарах болоогүй байна. Дүн нь гарахаар мэдээлэл хийнэ

-Тэгэхээр аж ахуй нэгж байгууллагууд дур мэдэн үнээ нэмэх ёсгүй юм байна шүү дээ?

Үнэхээр бензин шатахууны хомсдол үүсч, нийлүүлэлт багасаад, нөхцөл байдал хүнд байгаа бол Монгол Улсын Засгийн газар юм уу, эрх бүхий байгууллагаас мэдээлэл хийнэ. Харин аж ахуй нэгж, байгууллагууд дураараа үнэ нэмэх, нөөцлөх асуудал байж болохгүй.

-Хэрэв дээрх зөрчил гаргасан гурван аж ахуй нэгж зохиомол хомсдол үүсгээд, хуйвалдаж үнээ нэмсэн бол хуулийг ямар хариуцлага хүлээх вэ?

-Өрсөлдөөний тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд  заасан журмын зөрчлийнхөө төрлөөс хамаараад дөрөв болон зургаан хувиар торгох заалттай байгаа.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж