Хүүхдийн хоолны мөнгийг 1147 төгрөгөөр нэмнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

Хүүхдийн хоолны мөнгийг 1147 төгрөгөөр нэмнэ

Хүүхдийн хоолны мөнгийг 1147 төгрөгөөр нэмнэ

Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгийг 1147 төгрөгөөр нэмж, шаардагдах мөнгийг эцэг, эхчүүдээс авах саналыг Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам /БСШУСЯ/-аас гаргажээ.  

2018 оны өмнөхөн Засгийн газрын хуралдаанд энэ саналаа танилцуулж, шийдэж өгөхийг хүссэн байна. Харин Засгийн газраас “Нийгэмд сенсаац үүснэ. Иргэдийн амьдрал ядуу байхад хүүхдийнх нь хоолны мөнгөний тодорхой хувийг авна гэвэл шүүмжлэл дагуулна. Тиймээс өөр хувилбар судалж, боловсруул” гэсэн үүргийг БСШУСЯ-ныханд өгчээ. 

Салбарын яамныхан болоод цэцэрлэгийн багш нар хүүхдүүдэд өгөх хоолны шим тэжээлийг нэмэхийн хүсвэл шаардагдах санхүүжилтийг аав, ээжээс нь авахаас өөр сонголтгүй гэдгээ тайлбарлав. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эхээс авна гэж заажээ. Энэ хуулийн дагуу хүүхдийнхээ дархлааг нэмж, өдөрт иддэг хоол, хүнснийх нь норм, нормативыг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг аав, ээжүүд гаргах үүрэгтэй аж. 

Улсын цэцэрлэгт сурдаг хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгөнд төрөөс 1650 төгрөгийг, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн нэг хүүхдийн нэг хоногийн хоолны мөнгөнд 2400 төгрөгийг зарцуулдаг юм. Энэ мөнгөн дүнг 1147 төгрөгөөр нэмж,  өдрийн ангийн хүүхдэд 2797 төгрөг, 24 цагийн ангид суралцдаг хүүхдэд 3547 төгрөгийн хоол өгөх тооцооллыг гаргаснаа БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга С.Болормаа хэллээ.

Тэрбээр “Ээж аавуудад муу хэлүүлээд төр үйлчлээд л байна. Төр цэцэрлэг барьж өгсөнгүй, тэнд ажиллах багшаа бэлтгэж өгсөнгүй, төр хоол муу өглөө. Манай хүүхэд өлсөөд байна гэдэг. Гэтэл эцэг, эх бүхэл бүтэн хүн гаргачихаад тэдэндээ юу зориулдаг билээ. 1000 төгрөгийн хоол зориулж чадахгүй байна гэж үү? бодох л хэрэгтэй” хэмээн ярьсан юм. 

БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга С.Болормаа

Өмнө нь цэцэрлэгийн хүүхдийн хоолны 41 хувийг төр, үлдсэнийг нь эцэг, эх нь хариуцдаг байсан. Харин 2009 оноос энэ байдлыг өөрчилж төрөөс хоолны мөнгийг нь 100 хувь хариуцдаг болсон. Ингэснээр эцэг, эхчүүдийн хүлээх хариуцлагыг байхгүй болгосон гэж шүүмжлэх багш нар байна. Хамгийн сүүлд хүүхдийн хоолны мөнгийг нэмж 1650 төгрөг болгосон ч, хүүхдүүд энэ мөнгөнд тохирсон хоол хүнснээс шаардлагатай илчлэг, уураг, амин дэм, шим тэжээлээ авч чаддаггүй гэнэ. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ хоолонд тодорхой хэмжээгээр мөнгө гаргадаг байх хэрэгтэйг Орхон аймгийн Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Тайвантуул хэлэв. Орхон аймагт цэцэрлэгийн насны 8100 гаруй хүүхэд 37 цэцэрлэгт хуваагдан суралцдаг аж.  Нэг ангид дунджаар 30 хүүхэд сурдаг байна. 

Орхон аймгийн Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Тайвантуул

Харин “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяанд 29 цэцэрлэг бий. Эдгээр цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө нь 2450 төгрөг. 1650 төгрөгийг нь төрөөс гаргадаг бол 800 төгрөгийг нь эцэг, эхээс нь гаргуулдаг аж. Ингэж цэцэрлэгийн хүүхдийн нэг өдөрт идэх хоолны зардлын мөнгийг нэмэх  тусам тухайн хүүхдийн өдрийн хоолноосоо авах илчлэг  нь нэмэгддэгийг “Улаанбаатар төмөр зам”-ын 185 дугаар цэцэрлэгийн  эрхлэгч Л.Янжмаа онцлов. 

“Улаанбаатар төмөр зам”-ын 185 дугаар цэцэрлэгийн  эрхлэгч Л.Янжмаа

Цэцэрлэгүүд хүүхдүүдийнхээ өглөөний цайнд халуун чанарын зутан,  үдээс өмнө нь жүүс, печень, өдрийн хоолонд нь шөлтэй, хуурай хоолыг хослуулж өгдөг байна. Цэцэрлэгийн тогооч нар хуваарилагдсан зардалдаа тохируулаад мах, төмс, гурилыг голдуу хүүхдүүдийнхээ хүнсэнд ашигладаг гэв. Уг нь хүүхэд хоногт идэх хоолныхоо 75-80 хувийг цэцэрлэгт, үлдсэн эрдэс бодис, шим тэжээлийг гэрийнхээ хоолноос авах ёстой аж. Мөн “Хүн амын хоол тэжээлийн физиологийн норм”-д зааснаар 1-3 настай хүүхдийн эрэгтэй нь 1260, эмэгтэй нь 1200 ккл, 4-6 настай хүүхдийн эрэгтэй нь 1700, эмэгтэй нь 1600 ккл илчлэг хүнсээр авбал зохистой гэжээ.

 

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж