“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э
Арвантавдугаар бүлэг
ВАН ШИ ФӨН ТЕ ЖЯНЬ СЫ СҮМД ЧАДАЛ ЮУГАА ГАРГАЖ, ЧИНЬ ЖИН ЧИН МАНЬ ТОУ ЯНЬ СҮМД ЦЭНГЭЛИЙГ ЭДЛЭВ
Өгүүлэх нь: умрыг төвшитгөх Жин ван Шы Рун бол толгойдоо цас цагаан залаатай, мөнгөн жигүүрт титэм тавьж, далайн усанд таван хумст луу бүжиглэсэн цагаан магнаг дээл өмсөн цэнхэр хаштай улаан бүс бүсэлсэн, гэгээн тунгалаг царайтай, гэрэлт одон нүдтэй, үнэнхүү сайхан зүстэй төрсөн хүн Бао Юйн өмнө харагджээ. Тэрбээр яаран очиж мөргөн золгоход, эрхэм ван сүйхнээс гараа сунган түшиж авав. Бао Юй ч гэсэн гэзгээ мөнгөн малгайгаар дарж, далайгаас гарсан хос луут даруулгаар магнайгаа дарж, суман ханцуйтай, цагаан магнаг дээл өмсөн, сувд шигтгэсэн мөнгөн бүс бүсэлсэн, лянхуа цэцгийн царайтай, лүнтэн хар нүдтэй залуу байв. Түүнийг хараад умрыг төвшитгөгч ван “Хоосон нэр алдаршсан ч юм биш байна. Үнэхээр эрдэнэ мэт хаш адил юмаа” гээд, “-Чиний үмхэж төрсөн тэр эрдэнэ чинь хаана байна” гэсэнд Бао Юй яаран энгэрээ ярж хашаа өргөн умрыг төвшитгөгч Жюань ванд бариулсанд тэрбээр нарийн ажиглан дээрх үсгийг нь уншаад “Энэ үнэхээр гайхамшиг чадалтай юү” гэж асуув. Жя Жөн
-Хэдий тийм гэх боловч туршиж үзсэнгүй гэв. Умрыг төвшитгөгч Жин ван шагшран гайхаад, цацгийг нь шувтран зассаар Бао Юйд зүүж өгөөд гарыг нь атган “Хэдэн настай вэ, одоо ямар ном үзэж байна вэ” гэхчилэн асуусанд нэгд нэгэнгүй хариулав.
Умрыг төвшитгэгч Жюань ван, Бао Юйн хэл ам хурц тод, өгүүлж ярих нь эмх цэгцтэйг үзээд Жя Жөнд хандаж
-Эрхмийн хөвгүүнийг үнэхээр Луу, Гарьдын зулзага гэж болно. Өчүүхэн ван, ахмад найзын өмнө чалчих биш, “Урьд гарсан чихнээс хойно ургасан эвэр хатуу” гэгчээр үнэхээр хэмжээлэхийн аргагүй гээд инээсэнд Жя Жөн,
-Муу хөвгүүн, хэрхэн аймшиггүй эрхэм таны ариун сайшаалыг хүртэж чаднаа. Ван таны өршөөлд багтаж, үнэхээр таны айлдсан ёсоор болбол мөн доорд түшмэл миний зол болой гэж хариу хэлэв. Ван дахиад,
-Ганц нэгэн зүйл хэлэхэд, эрхмийн хөвгүүн энэ мэт цэцэн сэргэлэн тул настай Тайтай лав энхрийлэн хайрлаж байгаа. Гэвч бидний мэтийн залуу бага хүнийг хэтэрхий эрх дураар нь тавибал сурлагаа саатуулахад хүрнэ. Өчүүхэн ван би ч багадаа энэ замаар явсан. Бодвол, эрхэм таны хөвгүүн ч тийм байж магад. Эрхмийн хөвгүүн, гэртээ хичээн сурахад дөхөмгүй бол манай гэрт үргэлж очуулж болно. Өчүүхэн ван би хэдий эрдэмгүй боловч дэлхий дахины олон мэргэд нийслэлд ирвэл, цөм надад сургаал хүртээнэ. Иймээс миний тэнд эрдэмтэн мэргэд олон цугладаг. Эрхмийн хөвгүүн байнга очиж, уулзаж ярилцвал эрдэм мэдлэг нь өдөр ирэх бүр ахиж болох юм гэсэнд Жя Жөн яаран мэхийн ёсолж: “За” гэж шууд хэлэв.
Умрыг төвшитгэгч ван, бугуйнаасаа эрхи авч Бао Юйд өгөөд: “Өнөөдөр анх уулзаж байгаа болохоор бэлэглэх юм авчирсангүй. Энэ бол богд эзний хайрласан заарын үнэрт эрхи болой. Түр хичээнгүйлэх бэлэг болгосугай” гэхэд нь яаран аваад эргэж Жян Жөнд барив. Тэр хоёр ванд талархах ёс гүйцэтгэж байтал Жя Шө, Жя Жэнь нар ирж, буцан залрахыг мөргөн айлтгасанд Умрыг төвшитгөгч Жюань ван:
-Нөгцсөн нь бурхны оронд хүрч, чи бидний мэт улаан тоосны доторх хүн биш болжээ. Өчүүхэн ван, хэдий тэнгэрийн хишгийг хүртэж вангийн зэргийг залгамжилсан боловч чандраас урьтан явж хэрхэн болох вэ гэв.
Жя Шө нар түүний үл дагахыг үзэж, хишигт талархан буцаж, дорх хүмүүстээ захиж аялгуу хөгжмийг зогсоон1 чандрыг өнгөрүүлсэн хойно сая умрыг төвшитгэгч Жюань ванг үдэж мордуулсаныг үл өгүүлэн өгүүлэх нь:
Нин Гуофүгийн гашуудлын цуваа замын туршид маш сүр бараатай явна. Хотын хаалга хүрэхэд Жя Шө Жя Жөн, Жя Жэнь нарын хамт тушаалтан ба дорх алБань тушаалтан нарын гэрүүдийн тахилгын цацрууд угтаж тахилга тавьсанд тэр бүхэнд хариу талархал хүргэсэн хойно хотоос гарч шууд Те Кань Сы сүм хүрэх их замд оров. Тэр үес Жя Жөн, Жинь Рунгийн хамт олон ахад настны өмнө очиж сүйх тэргэнд суух, морь унах хүмүүсийг тус тусад нь зааж өгч, өөрсдөө ч унаандаа суув. Фөн Же Бао Юйн төлөө санаа зовно. Тэрбээр дорх хүмүүсийн үгийг авахгүй. Жя Жөн ч түүнийг анхаарах мантай яваа болохоор дур зоргоор аашилж, иймээ тиймээ юм болох вэ гэж болгоомжлон зарц нараар дуудуулсанд аргагүй түүний тэрэгний өмнө ирэв. Фөн Же баярлан: “Дүү минь, чи бол хүүхэн, охин хүн мэт эрхэм гэгээмсэг хүн. Тэднийг дууриаж морь унаж болохгүй. Буугаад ир, хоёулаа хамтдаа тэргэнд сууж явъя” гэсэнд мориноосоо буугаад, эгчийнхээ тэргэнд сууж хоёул инээлцэн явна. Тэгтэл хоёр морьтой хүн, шууд Фөн Жэгийн дэргэд ирээд мориноос буун, тэргийг түшин зогсоод “Энд түр амсхийх газар бий. Найнаа бууж, бие засах болов уу” гэхэд нь:
-Даруй Шин, Ван хоёр Фүрэний саналыг ав гэж хэлэв. Мөнөөх хоёр:
-Тайтай нар амсхийхгүй. Найнааг өөрөө мэд гэсэн юм гэсэнд
-За тэгвэл түр буугаад явъя гэв.
Зарц нар сүйх морийг авч олноос зайдуу гарав. Бао Юй хүн явуулж Чинь Жунг ир гэж хэлүүлэв. Тэр үед цаадах нь морь унаад, эцгийнхээ сүйхийг дагаад явж байв. Тэгтэл Бао Юйн зарц ирж “Түр амсхийхийг” хүсэв. Чинь Жун тэндээс Бао Юйн унаж явсан морь, Фөн Жэгийн тэрэгний араас дагаж хойшоо явахыг үзээд, тэдний хойноос очиж, тэдэнтэй хамт тосгон руу явав.
Тосгонд тариачин айлын байшин цөөн, бүсгүй хүний бие далдлах газаргүй ажээ. Хөдөөгийн эмс охид, Фөн Же тэдний өнгө зүс, хувцас хунарыг хараад тэнгэрээс бууж ирсэн хүмүүс болов уу хэмээн гайхацгаав. Фөн Жэг өвсөн гэрт ормогц Бао Юй Чүнь Жун хоёрыг цаанаа бай гэсэнд санааг нь мэдээд зарц нарын хамт холдоцгоов. Тэд тариачны орон гэр, хэрэглэдэг юмыг огт үзээгүй учир тэнд байгаа юм бүхэн сонин санагдаж, ямар нэртэй, юунд хэрэглэдэг юмс болохыг асууна. Зарим нэг урьд нь үзсэн зарц мэдэхийгээ хэлж өгнө. Бао Юй толгой дохиж: “Эртний нэгэн шүлэгт
Таван тарианы мөхлөгт
Тариачны хөлс цус дүүрэн… гэж байдаг нь ийм ажээ” гээд нэг байшинд ортол ханз дээр хүрд ээрүүл байхыг хараад нэн гайхав. Зарц нар “Энүүгээр утас ээрч, бөс даавуу нэхдэг” гэж хэлсэнд, Бао Юй ханз дээр гараад эргүүлэх гэтэл арван долоо найман насны тариачин охин ирж “Битгий эвдчих” гэв. Бао Юй эргүүлэхээ болиод:
-Би үүнийг угаас үзээгүй болоод л хөдөлгөж үзсэн юм гэсэнд нөгөө хүүхэн:
-Чи эргүүлж чадахгүй. Би эргүүлж өгье гэв. Чинь Жун Бао Юйн ханцуйнаас татаж:
-Энэ харин овоо, зүгээр хүүхэн байна гэсэнд цаадах нь түлхээд:
-Битгий дэмий юм чалч. Би үүнийг зодно гэж хэлтэл мөнөөх хүүхэн, түүний хэлэхийг огтхон ч тоолгүй, утсаа тун сайхан ээрч эхлэв. Ийн байтал нэг эмгэн тэндээс:
-Хүүхээ, нааш ир гэж дуудсанд, охин ээрүүлээ тавиад явав. Бао Юй сүнсээ алдсан мэт урамгүй болтол Фөн Же тэр хоёрыг дуудуулав. Фөн Же гараа угаан, хувцсаа солиод Бао Юйгээс хувцсаа солих уу гэж асуусанд “Үгүй” гэв. Зарц эмс цай аягалсанд тэд амсаад тэргэндээ сууцгаав. Энэ үед Ван Эр ирж, тэдний буусан тариачин айлд урамшлын юмс өгсөнд, утас ээрсэн хүүхэн ирж аваад талархлаа илэрхийлэв. Нэг харах нь өнөөх хүүхэн, нэг хүүхэд тэвэрч бас хоёрыг хөтлөөд, тэднийг үдэж байх янзтай замын хажууд зогсож байв. Бао Юй тэсгэлгүй сэтгэл хөдлөх боловч бие нь нэгэнт тэргэн дээр байгаа болохоор зөвхөн нүдний булангаар хараад өнгөрөв.
Тэрэг, морины явдал салхи мэт хурдан болохоор тосгоны зүг эргэж харвал бараа сүүдэргүй болжээ. Тэд ярилцан инээлцэн явсаар гашуудлын цувааг нэхэн очив. Өмнө нь хэзээний номт хэнгэрэг, алтан цанхилзуур, туг далбаа эрдэнэсийн шүхэр барьсан хуушаан нар замын хажууд жагсан хүлээж байв. Төдөлгүй сүмд хүртэл дахин ном гүрэм эхэлж, чандрыг харшийн хажуудах байшинд тавьж хүж асаатал Бао Юй чандрыг манахаар дэвсгэр суудлаа засав. Гадаа Жя Жэнь хүмүүсийг зочлон байтал зарим нь явж зарим нь үлдэх болсонд тэр бүхэнд талархаж ёсыг гүйцэтгэв. Олон гүн, тэргүүн түшмэл, жигүүрийн түшмэлүүд уван, цуван явсаар, хонин цагт багтан явж дуусав. Ойр төрлийн хэдхэн хүн, гурван өдрийн буяныг үйлдэв. Тэр үес Шин, Ван хоёр Фүрэнь Фөн Жэг лав харьж чадахгүйг мэдээд Бао Юйг авч хот орох гэсэнд тэрбээр юуны харих вэ, Фөн Жэтэй цуг байна гэх тул Ван Фурэнь аргагүйдэн түүнд тушаагаад явав.
Уг нь Нин, Рун хоёр гүн байхдаа энэ Те Кань Сы сүмийг байгуулсан бөгөөд одоо хүртэл зул хүжний газар тариатай, нийслэл дэх хүмүүс нас барвал энд чандрыг нь түр тавихаар бэлтгэсэн ажээ. Чандрыг хүргэгсдийг хонуулахын төлөө тусгай байр, чандар тавих байр зэргийг бас бэлтгэжээ. Гэвч үр хүүхэд олширсоор, баян ядуугийн тэгш биш байдал, зан аашны адилгүйгээс болж сүүлдээ ядуу зүдүү нь энд байрлаж баян чинээлэг нь эндэхийг голоод ойролцоох тосгон суурин бас чавганцын сүм гэгчид очиж буудаг болжээ. Одоогийн Чинь авхайн оршуулгад оролцсон төрөл садангийн хүмүүсийн зарим нь энэ сүмд, зарим нь бусад газарт буужээ. Фөн Же ч энэ байдлыг мэдээд, Манту Ань сүмийн чавганц Жан Шүйд хэлүүлэн байр бэлтгүүлжээ. Уг нь энэ Манту Ань сүм гэгч нь Шүй Юэ сүм бөгөөд манту сайн хийдгээс ийм цолтой болжээ. Хуушаанууд хурлаа хурж дуусаад тахилаа тавьсан хойно Жя Жэнь даруй Жинь Рун гээр Фөн Жэг унтаж амар гэж хэлүүлэв. Бүсгүй гийчдийг ахдүүсийн эхнэрүүд зочилж байгаа тул Фөн Же явж Бао Юй, Чинь Жун хоёртой цуг Манту Ань сүмд очив. Чинь Баньеэ настай бөгөөд өвчин хуучтай учраас энд байж чадахгүй болоод буцахдаа, оршуулах ажилд хүүгээ оролцуулахаар үлдээжээ. Тэгээд Чинь Жун Фөн Же эднийг дагаж яваа ажээ. Тэднийг Манту Ан сүмд очиход Жан Шүй чавганц Жы Шан, Жы Нөн хоёр шавьтайгаа угтан гарч ирээд бүгдтэй золгов. Фөн Же нар дотогш орж, угаан цэвэрлэж дуусаад чавганцын шавь нарыг харангуут өсөж, том болсныг нь гайхаад: “Яагаад та болон шавь нар тань манай тэрүүгээр очихоо больчих” гэж асуухад чавганц:
-Тун сая Ху ноёны ордонд хөвгүүн үр заяаж, Тайтай нь арван лан мөнгөний барилга илгээж, хэдэн хуушаан залж “Цагаан шүхэрт”2 уншуулна гэсэн юмаа. Түүнд яараад найнайгийн амрыг эрж амжсангүй гэж хэлэв. Настай эмгэн, Фөн Жэг хэрхэн зочилж дайлсаныг үл өгүүлэн өгүүлэх нь: Чинь Жун Бао Юй хоёрыг харш сонирхон явж байтал Жы Нөн ирж явав. Бао Юй инээгээд: “Жы Нөн ирж явна” гэсэнд Чинь Жун “Түүнийг тоож юу хийнэ” гэв. Бао Юй инээгээд: “За чи битгий баширлаад бай. Лао Тайтайгийнд хүнгүй байхад чи түүнийг тэврээд байсан нь яах гэсэн юм бэ. Одоо харин намайг мэхлэх санаатай юү” гэхэд Чинь Жун инээгээд: “Ор үндэсгүй үг байна” гэв. Бао Юй: “За үүний ортой, оргүй ч яахав, Чи над нэг аяга цай өгвөл би юм хэлэхгүй” гэв. Цаадах нь мөн л инээж: “За яах нь энэ вэ. Цай аягалуулахад болохгүй ч юү байхав, гэхдээ надаар аягалуулдаг нь” гэтэл Бао Юй: “Миний аягалуулсан цайнд учиргүй. Харин чинийхэд учиртай” гэхэд Чинь Жун аргагүйдэж “Нөн Эр чи цай аягалж өгөгтүн” гэв. Энэ Нөн Эр багаасаа Рун фү ордонд орж гарч байхдаа танихгүй хүнгүй болсон, Бао Юйтэй дандаа тоглож нааддаг байсан бөгөөд том болоод дур янагийн явдлыг ойлгох болж, Чинь Жунг тоож эхэлсэн юм. Цаадах нь ч түүний гоо үзэсгэлэнд татагдаж, иймээ тиймээ учиргүй ч ухаан санаагаа нэгэнт мэдэлцжээ.
Жы Нөн цай аягалаад ирсэнд Чинь Жун инээж: “Надад өг” гэсэнд Бао Юй: “Алив надаа” гэв. Охин жуумалзаад “Аяга цайг хүртэл булаалдаад л…” гэтэл Бао Юй аваад уух зуураа юм хэлэх гэтэл Жы Шан ирж “Жы Нөнг идээ будаа зас” гэж байна хэмээн дуудаад, төдөлгүй бас тэр хоёрыг ч “Цай зоогло” гэж урив. Тэр хоёр юуны нь, идэж уух вэ, түр азнаад гарч зугаалан наадав. Фөн Же хоноглох байрандаа очоод чавганцтай хөөрөлдөнө. Энэ үес олон зарц охид, бэрүүд онцын ажилгүй тул унтаж амрахаар явцгааж дэргэд нь хэдхэн ойр дотныхон үлдсэн тохиолыг завдаж чавганц
-Би ордонд очиж, Тайтайгаас нэг юм гуйя гэж бодож байгаа. Харин урьтаад найнайгийн зөвлөгөөг сонсмоор байна гэсэнд Фөн Жэ
-Юун тухай вэ гэж асуусанд тэрбээр,-Ум ма ни бад мэ хум гэж. Намайг Чан Ань хошууны Шан Цай Ань хэмээх сүмд санвар авч гэрээс гарах үед нэг Жан овогт өглөгийн эзэн байсан юм. Түүний багын нэр нь, Жин Ши гэдэг охин. Тэр жил манай сүмд хүж зул өргөхөөр ирэхдээ санамсаргүй Чан Аньфүгийн ноёны хүр дүү Ли овогт агитай учирсанд, тэр Ли агь өнөөх охиныг хармагц дурлаад даруй хүн илгээж ураг хэлэлцүүллээ. Гэтэл энэ үед Жин Ши нэгэнт угийн Чан Аний хот сахигч түшмэлийн хөвгүүнтэй сүй тавьсан юм байжээ. Жан овогт сүйгээ буцсугай гэхэд цаад хүмүүс зөвшөөрөхгүйгээс айж хүнтэй болсоон гэв. Тэгсэн чинь тэр Ли агь авна гэсэн тул Жан овогт хоёрын хооронд яг аргагүй байтал, тэр хот сахигч түшмэл3 энэ тухай сонсоод, хар цагааныг ялгахгүйгээр “Чи нэг охиноо хэдэн хүнд өгнө вэ” гэж хэрүүл үүсгээд, нэгэнт тогтсон сүйгээ хэрхэвч буцахгүй гэж зууралдаж эхэлсэн юм. Үүнд, охиныхон ч хилэгнэж нийслэл рүү хүн явуулж, нүүр тал хайж, тавьсан сүйг нь заавал буцаана гэвээ. Миний бодсоноор бол, одоогийн Чан Ань хотын цэргийн захирагч Юнь Лао е бол танай ордонтой найрсаг харилцаатай учраас Тайтай болон Лао ег гуйж түүнд нэг хуудас захидал бичүүлж, түүгээр хот сахигч түшмэлд нэг үг хэлүүлбэл, тэр дагахгүй байж чадахгүй. Хэрэв энэ явдал бүтвэл тэр Жан овогт хэдий хөрөнгөө хөнтөртөл бэлэглэвч мөн дуртай болой гэв.Фөн Же чавганцын яриаг сонсоод,
-Энэ бол нэг их сүрхий юм бишээ. Харин Тайтай эдгээр явдлыг хамаарахгүй болсон… гэтэл чавганц,
-Тайтай хамаарахгүй бол найнай аргалж болох бишүү гэв. Фөн Же инээгээд:
-Би мөнгө зоосоор дутаагүй, тийм болохоор ийм юм хийхгүй гэсэнд чавганц, горь тасарч байгааг мэдээд шүүрс алдан,
-Хэдий тийм боловч Жан овогт одоо нэгэнт танай ордныг гуйлаа гэдгийг мэднэ. Одоо та хариуцахгүй бол Жан овогт таныг зав чөлөөгүй буюу түүний тал, бэлэгт дурлахгүй гэж хэлэхгүй. Харин танай ордныг иймхэн, чадалгүй гэж басахад хүрнэ.
Түүний энэ үг Фөн Жэг зоригжуулав.
-Би ерөөсөө эрлэг там, энэ ба хойт нас гэгчид итгэдэггүйг та мэднэ. Ямар явдлыг болгоноо гэвэл би болгоно. Чи түүгээр гурван мянган лан мөнгө гаргуулах юм бол би даруй энэ уурыг нь гаргаж өгсүгэй гэсэнд чавганц тэсгэлгүй баярлан “Байна. Байна. Энэ тийм хэцүү биш” гэсэнд Фөн Же:
-Би тэдэн шиг дундаас нь ашиг мөнгө хожих гэж байгаа юм биш. Хооронд нь гүйж өгсөн зарцад замын зардал болгон зовж зүдсэний хариу хэдэн мөнгө олгох төдий л юм. Би сохор зоос ч авахгүй. Над мөнгө байна. Гурван түмэн лан мөнгө гаргасан ч би одоо гаргаж чадна гэв. Чавганц,
-Тийм бол найнай та маргааш даруй өршөөл үзүүлэх үү гэсэнд цаадах нь:
-Миний энэ давчуу ажлыг харахгүй юү. Явдал бүхэн цөм миний гараар өнгөрнө. Би нэгэнт ам алдсан бол бүтээж өгөх ёстой гэв. Чавганц,
-Энэ их явдлыг хэрэв өөр хүний биед аваачвал, яараад яараад юу болохыг бүү мэд. Гэвч найнайгийн хувьд бол дээр нь баахан юм нэмлээ ч тэр юу болох вэ.Ерийн үгэнд “Чадвартанд зүдгүүр арвин” гэдэг юм. Найнайгийн энэ мэт эрдэм чадалтайг үзээд, Тайтай юм бүхнээ өөрт чинь найдах нь дамжиггүй. Гэхдээ найнай эрхэм биеэ хайрлан гамнавал зохино гэж, үгийг нь дагуулж өргөн магтсанд Фөн Же улам тааламжтай болж ядарч зүдэрсэнээ мартаад ярьж л суув.
Чинь Жун харанхуй болж хөл татарсан хойно Жы Нөнг эрээд арын гэрт орвол тэр аяга сав угааж байв. Шууд тэвэрч аваад үнссэнд цаадах нь сандарч дэвхцэн “Яаж байгаа чинь энэ вэ” гээд хашгиран завдтал Чинь Жун “Сайхан дүү минь тайвшир, би одоо үхэхэд хүрч байна. Чи одоо миний аяар болохгүй бол би энд ингээд үхье” гэсэнд Жы Нөн “Чи яах санаатай вэ. Би энэ тамын ёроолоос гарч энэ улсаас салмаар байна” гэв. Чинь Жун энэ амархаан. Гэхдээ, “Гэрт байгаа булган дах ажилд ямар тус болно вэ” гээд дэнг нь унтраан пад харанхуй болгоод Жы Нөнг тэвэрч аваад ханзан дээр гарав. Жы Нөн хэдий тэлчлэвч болж өгсөнгүй. Бас хашгирч чадахгүй байтал өмд нь аяндаа шувтрав. Яг үүсгэж эхэлтэл, хүүе гэхийн завгүй араас нь нэг хүн гэнэт гарч ирээд үг дуугүй дарж авсанд тэр хоёр сүнсээ зайлтал айв. Тэгтэл нөгөөх нь хи, хи гэж хөхрөхөд нь Бао Юйг гэж танив. Чинь Жун яаран босож ундууцан
-Яаж байгаа чинь энэ вэ гэсэнд Бао Юй:
-Чи үнэнээ хүлээ. Тэгэхгүй бол би хашгирна шүү гэх зуур Жы Нөн ичиж үхэн алдаад зугтан алга болов. Бао Юй Чинь Жунг хөтлөн гарч ирээд:
-Чи бас чангарна уу гэхэд цаадах нь:
-За сайн ах минь, бархирахгүй л бол намайг яасан ч яахав гэсэнд Бао Юй:
-Одоо түр тавьж… Мөд хэвтсэн хойноо мэдээрэй гээд хөхрөв.
Шөнө дөл болсон учир унтацгаах болов. Дээл хувцсаа тайлцгаан Фөн Же мухрын өрөөнд Бао Юй Чинь Жун хоёр үүдний өрөөнд хэвтэв. Гадуур зарц эмс, ор дэрээ дэлгээд манаж хонов. Фөн Же: “Билигт хашийг” алдуузай гэж болгоомжлон Бао Юйг унтсан хойно авчруулж дэр дороо хийв. Бао Юй, Чинь Жун хоёр чухам яаж мэдэлцсэнийг үнэн бодитойгоор олж үзсэнгүй учраас энэ сэжигтэй явдлын талаар дур мэдэн зохиосонгүй гэсэн үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь:
Маргааш өглөө нь, эрт Жя Мү, Ван Фүрэнь нар хүн явуулж Бао Юйг хувцсаа өмсөж бай. Онцын ажилгүй бол буцаж ир гэж халүүлэв. Тэрбээр юунд харих ажээ. Ялангуяа Чинь Жун Жы Нөнтэй янагласан явдал нь, Бао Юй эгчээсээ нэг өдөр эндээ өнжие гэж гуйхад хүргэжээ. Фөн Же дотроо: – гашуудлын гол явдал дууссан хэдий боловч бас жижиг сажиг зүйл байх тул дахиад нэг хоновол, нэгд, Жя Жэний өмнө бүрэн нүүр талтай болж, хоёрт, Жин Шүйгийн явдлыг ч дуусгаж, гуравт, дүүгийнхээ санааг гүйцээнэ хэмээн бодоод Бао Юйд: “Миний ажил дууссаан. Чамайг энд зугаалая гэвэл бас нэг өдөр энд байхад болохгүй юү байхав. Харин маргааш буцна шүү” гэв. Бао Юй баярлан: “Миний хайртай эгч, сайн эгч минь” гэж үглэн нэг хонуулж дөнгөв.
Фөн Же, чавганцын ярьсныг Лай ванд сэмхэн хэлсэнд, цаадах нь учрыг ойлгоод яаран хот орж, Жя Ляний захиа гэсэн нэг хуудас хуурмаг захидал бичээчээр бичүүлж аваад, шөнө дөлөөр Чан Ань хошууны зүг довтолгов. Зуугаад газар зайтай тул хоёр өдөрт хэрэг явдлыг цөмийг хийж барав. Тэр цэргийн захирагч Юнь Гуан аль хэдийнээс Жя овогтынхны хайр халамжийг нэг биш авсан хүн тул энээхэн жаахан явдлыг аргалахгүй гэх ёс хаа байхав. Даруй хариу бичиг авч, Лай ван буцаж ирсэнийг үл өгүүлэн өгүүлэх нь:
Фөн Же нар тэндээ нэг хоноод, чавганцад: “Гурван хоногийн дараа ордонд очиж мэдээ сонстугай” гээд явж одов. Чинь Жун, Жы Нөн хоёр салж чадахгүй, далд газар очиж, нууц болзоо тогтоон, хичнээн их ам тангараг өгч, нулимас асгаруулсныг нарийн ярих хэрэг байна уу. Фөн Же, Те Кань Сы сүмд очоод ажил явдлыг шалган үзэв. Бао Жү хэрхэвч харихгүй гэсэн тул Жя Жэнь аргагүйдэн бүсгүй зарц үлдээж түүнд хань болгов. Дараагаар юү болохыг доорд бүлгээс үзтүгэй.
Тайлбар:
Ая хөгжмийг зогсоох-Хуучин үед шарил гаргахад зам зуур хөгжим дуугаргаж явдаг байв. Энд умрыг төвшитгэгч Жюань ванг хүндэтгэж, ямбархан гайхуулалгүй хөгжмийг зогсоожээ.
“Цагаан шүхэрт”-Ламын шашны насан хутгийг уртатгах ном.
Хот сахигч түшмэл-Сул жанжины дараа орох тавдугаар дэсийн цэргийн тушаал болно.
Холбоотой мэдээ