"Компаниуд 5-6 жилд хөл дээрээ дөнгөж тогтож байна"

Хуучирсан мэдээ: 2018.01.08-нд нийтлэгдсэн

"Компаниуд 5-6 жилд хөл дээрээ дөнгөж тогтож байна"

"Компаниуд 5-6 жилд хөл дээрээ дөнгөж тогтож байна"

Монгол улс бол зүүн хойд азийн орнуудаас хамгийн залуу улс. Хүн амын 35 %-ийг  16-35 насны залуус эзэлдэг. Энэ нь бидэнд хөгжлийн нөөц боломж өндөр байгаа төдийгүй  залуучуудад чиглэсэн даацтай хөрөнгө оруулалт, оновчтой бодлого, зохицуулалт зайлшгүй чухал байгааг харуулж байгаа юм. Ялангуяа өнөөдрийн хөдөлмөрийн идэвхтэй насны залуусыг зөв бодлогоор дэмжсэнээр ажилгүйдэл, ядуурлыг бууруулах гол гарц байхыг үгүйсгэхгүй. Иймээс бид монголын залуусын  төлөөлөл болсон бизнес эрхлэгч Б.Дашцэрэнгээс цөөн асуултанд хариулт авсан юм.


-Орчин цагийн бизнесийн тренд төрлөөр “гарааны бизнес” болоод байна. Залуу хүн бүр л гарааны бизнес эрхлэх хүсэлтэй байна гэхэд буруудахгүй болов уу

-Гарааны бизнес анх АНУ-ын Цахиурын хөндийд үүссэн гэж үздэг л дээ. Гэхдээ Монголыг Америкийн таатай тухтай хууль эрх зүйн болон эдийн засгийн чадамжтай тэр орчинтой шууд харьцуулахад тун хэцүү зүйл. Харин монголд сүүлийн 3-4 жилд гарааны бизнесийг эергээр ойлгодог болсон байна. Нөгөө талаар тухайн үед төр засгаас энэ талаар анхаарч жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд зориулсан инкубатор төвийг байгуулах гээд багагүй ажлыг санаачлан хэрэгжүүлсэн боловч өнөөгийн эдийн засгийн нөхцөл боломжоос болж хязгаарлагдмал болоод байгаа юм. Гэвч зарим нэг томоохон бизнес эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ түгээн сурталчлахын тулд уг төвийн жишгээр маркетингийн үйл ажиллагаагаа дэмжиж ажиллаж байна.

-Тэгвэл гарааны бизнес эхлүүлэхэд тулгамдаж байгаа ямар асуудлууд байна.

Надтай ойролцоо байдлаар бизнес эрхэлж, ажил олгогч болж байгаа бусад нөхдөө харж байхад компани 5-6 жил болоод хөл дээрээ тогтож байна. Бусад оронтой харьцуулахад энэ нь асар урт хугацаа.  Учир нь манай хууль эрх зүйн орчин тодорхой бус. Татварын дарамт, мэдээллийн хомс байдал зэргээс болж олон бэрхшээлүүд байдаг.  Нөгөө талаас компаниуд анх  санхүүгийн чадавх муу байдгаас тайлан балансаа гэрээт нягтлангаар хянуулах, хийлгэх мөн санхүүгийн мэдлэг байхгүйгээс болж татварын дарамтанд орох зэрэг хүндрэл гарч болзошгүй. Тиймээс энэ төрлийн бизнес эхлүүлэх гэж байгаа бусдадаа хандаж хэлэхэд юун түрүүнд санхүүгийн болон хуулийн хүрээний мэдлэгтэй болоосой гэмээр байна.

Гарааны бизнесийг дэмжих зорилгоор төрийн зарим нэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Жишээлбэл хүнс хөдөө аж ахуйн яамнаас олгож байгаа зээл, тусламжууд байгаа юм. Гэвч энэ төсөл хөтөлбөрийн ашгийг ихэвчлэн хэдийнэ хөл дээрээ тогтсон том компаниуд монополь болж авсан болохоор яг гарааны бизнес хийж байгаа хүмүүст төдийлөн хүртээлтэй биш болох нь ажиглагдсан.

-Гарааны бизнесийн давуу талыг та яаж хардаг вэ

Компанийн засаглалыг анхнаас нь бий болгодог гэдэг утгаараа хөрөнгийн, хүний нөөц, санхүү, татвар,  хууль эрх, хөрөнгө оруулалт зэрэг томоохон асуудлыг төлөвлөснөөр цаашид зөв хөгжих төлөвшлийн замыг нээж өгдөг. Өөрөөр хэлбэл анхнаас нь судалгаанд суурилж бизнесийн оновчтой төлөвлөгөөтэйгөөр үйл ажиллагааг эхлүүлнэ гэдэг маш том давуу тал юм.

-Монголын орчин нөхцөлд гарааны бизнес эхлүүлэх ямар ашигтай салбар байна вэ

-Дэлхийд хамгийн аюулгүй гэж үзээд байдаг 2 төрлийн бизнес байдаг. Газар тариалан болон аялал жуулчлал. Энэ жил аялал жуулчлалын салбар дэлхий нийтээрээ алдагдалтай байсан. Эдийн засгийн болон улс төрийн зарим нэг хямрал, зорчигч тээврийн осол аваар, байгалийн гамшиг зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй. Харин энэ эрсдэлийг манай улс харьцангуй сайн даван туулсан. Дараа нь газар тариалангийн бизнес бөгөөд дэлхийн дулаарал, дэлхийн  хүн амын өсөлт, түүнийг дагаад тэр хязгааргүй хэрэгцээг хангах үүднээс элдэв химийн арга, бордоо зэргийг ашиглан хүний эрүүл мэндэд асар хор хөнөөлтэй бүтээгдэхүүн бий болох зэрэг чухал асуудал хөндөгддөг. Харин үүнийг Монголын нөхцөлд авчраад үзэх юм бол хоёр том гүрний дунд оршиж байгаа, газар нутгийн хэмжээ, нягтшил зэргийг аваад үзэхэд газар тариалан хөгжих асар их нөөц бололцоотой. Гэвч энэ нь манай уламжлалт нүүдлийн мал аж ахуйтай харшилдаг. Нөгөө талаар цаг агаарын таагүй нөхцөл, хур тунадасын дутагдал, мөн үр тарианы чанар муу, импортын бүтээгдэхүүн давамгай байх зэргээс төрийн зүгээс дахин зохицуулалт хийх шаардлагатай болоод байгаа.  

Гарааны бизнес амжилттай байх магадлалтай нэгэн салбар бол хүнсний салбар. Энэ дотроо дотоодын болон стратегийн  гэж ангилдаг. Дотоодын хүнсэнд бидний өдөр тутмын хэрэглээ орчихож байгаа юм.  Стратегийн хүнс гэдэгт экспортын монгол малын мах байна. Энэ жил 40000 тонн махыг 6 оронд гаргахаар төлөвлөсөн. Гэтэл энэ нь дэлхийн зах зээл дээр асар өчүүхөн тоо. Тиймээс бидэнд их боломж байгаа юм. Гэвч манайд малын шүлхий болон бусад өвчин  их гардаг. Уг нь япон улс манайхаас мах авах хүсэлтэй боловч стандарт чанар халуун дулааны боловсруулалт шаарддаг  зэрэг хөрөнгө санхүү, техник технологийн даацтай бодлого хэрэгтэй байна.

-Гарааны бизнес эхлүүлж болох илүү онцгой салбар байгаа юу

Мөн гарааны бизнес чиглэлээр хөгжүүлж болох төдийгүй зайлшгүй хэрэгцээтэй нэгэн чухал салбар бол уул уурхайн нөхөн сэргээлтийн бизнес байж болно. Учир нь уул уурхайн, газар тариалангийн бизнес өргөжин тэлэхийн хэрээр нөхөн сэргээлтийн асуудал дагаад яригдах ёстой байтал энэ чиглэл дутагдалтай байна. Уул уурхайн нөхөн сэргээлт хийхгүй байснаас үүдсэн 3  маш том хор хөнөөл бий. Нэгдүгээрт агаарын бохирдол, хоёрдугаарт байгалийн эвдрэл, монгол улсын мал аж ахуйн бэлчээрийн алдагдал зэрэг байна. Ялангуяа байгалийн эвдрэл гэдэг нь бүр ноцтой асуудал. Бид ухсан уурхайгаа байгалийн болон техникийн нөхөн сэргээлт хийсэн тохиолдолд 25-50 жилийн дараа эргэж нөхөн сэргэх боломж бий.  Манай байгалийн  болон цаг агаарын онцлогоосоо хамаарч нөхөн сэргэх боломж бусад улс орныг бодвол харьцангуй цөөн буюу 10 жилээр урагш 25-40 жил байдаг. Гэвч нэг сул тал нь нөхөн сэргээх ажилд хөрөнгө мөнгө, зардал, тоног төхөөрөмж, орчин үеийн технологи илүү их хэрэгтэй.

-Өнөөдөр уул уурхайн нөхөн сэргээлтийг гарааны бизнес гэдэг утгаараа биш төрийн ажил гэж харж байна л даа.

Мэдээж төр бодлого чиглэл, стандартын үзүүлэлтээ шаардана л даа.  Гэхдээ энэ нь ихэвчлэн цаасан дээр л үлдэж байна. Тиймээс ажил хэрэг болгох илүү их хэрэгцээ , боломж гарч ирж байна.  Нөхөн сэргээлтийн чиглэл нь маш их хэмжээний үнэн зөв судалгаатай, бодит хугацаатай, мэдээлэл сайтай байдаг мөн мэргэжлийн ур чадвар өндөр боловсон хүчнийг бэлтгэсэн учраас гарааны бизнес мөн гэж тодорхойлж болох юм.

Томоохон уул уурхайн компаниуд хажуудаа нөхөн сэргээлтийн баг албатай байдаг бол бусад нь туслан гүйцэтгэгчийн гэрээгээр нөхөн сэргээлтээ хийж байна. Тэгэхээр нь нөхөн сэргээлтийн ийм жижиг компаниуд гарааны бизнестээ орж байгаа юм. Хэрэв энэхүү салбарыг төрийн зүгээс бодлогоор сайн дэмжиж туслах юм бол байгаль орчин, бизнес эрхлэгч цаашлаад монгол улсын ирээдүйд маш ашиг тустай ажил хэрэг болно гэж харж байна.

Б.БАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж