Ким Жон Ун хоёр Солонгосыг эвлэрэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2018.01.07-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун хоёр Солонгосыг эвлэрэхийг уриалав

Ким Жон Ун хоёр Солонгосыг эвлэрэхийг уриалав

Хойд болон Өмнөд Солонгос хоёр жилийн дараа албан ёсны яриа хэлэлцээ хийх гэж байна. Хоёр Солонгосын Засгийн газар хооронд болох яриа хэлэлцээ маргааш буюу энэ сарын 9-нд товлогджээ. Албан ёсны яриа хэлэлцээнд Хойд Солонгосын Засгийн газрын төлөөлөгчдийг Энх тайвны хорооны дарга Ли Сон Хван тэргүүлэн оролцох бол Өмнөд Солонгосын Засгийн газрын таван төлөөлөгчдийг Үндэсний нэгдлийн сайд Чон Мён Хюн тэргүүлэх оролцохоор боллоо.

Дээд төвшний яриа хэлэлцээний үеэр Сөүл хойд хөршдөө хэд хэдэн санаачилга танилцуулахаар бэлдэж байна. Тодруулбал, Өвлийн Олимпын наадмын өмнөхөн хоёр Солонгос хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, Олимпын наадмын бамбарыг Хойд Солонгосын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрүүлэх, Олимпын наадмын нээлтийн үеэр хоёр Солонгосын тамирчид хамтдаа алхах зэрэг санаачилгыг дэвшүүлэхээр бэлдэж байгаа ажээ. Энэ нь хоёр улсын уур амьсгалыг эерэг болгох, цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэж Өмнөд Солонгосын төлөөлөгчид үзэж байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин сонгогдсон цагаасаа эхлэн энэ асуудалд анхаарч байснаа нуусангүй. Харин Ким Жон Ун хоёр Солонгос эвлэрэх хэрэгтэй гэдгийг шинэ жилийн баярын мэндчилгээндээ дурдсан юм. 

Тэрбээр 2018 онд Хойд Солонгос цөмийн зэвсэг, баллистик пуужинг ихээр үйлдвэрлэх болно. Мөн түүний ширээ дээр цөмийн пуужингийн товчлуур бий гэдгийг мэдэгдсэн. Үүний хажуугаар, Ким Жон Ун Өмнөд Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэж, тамирчдаа Олимпд оролцуулна гэсэн ажээ. 

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Пхеньян, Сөүлийн харилцааг сайжруулахад шаардлагатай бүхий л нөхцөлийг бий болгоно хэмээн мэдэгдсэнийг Солонгосын төв мэдээллийн агентлаг дамжуулав.

Тэрбээр ‘Манай улсын бие даасан байдлыг хөндсөн бүхий бодлогыг анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн явдлыг бүү өдөө. Хойд болон Өмнөд Солонгосын харилцааг сайжруулах хэрэгтэй. Хоёр Солонгосын ард түмэн сайн дураараа эвлэлдэн нэгдэх нь чухал’ гэжээ. 

Үүний зэрэгцээ, тэрбээр хоёр Солонгос улс ойртоход саад болж буй хэд хэдэн шалтгааныг нэрлэв. Тэрбээр хоёр Солонгосын харилцааны тухай тохиромжгүй заалтууд улс төр, хууль эрхзүйн орчны баримт бичигт тусгагдсан байдаг гэв. 

Хойд ба Өмнөд Солонгосыг заагласан хилийн зурвас дахь цэрэггүй бүсэд орших Панмунжом тосгон

Хоёр Солонгос өнгөрсөн лхагва гаригт /2018.01.03/  Хойд ба Өмнөд Солонгосыг заагласан хилийн зурвас дахь цэрэггүй бүсэд орших Панмунжом тосгонд утсаар холбогдсон билээ. Тэд чухам юуны тухай харилцан ярилцсан эсэх нь тодорхойгүй байгаа. Гэхдээ тэд өнгөрсөн баасан гаригт /2018.01.05/ дээд төвшинд хэлэлцээ хийх болсноо Солонгосын нэгдлийн яам мэдэгдсэн юм. 

Хойд болон Өмнөд Солонгосын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ маргааш буюу энэ сарын 9-нд Панмунжом тосгонд болно. Энэ төрлийн яриа хэлэлцээ 2015 оны арванхоёрдугаар сараас хойш товлогдоогүй ажээ. 

Дээрх уулзалттай холбоотойгоор бүс нутгийн гүрнүүд байр сууриа илэрхийлж эхэлсэн. Одоогоор ОХУ, БНХАУ, Япон зэрэг улс хоёр Солонгосын дээд төвшний яриа хэлэлцээг дэмжиж буйгаа илэрхийлээд байна. 

-ТРАМП ҮЙЛ ЯВДЛААС ХОЦРОХЫГ ХҮССЭНГҮЙ-  

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп

‘Ким Жон Ун хоёр Солонгосыг эвлэрэх тухай уриалга гаргаж байгаад дэлхий нийт надад талархах хэрэгтэй. Хэрвээ би Хойд Солонгосын эсрэг хатуу, шийдэмгий байр суурьтай байгаагүй бол энэ яриа хэлэлцээ товлогдохгүй байх байсан’ гэсэн мэдэгдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хийв.

Тэрбээр өнгөрсөн бямба гаригт /2018.01.06/ Вашингтонд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэж, утсаар харилцан ярихад бэлэн гэв. 

Мэдээж, тэр Пхеньян болон Сөүлийн хэлэлцээг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Энэ төрлийн яриа хэлэлцээ нь бүс нутгийн нөхцөл байдлыг эерэг болгоход нөлөөлнө гэсэн юм. 

Дональд Трамп ‘Ким Жон Ун намайг тоглоогүй гэдгийг мэдэж байгаа байх. Би нэг хувь ч худал яриагүй, тоглоогүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ яриа хэлэлцээ үр дүнд хүрвэл хүн төрөлхтний түүхэнд дэх сайхан үйл явдлаар тэмдэглэгдэн үлдэх болно’ гэжээ. 

Мөн тэрбээр Цагаан ордон Хойд болон Өмнөд Солонгосын яриа хэлэлцээнд оролцоход бэлэн гэдгээ мэдэгдсэн. 

-ХОЁР СОЛОНГОСЫН ДУНДАХ ОЛИМП-

Хойд Солонгосын уран гулгалтын тамирчид болох Тхэ Ок Рем болон Чу Сик Ким

Өнгөрсөн бямба гаригт /2018.01.06/ БНАСАУ-ын төлөөлөгч Чан Ун Олон Улсын Олимпын хорооны албан ёсны төлөөлөгчидтэй уулзахаар Швейцарыг зорьсон. Улмаар тэр Пёнчаны Өвлийн Олимпд БНАСАУ-ын уран гулгалтын тамирчид оролцох боломжтойг гэдгийг мэдэгдсэн билээ.

Хойд Солонгосын уран гулгалтын тамирчид Тхэ Ок Рем болон Чу Сик Ким нар Германд зохион байгуулагдсан ‘Nebelhorn Trophy’ тэмцээнд зургадугаар байрын эзэлснээр Пёнчаны олимпд оролцох эрхээ аваад байгаа ажээ. 

Сануулахад, өмнө нь Хойд Солонгосын Засгийн газар холбогдох баримт бичгийг нь гаргаж өгөхгүй байсантай холбоотойгоор тамирчид Пёнчаны олимпд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдэж байсан удаатай.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж