"Төр, хувь хамтарвал аялал жуулчлал алт болно"

Хуучирсан мэдээ: 2018.01.07-нд нийтлэгдсэн

"Төр, хувь хамтарвал аялал жуулчлал алт болно"

"Төр, хувь хамтарвал аялал жуулчлал алт болно"

Аялал жуулчлалыг хөгжүүлэх амлалт “засаг” болгоны мөрийн хөтөлбөрт багтдаг. Гэвч, энэ салбарын асуудал Монгол Улсын мөрөөдлийн жагсаалтад үлддэг нь нууц биш. Энэ сэдвээр Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөртэй ярилцлаа


-Эдийн засгийг солонгоруулах тухай монголчуудын “гоё” мөрөөдөлд аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал багтдаг. Харамсалтай нь “аялал жуулчлалыг алт” болгоно гэсэн үе үеийн дарга нарын амлалт хоосон мөрөөдөл болж үлддэг?

-Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь эдийн засгийг солонгоруулахаас гадна эрүүлжүүлж, орлого нь иргэдэд очих маш чухал үүрэгтэй. Аялал жуулчлалаас орж ирэх шууд ба дам орлого эдийн засагт салбарлан нэвчиж, ард иргэдийн амьдралд бодитойгоор очдог. Тиймээс энэ салбарын хөгжлийн асуудал бүх л улс орны тэргүүлэх зорилго болчихсон, олон улс энэ салбараас эдийн засгаа босгодог. Хойд Солонгос, Афганистан, Ирак хүртэл шүү. НҮБ стратегийн чухал ач холбогдолтой хоёр, гурван салбарыг ивээлдээ авсны нэг нь аялал жуулчлал. Тийм ч учраас дэлхийн аялал жуулчлалын байгууллага нь НҮБ-ын дэргэд байдаг. Жил болгон болдог ДАВОС-ын форумаар л гэхэд аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нь онцгойлон тусад нь гаргадаг. Харамсалтай нь, энэ чухал салбараа хэрхэн яаж хөгжүүлэх яг тодорхой хариулт манай улсад алга байна. Үе үед хийгдсэн гэх бодлого гэх өчнөөн төчнөөн цаас байдаг ч аль нь ч амьдралд тусгагдаагүй, дараа дараагийнхдаа үгүйсгэгддэг. Аль ч салбарын хөгжил хариуцаж буй даргын сэтгэл, үзэмж, нүдтэй шууд холбоотой.

-Монголын дөрвөн улирал, онгон байгаль, нүүдэлчин ахуй, соёл… Монгол Улс энэ бүхнээ яагаад мөнгө болгож чадахгүй байна вэ?

-Аялал жуулчлалыг алт болгоход төр, хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагаа, дундын менежмент, маш ойлгомжтой тогтвортой, ядаж таван жилдээ өөрчлөгдөшгүй бодлого, стратеги чухал. Дээр нь түүндээ хүрэх төсөв зардал, оролцогч талуудын хамтын ойлголцол менежмент, тодорхой цаг хугацааны дагуу гарах үр дүн, хариуцлага наад зах нь байж мөрөөдөл маань бодит ажил болдог байх. Тиймээс төрийн тархи үймгэр, мэлмий нь сүүмгэр байгаа болохоор л хоосноос хүртэл мөнгө босгож, давуу талаа бахдал болгож, сул талаа нөхөж чаддаг энэ гоё салбар маань бодитой хөгжил болоход гол саад болж байна уу даа. Хувийн хэвшил чадан ядан, үйлчилгээний энэ нарийн салбарыг нуруундаа үүрээд л өдий хүрч байна. Ер нь ерээд оноос хойш Монголд хөгжлийн загвар гэж байна уу. Тийшээ ч нэг, ийшээ ч нэг үсрээд, үгүйсгээд. Яг ямар салбарыг яаж хөгжүүлэх юм бэ гэдэг үндэстэний нийтлэг хүсэл эрмэлзэл, улс төрөөс үл хамаарсан хөгжлийн дээд загвар, хэн нэгний өмчлөлийн бус бүгд баримтлах Монгол хүний хөгжлийн тархины том зураг хаана байна, юу байна гэдэгтэй алсуураа холбоотой асуудал юм уу.

-Харин ч сүүлийн үед тоо, төлөвлөгөө ярьдаг болсон юм биш үү? Хэдэн сая жуулчин татаж тэдэн тэрбум ам.доллар олно гээд л?

-Монголын Засгийн газар болон 21 аймгийн Засаг даргын нарын мөрийн хөтөлбөрт аялал жуулчлал хамгийн гол зорилго болж тусгагдсан. Гэхдээ бид аливаа салбарыг хөгжүүлэх эдийн засгийн нарийн тооцоо судалгаа зах зээлийн, бүтээгдэхүүний бодит байдал зэргээ нарийн хянаж ямар арга зам менежментийн дагуу, хэрхэн яаж тодорхой зорилгод хүрэх тухай байдаггүй. Эмоциор, ингэж хэлвэл гоё гэсэн популизмаар хөөрцөглөн дэвэргэж яриад тэр нь намын, засгийн бодлого болж эргээд ямар ч тооцоо, нарийвчлал, уран ухаан, салбарын зохицуулалтгүй үлддэг.

Төрийн хөрөнгө оруулалт эрсдэлийг зэргийг тооцоогүй, хийж чадахгүй байж хоосон савлуулж, тухайн салбарыг хий үймүүлж, мөрөөрөө бизнесээ хийж байсан хувийн хэвшлийнхнийг хөөсрүүлэн доргиож бүр долоон дор болдог гай, лай бидэнд байна.

Нэг сая жуулчин гэдэг бол маш энгийн уг нь амархан юм шиг сонсогдох байх. Гэхдээ ямар үндэслэл судалгаан дээр тооцож, үүндээ хүрэхийн тулд өнөөгийнхөө юу юуг хэрхэн яаж өөрчлөхөө тооцож,төр талаасаа юуг яаж хариуцах юм гэдэг нь тодорхойгүйгээр үлгэр хэвээрээ үлдэнэ. Тэгээд баахан хоосон тоонд эргэлдээд байдаг. Анх жуулчдын тоог 2015 онд нэг саяд гэсэн, одоо 2020 он болгож хойшлуулсан. ДНБ-ий 3.2 хувийг эзэлж байгаа, 2020 онд 8-9 хувьд хүргэнэ гэж мөрөөдөцгөөж байна.

-Зөвхөн аялал жуулчлал ч гэлгүй популизм аль ч салбарыг хямрааж байна шүү дээ?

-Хэн нэгний популист хөөрцөглөл, мэдэмхийрэл нь манай төр засгийн бүтэшгүй зорилт болсон. Хэрэгжүүлэх механизм, менежмент юу ч байхгүй. Айл гэр болж тоглодог балчир хүүхдүүд төрийн бодлогыг хийж буй мэт харагдаад байна л даа. Миний хувьд өөрийн багийн хамт Дэлхийн банкны санхүүжилтээр Монголын аялал жуулчлалын эдийн засгийн тооцоо судалгааг нарийн гаргасан юм. Үнэндээ нэг сая жуулчин гэдгийг ямар бодит үндэслэлээр хийсэн нь одоо ч тодорхойгүй. Гэхдээ энэ бүтэшгүй зүйл огт биш. Гол нь үүнийг хийхийн тулд одоо байгаагаараа байх огт боломжгүйг дээр хэлсэн. Миний харж байгаагаар ямар ч тоо байсан манай аялал жуулчлалын хөгжлийг гурван том агуулгаар хамааруулж төлөвлөж болно. Юуны өмнө манай аялал жуулчлалын компаниуд нийгэм-эдийн засагт ямар өргөн хүрээг хамаарч үр дүнгээ өгч ажиллаж байгааг гаргаж тооцох ёстой. Жишээ нь, энгийн нэг аяллын компани зундаа наад зах нь 100 гаруй хөтөч, жолооч, тогооч нарыг ажилтай болгоно, 20 гаруй хөдөөгийн малчин айлуудаар үйлчлүүлж орлогожуулна, энэ олон музей соёлын байгууллагууд, дэлгүүрүүд, шатахуун түгээгүүрүүдийг баялагжуулна. Өөрөөр хэлбэл, эко, тогтвортой, нүүдлийн аялал жуулчлалын жишиг загвар манайд сонгодогоор хөгжих ёстой. Дараа нь үнэхээр чөлөөт цаг, зугаа цэнгээ, казино,бооцоот уралдаан, рашаан сувилал, их түүх, соёлын үйлдвэрлэлээ тусгасан контемпрори мега аялал жуулчлалын кластер төслүүдээ тодорхой болгох хэрэгтэй. Эцэст нь хоёр хөршөө дагаж, “малласан” аялал жуулчлал буюу хил орчмын аялал, авто зам, шоппинг, экскурс экстрим аяллаа бас анхаарах ёстой. Гурван улсын “Хөгжлийн зам”, “Цайны зам” “Талын зам” хөтөлбөрүүд бол угтаа ямар нэгэн салбараар эхлэн явагдах ёстой доо. Тэр нь аялал жуулчлал, соёлын харилцаа. Газар орон зай, замуудаа төлөвлөх, дэд бүтцээ “цус” мэт гүйлгэх, бизнесийн тогтвортой ээлтэй орчныг хангасан эрх зүйг боловсруулах, хүнээ бэлтгэж, чанар стандартаа хангах хэрэгтэй. Энэ бүхэн төрийн үүрэг. Харин хэрэгжүүлэх үүргийг хувийн хэвшлийнхэндээ үлдээ. Үнэндээ аялал жуулчлал бол төр ба хувийн хэвшил хамтдаа нийлж байгаад өөрт байгаагаа өгөлгүй үзүүлээд л баялаг бүтээдэг бизнес шүү дээ.

-Аялал жуулчлалаас тэрбум ам.доллар олох боломжтой юу. Манайх чинь эрс тэс уур амьсгалтай, дэд бүтэц муутай улс шүү дээ?

-Нэг талаас амархан, нөгөө талаас бүтэхгүй. Асуудал нь мэдлэг, менежментдээ л байгаа. Тэрбум доллар гэхээсээ аялал жуулчлал бол мэдлэгийн, олон талуудын хамтын нягтарсан ажиллагааны бизнес хөгжлийн салбар. Хэрхэн яаж, ямар ухаан гаргалгаагаар аялал жуулчлалын гайхамшгийг эх орондоо илүүтэй гаргаж чадах бэ гэдэгт гол асуудал байгаа. Улс орныхоо аялал жуулчлалын эдийн засгийн нөөц даацыг тодорхойлох олон арга, практик байдаг. Австрали уугуул иргэдийнхээ тоогоор нэг жуулчнаас 100 доллар гэж анх төлөвлөж байсан бол, хятадууд жуулчдын тоо, түүнээс орох мөнгийг бус хүлээж авч буй ор хоног үйлчилгээнийхээ даацаар, харин Бутан бол төрөөс нь тогтсон нэг гадаад жуулчин доод тал нь нэг хоногийн 250 доллар гэх мэт энгийн аргачлал олон байна. Нэг тэрбум ам. долларыг гадаад жуулчдаас олохын тулд тэдгээрийг юуны өмнө Монголдоо асуудалгүй оруулж ирэх хэрэгтэй болно.

-Асуудал нь  тэгвэл юу гэж?

-Гарцаагүй дэд бүтэц, онгоц, МИАТ-ын тухай яриа энд гарна. Энэ асуудлыг тусад нь ярья. Ирсэн жуулчдаасаа мөнгийг нь инээлгэж байгаад салгах уран бөгөөд соёлтой, үйлчилгээтэй арга технологи, стандарт, менежмент хэрэгтэй. Жуулчдаар дамжуулж жижиг дунд үйлдвэрлэл, гар урлал, соёлын бүтээгдэхүүнийг борлуулах, монгол бүтээгдэхүүн, брэнд, экспорт явагдах салбар дундын менежмент хамтын ажиллагаа чухал бас. Эцэст нь дахин ирэх зочдынхоо тоог өсгөх явдал нэн чухал даа. 2012-2016 онд хатуу хучилттай замуудыг аяллын гол бүс нутгуудад маш сайн шийдэж өгсөн. Түүгээр дотоодын аялагчид хөнгөн тэргээрээ хүрээд очно. Гэтэл үйлчилгээний наад захын хэрэгцээгээ хангах ариун цэврийн байгууламжууд, хатуу шингэн хог хаягдлын зохицуулалт гэх мэт асуудлыг орхигдуулжээ. Замаар хүмүүс очно, хэрэгцээ үүснэ.Түүнийг нь шийдээгүй бол мөнөөх тийшээ очиж буй үндсэн шалтгаан болсон эх байгаль, соёлын үнэтэй газар нь дотоод гадаадын зорчигчдын бохирт дарагдана. Хэрэв яг өнөөдрийн байдлаар цааш үргэлжилж зөвхөн ирэх жуулчдын тоонд анхаараад түүнийг нь хангах үйлчилгээ, хөрөнгө, менежментийг орхигдуулвал манай салбар мөнгө үйлдвэрлэдэг, хөгжил авч ирдэг бус байгаль дэлхийдээ сөрөг нөлөөтэй, орон нутаг, нуур голоо бохирдууулсан буруу загвар болж цаашлаад их зардал шаардсан олон асуудал дагуулна.

-Та аялал жуулчлалын хөгжлийн бодит үр дүнг бий болгоход тээврийн асуудал хамгийн чухал гэж байна. Тухайлбал МИАТ-ийн талаар та юу хэлэх вэ? Тасалбар хэт өндөр үнэтэй, МИАТ-ийг хувьчлах нь зүйтэй гэсэн шүүмж байнга гардаг?

-Мэдээж, хоёр их гүрэнтэй хиллэдэг манай улсын хувьд агаарын тээвэр стратегийнчухал байх. Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлого 2020 гэж байдаг. Тэргүүн зорилтын нэг нь аялал жуулчлалыг дэмжсэн иргэний нисэхийн салбарыг хөгжүүлнэ гэнэ. Бодит байдал хэцүү байна даа, үнэндээ. Одоо их олон хүмүүс МИАТ-г шүүмжилж, билет үнэтэй гэдэг. Аливаа агаарын тээврийн үнэ нисэх буудлын такс, бусад татварууд, тухайн хотын тээврийн бодлого, татаас дэмжлэг, онгоцны багтаамж гээд их олон зүйлүүдээс хамаарч гардаг. МИАТ-тэй холбоотой асуудлуудын гарцаагүй нэгэн зангилаа нь түүний эзэмшил, менежменттэй холбоотой. Зуун хувь төрийн өмчийнх. Төрийн өмчийн хорооноос нь байнга ашигтай ажилла гэж байнга дарамталдаг байх л даа. МИАТ-ийн инженер техникийн ажилтнууд, газрын ажилтан, онгоцны баг нисгэгч үйлчлэгчид үнэндээ л олон улсын түвшинд маш өндөр үнэлэгддэг. Тиймдээ ч өнөөдөр Гайтид ажиллаж чадаж байгаа л даа. Нөгөө талаас төрийн өмчийнхний буруу биш. Төрийн өмч учраас “сайн менежер” байж ашигтай сайн ажилуулах ёстой, ямар ч үнээр хамаагүй нэмэхтэй л бай гэдэг тэднийг бас ойлгомоор. Гэтэл бизнес гэдэг өөр шүү дээ. Тэр тусмаа аялал жуулчлалын бизнес бол өргөс авчихсан мэт үр дүн нь шууд гардаггүй. Алхам алхмаар, бүр эхэндээ алдаж байгаад яваандаа тогтвортойгоор оршин тогтнож өрсөлдөж гарч ирдэг ийм л салбар.

-Агаарын тээврийн асуудал нэгэнт ийм хүндрэлтэй бол бусад тээврийн боломжийн хувьд ямар байдаг юм бол?

-Зарим хүмүүс МИАТ руу дайрч, иргэний агаарын тээврийн либералчлал гэж ярьж байдаг. Гэхдээ бидний хувьд анхаарч тооцох асуудал их байгааг л хэлээд байна. Шууд хэлэхэд асуудал МИАТ-т биш, тэнд хүмүүс ажлаа сайн хийж байгаа. Төмөр замын хувьд бараг тодорхой доо, угаасаа л Оростой хамтарсан учир дотоод менежмент нь өөр. Харин авто тээвэр чухал байна. Сүүлийн жилүүдэд Хятадын жуулчид Монгол руу машинтай аялах асуудал байнга яригддаг. Хятад талаас үүссэн бодит зах зээлийн эрэлт нь юм л даа. Жип машинтай дотор нь 3 хүн байна, манай хилээр орж ирээд тодорхой маршрут заагдсан газраар аялаад буцаад гараад явна.

-Манайхан бол хятад жуулчдад дургүй шүү дээ. “Муу хужаа” гэж харах, ингэж ойлгодог хүмүүс иргэдийн маань тал хувь нь шахуу байна?

-Ер нь Хятадын жуулчдыг Монгол улс яг хүлээн авах гээд байна уу гэдэг нь ойлгомжгүй байгаа л даа. Аялал жуулчлалын хувьд хяналттай, зохицуулалттайгаар хятадын машинтай аялагчдыг тодорхой зөвшөөрөл, хураамжтайгаар оруулж аялуулах нь зүйтэй гэж үздэг. Бид эдийн засгийн, аяллын, зохицуулалтын бүх судалгаа тооцоог хийсэн. Таван өдрийн аялалд доод тал нь нэг машинаас 500 ам.долларын орлого, татвар хураамжийг бид авч чадна. 2000 машин ороод буцаад гарахад хамгийн багадаа нэг сая доллар манайд орно шүү дээ. Зөвхөн засмал зам дагуу, заагдсан маршрут, үйлчилгээний газар, үзмэр, буудал хоол, бензин түгээврээр л үйлчлүүлнэ. За тэгээд, авто машин засварын үйлчилгээ, замын цагдаа, хил гаальд хураамжаа төлнө. Зөвхөн 9,10,11 болон 4,5 гэсэн завсрын сезонд аялах зөвшөөрөл олго.

Бид ингээд хийрхээд байвал хий хоолой ч тойроод, хилийн аялал ч зогсоод, машинтай аяллууд шууд энэ 2 гүрэн хоорондоо хийх болно.

-Салбар хариуцсан бүхэл бүтэн яам байгаа, энэ бүхнийг хэрхэн хөөцөлдөж байдаг юм бэ дээ?

-Манай салбарын яам. Яахав, чадлаараа л явж байгаа байх. Ер нь байгаль орчин гэдэг том нэрийн дор дарагдаад аялал жуулчлалын салбарыхаа ач тус, өгөөжийг бүрэн ашиглаж сураагүй, за тэгээд хүрч шийдэж ч чадахгүй байна даа. Уг нь үндсэн чиглэлийн яам шүү дээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалд дорвитой тодорхой зүйл юу санаачилж хийсэн юм бол. Нуулгүй хэлэхэд, шинэ сайдыг манай хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллах байх гэсэн хүлээлттэй байна.

-Жуулчдыг бид юугаараа татах ёстой юм бэ?

-Жуулчдыг юугаар татаж чадах вэ гэхээсээ илүү юугаараа татаж чадахгүй байна вэ гэдгийг бодууштай. Учир нь бидний өгөгдөл дэндүү том. Хөрсөн доороо ашигт малтмалын дэндүү их нөөцтэй, бараг л байхгүй юмгүй.Тэгээд л түүх археологи, соёлын эд өлгийн дурсгалууд, динозаврын үр өндөг мөр, дээрээ байгалийн сайхан, мал ахуй, үүнтэйгээ зохицсон соёл заншил байна. Хүмүүс нь 90 хувь бичиг үсэгт тайлагдсан дээрээ хаангүй, дэргэдээ дайсангүй, амар тайван гээд олон давуу тал бидэнд бий Гэхдээ энэ бүхэн эргээд Монголын маань зовлон болох юм даа. Дэндүү их баялагтай, эрх дураараа, түүхийн бахархлаа л дуурсамтгай, дундаж давхаргаа хавчаад жижиглэсэн бидний хувьд энэ бүхэн маань эргээд биднийг өнөөдөр эрхийн балай болгочихож.

-Монголд ер ямар хүмүүс жуулчилдаг юм бэ. Ихэвчлэн “гуйлгачин” жуулчид ирдэг гэсэн яриа байдаг. Үүргэвчтэй явган яваад, малчин айлд үнэгүй хоноод л?

-Монголд ирэх боломжгүй. Өнөөдөр Монголд аялах үнэ маш өндөр шүү дээ. Зах зээлийн хувьд бие даан аялагчид гэж бий. Өөрсдөө аяллаа төлөвлөөд, ямар нэг бэлтгэл, тухыг шаардалгүй, орон нутгийн нөхцөлд, дотоод гүнд нь орж аялахдаа тэр улсын эгэл иргэн мэтээр нэгдэж, эрсдэлээ өөрөө дааж аялдаг сегмент л дээ. Үнийн хувьд ч тэр хамгийн бага мөнгөөр хамгийн их зүйлийг хамгийн их бодит нөхцөлд нь туршиж мэдэх гэсэн зорилготой. Ийм аялагчид нэг талаас төсөв багатай, залуус оюутнууд байж болно, нөгөө талаас угаасаа ингэж аялах сонирхолтой баян жуулчин ч бас байж болно шүү дээ. Гол ач холбогдол нь ийм жуулчид аливаа улсын бэлтгэгдсэн “тайзан” дээрх хөшигний цаадах нөхцөл рүү нэвтэрч аялах боломж, зах зээлийн сонирхлыг тогшиж туршиж үүсгэдэг. Бас ихэвчлэн нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч, блогчин хүмүүс байдаг л даа. Тиймээс бусаддаа мэдээлэл анхлан дамжуулагч, эхлэн хөл тавигч нар болж том сурталчилгааны эхийг тавьдаг бас сайн тал их бий.

-Монгол дөрвөн улиралтай. Үүгээрээ мөнгө хийж болох биш үү? Өвлийн экстрим аяллын төрлүүдийг хөгжлүүлж болдоггүй юм уу?

-Ихэнх жуулчин зун ирдэг. Цаг агаар, үйлчилгээ, ая тух, нөхцөл нь тэгж таарна. Бас Монголд ирэх талаарх маркетингийн бүх л сурталчилгаа нь үндсэндээ зун цагаа л гаргадаг. Гадаад яам, нийслэл, аялал жуулчлалын яам тус тусдаа сурталчилна, маркетингийн нэгдмэл бодлого, байгууллага байхгүй. Тэгээд бараг бүгд л хөдөө талын сайхан онгон ногоон байгаль, малчин ахуйгаа сурталчилна. Бодит байдал дээр баахан бүтээн байгуулалт нэрээр байшин барина л гэсэн бодлого явуулаад байдаг, сурталчилсан байгаль, малчнаа үзүүлэх гэж бөөн асуудал. Гэтэл төрийн мөнгөөр хийж буй зурагт болон бусад сурталчилгаандаа бодлогоор завсрын улирлаа, өвлөө сурталчлах, дэмжих бодлого явуулаасай. Ийм онилсон сурталчилгаанаас гадна, өвлийн үеийн бааз, аяллын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, онгоцны болоод буудлын үнэ нааш цааш бууж өсч байдаг ухаалаг систем рүү чиглүүлсэн бодлого хэрэгтэй байгаа. Энэ их утаатай, бухаимдалтай үед хот орчмын манай хэдэн бааз, амралтын газрын үүрэг, ач холбогдлыг үнэлэх хэрэгтэй. Ер нь өвлийн экстрим аялалуудаа хийхдээ стандарт аюулгүй байдал, мэргэжлийн зөвшөөрөл, сургалтыг ч анхаарч журам чиг гаргаж, бидэнтай хамтрах хэрэгтэйг Отгонтэнгэрийн осол харуулсан. Эцэст нь хагархай чарга, эсгий таавчиг, хатсан хар шорлог, хамж авчирсан хэдэн малаараа эвент гэж явахгүй л дээ. Тиймээс өвлийн аяллын очих газар, дулаан байр, сайн үйлчилгээ, халуун аарц, чацаргана ноосон нөмрөг энэ бүхэн маань гоё, уран, дэлхийн жишгийн дагуух хүний хэрэглээний болох ёстой. Үүнд нээрээ төрийн дэмжлэг, оновчтой зохицуулалт маш их хэрэгтэй.

-Танай холбоо төр засагтай хэр хамтарч ажиллаж байна?

-Уг нь аялал жуулчлал бол аз жаргалын гормоныг хүмүүст бэлэглэдэг сайхан салбар. Би менежмент бодлого талаас нь энд яриад байгаа учраас нэлээн асуудлууд ярьчихлаа. Ер нь хувийн хэвшлээ дэмжихгүйгээр аялал жуулчлал явахгүй. Учир нь аялал жуулчлал амьдралд төрийн бодлого зохицуулалтын дагуу хувийн хэвшлийн хэрэгжилтээр биелэл болдог. 1992 онд байгуулагдсан мэргэжлийн ууган том холбооны хувьд бид энэ үүргийн дагуу салбарынхаа зовлон жаргалыг тээж төрөө дэмжиж, бас шахаж, хамтарч ажиллаж ирсэн. Алдаа дутагдал, хүрч дийлэхгүй, бодож тэмүүлж буй зорилгодоо хүрч чадахгүй шалтаг шалтгаан бас бидэнд бий. Гэхдээ бид үндсэн чиглэл, эв нэгдэл, хүчирхэгжиж чадаж байгаа. Бүх хувийн хэвшилийхээ дуу хоолойг нэгтгэж бизнес форум зохиож яг болж байгаа болохгүй байгаа зүйлсээ бараг 2,3 сараар дүгнэн хэлэлцэж, төр нь яах хэрэгтэй бас хувийн сектор яах ёстой зэргээ хэлэлцэн дүгнэж гаргалаа. Төрийн зүгээс бидний боломж, чадал, цар хүрээг зохистой үнэлж, бас толгойлуулан дэмжиж хамтын нэгдмэл зорилгоор нэг зүгт харж хийж ажиллах механизмаа тогтож, бодит хөгжлийн төлөө тууштай хамтарч ажиллаасай гэж хүсч байгаа. Тиймээс гарч буй энэ ондоо, цаашид өмнө хийж ирсэн хамтын ажиллагаагаа бодитойгоор тодорхой болгон улам олон чиглэлд нягт ажиллана гэсэн итгэлтэй байна.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж