Шатахуун импортлогчдыг нүд үзүүрлэхээ болиорой

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Шатахуун импортлогчдыг нүд үзүүрлэхээ болиорой

Хэдхэн  хоногийн өмнө  ша­та­хуун  импортлогч  компа­ниуд бү­тээг­дэхүүнийхээ үнийг 90 төгрө­гөөр нэмсэн. Энэ талаар тэднээс тодруулахад “Ер нь манай шатахуун им­порт­логчид чинь хэцүү шүү дээ. Хичнээн гаалийн зо­хи­­цуулалт хийсэн ч яах ар­гагүй нэмэх шаардлагатай бол­чихоод байна” хэмээн са­наа алдац­гаасан юм. Харин өчиг­дөр нефть импортлогч компаниудын удирд­лагуудад Газрын тосны хэрэг эрхлэх газ­раас анхааруулга өгчээ. “АИ-92 болон АИ-80 бензи­ний үнийг литр тутамд 90 төг­рөгөөр биш 50-60 төг­рө­гөөр нэмэх боломжтой” гэ­сэн байх юм. Тэгээд бүтээг­дэхүүнийхээ  үнийг бууруу­лахгүй бол нефть им­портлох тусгай зөвшөөрлийг нь  түд­гэлзүүлэх юм байх аа. Тэдний үзэж байгаагаар бол  90 төгрөг биш 50 төг­рөгөөр нэмэх ёстой байтал 30 төг­рөг илүү “цохичихсон” юм байж.  Са­нуулга өгсөн хугацаа өчигдөр дууссан боловч үнээ бууруулсан шата­хуун түгээх станц харагдсангүй. Тэгэхээр одоо  Газрын тосны хэрэг эрх­лэх газар амласандаа хүрч нефть импорт­логчдын тусгай эрхийг хураах байлгүй. Ер нь ч тэгээд бушуухан ху­раа­чихаасай. Чаддаг юм бол төр өөрөө энэ бизнесээ хийг.
Өчнөөн эрсдэлтэй, аюултай дарамттай ийм бизнес хийх сонирхол тэдэнд ч бараг байхгүй байх. Сав л хийвэл төрөөс үнийг нь тогтоох гэж оролддог энэ балай наймааг төрд нь өгч тархиа амраасан нь ч дээр. Харин  нөгөө хө­дөлмөрчид нь бензиний үнэ нэм­лээ хэмээн тунирхаж байсан бол  одоо нэг­мөсөн байхгүй болж  унаагаа чө­дөрлөх хэрэгтэй болох нь дээ. Орчин цагийн хаад түшээд шата­хууны үнэ нэмсэн явдалд нэг их ач холбогдол өгсөнгүй. Тоож ч байгаа юм алга. Тэд зуны налгар өдрүүдийг зу­гаа­тай өнгөрөөхөөр том том жийп хө­лөглөн яваа сурагтай. Харин дунд давхаргын машин унаачид шата­хуу­ны “там”-д уначихаад яахаа мэ­дэхгүй байна.  Үүнийг нөгөөдүүл нь ойлгосон ч ойлгоогүй юм шиг нү­дэн балай чи­хэн дүлий… “Тэгж л болохгүй бай­гаа юм бол морио унахгүй юу” гэж арай ч хэлчихэж чадахгүй яваа. Ядаж  Японд үйлдвэрлэсэн цахилгаанаар хөдөлдөг “Hybrid” автомашинуудыг  бар­тераар олж ирээд төрийн бай­гуул­лагуудад шахчих сүүхэйтэй най­маачин энэ 76 дотор баймаар даа. Бид дотроо “Энэ муусайн шатахуун им­портлогчид хоорондоо хуйвлдаад үнээ нэмлээ” гэж хардаж байгаа нь эн­дүүрэл бололтой. Оросуудын хувьд бид цэцэрлэгийн насныхан. Тэ­дэнд шоглуулчих гээд байдаг та­лаар шатахуун импортлогчид хоо­­рондоо тоглоом шоглоомоор ярьц­гааж байдаг нь хэдийнэ ил бол­чихож. Ази, Европыг байгалийн хий, шата­­хуунаар бараг л хангах шахаж бай­гаа Орост  Монгол бол ТҮЦ-ний дайтай санагдах нь зүйн хэрэг шүү дээ.

Шатахуун импортлогчдын зарим нь зөвхөн дизель түлшний үнийг 100 төгрөгөөр бууруулах сураг сонсогд­сон. Хэрэв тэгж чадвал иргэдийн амьд­ралд нэмэр болохоос нэрмээс болохгүй. Улаанбаатарын гудамжаар утаа гаргаж яваа нийт автомашины 80 гаруй хувь нь АИ-92, АИ-95-аар авж байхад хэдэн ланд, том оврийн унаа тэрэг нь түлшээр явах жишээтэй. Ер нь үнийн өсөлттэй холбоотой асууд­лыг сөхөхөөр “Цаагуураа тэгээд шийд­чихсэн юм” гэж булзааруулсан хариулт өгөх хүн олон гарч ирдэг. Цаа­наасаа гэдэг нь ОХУ-аас ний­лүүлж буй шатахууны үнийг хэлж байгаа хэрэг. Төрийн зүгээс ямар нэг арга хэмжээ авахад хүрвэл шата­хуун импортлогч компаниуд дунд нь “хэлмэгддэг” бололтой юм. Нэг та­лаасаа бор зүрхээрээ их гүрнийг зорьж элэг нэгтнүүддээ хөл залгах унааг нь шатахуунаар хангах, амьд­рал ахуйгаа дээшлүүлэх гэж буй хү­мүүс мэт. Манайдаа том, том бизнесмэн юм шиг боловч Орост очихоороо тэд нар хумсын толионы чинээ болтлоо жижгэрдэг. Нөгөө та­лаасаа Оросын төр гадаадад гаргаж байгаа бүх шатахууныг бүрэн хяналт­даа байлгадаг шиг манай төр, засаг ч энэ тал дээр бодлоготой л хан­дах хэрэгтэй юм шиг. Гэхдээ бор гэр­тээ богд байх нь угийн монгол хү­ний хээгүй зан шиг ээ. Шатахуун хомс­доод ирэнгүүт хүмүүс хөл хөдөл­гөөнд орж байх жишээтэй.

“Гээндээ ч бий. Гоондоо ч бий” гэдэг үг бий.  Төр засаг шатахууны тал дээр ямар ч арга хэмжээ авч ча­дахгүй байж, импортлогчдыг ша­хаанд оруулж, “Үнээ хямдруул” гэж тушаагаад байвал тэд ямар ашгаа олох юм бэ. Өнөөдөр АИ-92-ийн үнийг нэг литр тутамд нь 90 төгрөгөөр нэмж, дизель түлшийнхийг 100-гаар бууруулах гэж байна. Энэ үнийг да­гаад хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Үүнээс болж ир­гэ­дийн нуруун дахь ачаа улам бүр нэмэгдэх болно. Шатахууны үнийг дагаад цалин нэмэгддэг бол хэн ч юу ч ярихгүй, сөхөх ч үгүй байх. Ша­тахууны үнэ нэмэгдсэнээс болж, хаа сайгүй үнийн хөөрөгдөл. Худлаа ч юм уу, үнэн ч юм уу арга хэмжээ авч байгаа л гэдэг. Төрөөс төрсөн тэр­бумтнууд, түүхээс үлдсэн ард түмэн л өнөөгийн нийгэмд дор бүрнээ бор гэртээ богд болсоор байгаа нь гашуун үнэн үү.  Уул уурхайн салбарт түшиг­лэсэн эдийн засгийн хөгжил, гэрэлт ирээдүй монголчуудыг хүлээж бай­гаа гэх. Гэвч өнөөх мундаг хүмүүс нь хойд хөршөөсөө “шанага” бензин царайчлан суусаар байна шүү дээ. Тэгээд бас болоогүй оросуудын өөдөөс том дуугарч чадахгүй боло­хоо­роо хэдэн импортлогчдоо нүд үзүүр­лэнэ. Энэ амьдрал биш шүү.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж