И.Одончимэг: Солиот эхийг бүтээсэндээ харамсаагүй

Хуучирсан мэдээ: 2018.01.07-нд нийтлэгдсэн

И.Одончимэг: Солиот эхийг бүтээсэндээ харамсаагүй

И.Одончимэг: Солиот эхийг бүтээсэндээ харамсаагүй

“Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчид Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн “Солиот эх” өгүүлэгээс сэдэвлэсэн уран сайхны киноны нээлт өнгөрөгч баасан гаригт /2018.01.05/ боллоо. Киноны найруулагчаар гавьяат жүжигчин И.Одончимэг, продюсераар Н.Онон ажилласан бөгөөд уг бүтээлийг дэлгэцийн бүтээл болгох албан ёсны эрхийг зохиолчтой хийсэн байна.  

1900-аад оны эхэн үеийн монголчуудын амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг тухай өгүүлэх уг киноны гол дүрийг гавьяат жүжигчин И.Одончимэг бүтээсэн юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-“Солиот эх” уран сайхны кино дэлгэцэнд гарч ирсэн цагаасаа эхлэн үзэгчдээс өндөр үнэлгээг аваад байна. Киноны нээлтийг 1000 үзэгчийн хамт “Корпорайт”-д хийлээ. Таны сэтгэгдлийг сонсмоор байна?

-Надад үнэхээр хэлэх үг олдсонгүй. “Солиот эх” киноны нээлтээ энэ том тайзан дээр хийх болсны дараа үг хэлэх гээд их бэлтгэсэн. Гэтэл энэ олон үзэгчээ хараад, киногоо үзээд хэлэх үг гарсангүй.

Аливаа юм хоёр талтай. Бид урлагт дурлаж, гайхалтай багш нарын ур чадвараар чанагдсан уран бүтээлчид. Миний хайртай багшийн нэг Ардын жүжигчин П.Цэрэндагва “Магтаал, зэмлэл хоёрыг даах чадвартай бай” гэж сургасан. Энэ үгийг бол байнга бодож байдаг. Уран бүтээлч хүн магтаалд хянамгай, шүүмжлэлд анхааралтай хандах ёстой гэж бодож явдаг. Бидний өнөөдрийн хөндөж байгаа эхийн сэдэв энэ цаг үед илүү их үгүйлэгдсэн юм болов уу гэж харж байна.

-Та өөрийн бүтээсэн дүрээр үзэгчдэд юу харуулахыг зорьсон бэ?

-Намайг бага байхад нэгэн солиотой эх бидний ойр байдаг байсан. Хүүхэд болсон хойно тэр хүнээр их тоглоно. Заримдаа ч уйлах ч юмуу эсвэл зүгээр хүн шиг байна. Тэр эмэгтэй гэрийнхэндээ их тус болдог. Солиотой эх гэхээр их өөр өнцгөөр хараад байх шиг байна. Сая энэ дүрийг бүтээж байхад тэр эгч үргэлж санаанд орж билээ. Хэн нэгний хайрыг эцэст нь мэдэх шиг хэцүү зүйл байдаггүй. Эхийн тухай ойлголт энэ өнцгөөс харагдаж байгаа. “Солиот эх” кинонд гарч буй эх бол бүрэн солиотой эх биш юм. Бидний амьдрал их энгийн шүү дээ. Тиймээс киногоо хүмүүст илүү ойр байхаар хийсэн. Кинонд хэцүү зүйл их гарна. Би маш энгийн, тодорхой бид бүгдийн сэтгэл рүү чиглэсэн тэр зүйлийг гаргахыг хичээсэн. Энэ кино анх надад арт хаус чиглэлээр харагдаж байсан. Зэвүүн кино гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ надад сахилгагүй бодол байгаа. Уг киног дахин өөрөөр гаргах бодол байна. 

-Шүүмжийг та ямар байдлаар хүлээж авдаг вэ?

-Мэдрэмжтэй, мэдлэгтэй шүүмжлэх хэрэгтэй. Уран бүтээлч хүн ганцаараа биш бусадтай хуваалцахын тулд бүтээлээ туурвидаг. Тиймээс бүтээл төрөх тусам шүүмж байдаг. Ямар ч мэдлэггүй, гоо зүйн мэдрэмжгүй хүн олон сар хөдөлмөрлөж хийсэн уран бүтээлийг нулимах шиг муухай зүйл байдаггүй. Урлагийн тогоонд олон жил чанагдаж байгаа бид бол тэр шүүмжээс зөвийг олж чадахтайгаа байгаа. Гэхдээ миний нэг баярладаг зүйл байдаг юм. 

-Нууц биш бол баярлаж явдаг зүйлээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?

-“Х-ТҮЦ”-н уран бүтээлчид 2009 онд “Аянгын бороо” эмгэнэлт драмын жүжгийг тайзнаа тавьсан. Энэ жүжиг олон хоног тоглогдож, театрын урлагт хайртай ард түмнийг татаж чадсан. Гэтэл гэнэт маш олон шүүмжлэгчид гарч ирсэн. Үүний дараа 2013 онд Тайваны алдарт эмэгтэй зохиолч Чюн Яогийн “Сэрүүн хасын нууц” /Сюэкө бүсгүй/ жүжгийг тайзны бүтээл болгож, тавилаа. Гэтэл ахиад л бид шүүмжлэгчдийн бай болж байсан. Гэхдээ бид нэг л зүйлд талархаж байдаг юм. “Х-Түц”-ийнхэн хөдөлмөрлөж, урлагт хайртайгаа харуулж байгаа юм гэж харж байдаг.  Энэ удаад “Солиот эх” өгүүллэгийг дэлгэцийн бүтээл болголоо. Үүний дараагаар олон уран бүтээл туурвих болно. 

-Таны хувьд киноны гол дүрийг бүтээснээс гадна найруулагчаар ажилласан байна. Олон ажлыг зэрэг амжуулахад ямар байв?

-Бидний хийх ёстой ажил шүү дээ. Уран бүтээлч бид бүгдийг давах учиртай. Миний хувьд найруулагчаар ажиллахаас гадна гол дүрийг бүтээнэ гэж бодож байгаагүй. “Хэрвээ чи тоглохгүй бол энэ киног хийхгүй” гэж Н.Онон шууд тулгасан. Харин одоо эргээд харахад тоглосондоо харамссангүй. Уран бүтээлч хүнд заавал бүтээхсэн гэсэн дүр байдаг шүү дээ. Магадгүй энэ дүр миний тэр хүслийг хөнгөвчилсөн болов уу. Гэхдээ надад дахин ээжийн тухай кино хийх бодол бий.

-Хятадын зохиолч Ванг Хэнг Жинтэй кино гаргах албан ёсны гэрээг хийсэн гэж байсан. Энэхүү гэрээг хэрхэн хийсэн бэ?

-Энэ бол ёстой хэцүү юм билээ. Би ч өөрт оногдсон дүрээ гаргаж байвал илүү дутуу зүйлд гүйгээд байдаггүй хүн шүү дээ. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд Н.Онон байгаагүй бол энэ киног хийх боломжгүй байсан. Тэр маш удаан хөөцөлдсөний эцэст зохиолчтой холбогдсон. Энэ хүн багш хүн юм билээ. Мэдээж Бүх Хятадын уран бүтээлчид оролцсон наадмаас гранпри шагнал хүртэж байсан зохиолчийн бүтээл бол чамгүй өндөр үнээр үнэлэгдэж байсан. Гэхдээ бид тэр бүгдийг гүйцээж чадаагүй ч хэдэн сая төгрөгөөр авсан байгаа. Үнийн дүн чухал биш. Ямар ч байсан анх удаа Хятадын зохиолчоос албан ёсны эрхтэйгээр “Х-ТҮЦ” авч чадлаа гэж бодож байна.

-Таны охин ээжийнхээ шинэ дүрийг хараад юу гэж байна?

-Киноны хар монтаж хараад сууж байхад охин минь их уйллаа. Тэгээд бид “Миний охин энэ чинь кино шүү дээ” гэж тайтгаруулсан. Гэхдээ их удаан уйлсан шүү. Харин нээлтийн үеэр охиноо уйлж болохгүй шүү, энэ чинь зөвхөн кино гэж хэлж оруулсан.  

-“Солиот эх” уран сайхны киноны араас дахин уран бүтээл гарах сураг байна. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-“Х-ТҮЦ” продакшны уран бүтээлүүд ар араасаа цуврах болно. Ирэх гуравдугаар сард “Алтан өндөг” гэдэг кино нээлтээ хийнэ. Энэ киноны найруулагчаар би ажиллаж, зураг авалтыг Өвөрмонголд хийсэн. Инээдмийн төрлийн энэ киног гурван жилийн өмнөөс хийсэн. Гэтэл гарч чадахгүй байсаар байгаад “Солиот эх” киноны ард орчихлоо. “Солиот эх” киноны зураг авалтыг Архангай аймагт хийсэн бөгөөд жил гаруйн хугацаанд зураг авалтыг хийсэн. Тэгэхээр бидний уран бүтээлүүд өвөл, хавар дамжин үзэгчдэдээ хүрэх болно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж