"Харвони", "Ледвир" эмийг хуурамч гэх боломжгүй

Хуучирсан мэдээ: 2018.01.07-нд нийтлэгдсэн

"Харвони", "Ледвир" эмийг хуурамч гэх боломжгүй

"Харвони", "Ледвир" эмийг хуурамч гэх боломжгүй

Орчин үеийн анагаахын шинжлэх ухааны ололт, амжилтын гавьяагаар элэгний С вирусийг маш богино хугацаанд өндөр  үр дүнтэйгээр эмчлэх боломжтой болжээ. Монголчууд ч гэсэн энэхүү үйл явдлын үр шимийг хүртэж Элэгний С вирусийн эсрэг АНУ-ын “Mylan” компанийн  ‘Ледвир’ эмийг  2016 оны дөрөвдүгээр сарын 29-нд албан ёсоор хэрэглэж эхэлсэн юм. Өнөөдрийг хүртэл 10000 гаруй хүн энэхүү эмийн эмчилгээнд хамрагдаж эмчлүүлжээ.  

Энэхүү эм нь С вирусийг 99 хувийн үр дүнтэйгээр эмчилдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар баталгаажсан цор ганц бүтээгдэхүүн ажээ. Харин өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн яам, “Монгол эм импекс”болон ‘Mylan’ компанитай хамтран элэгний С вирусийн “Ледвир” эмийн үнийг тэглэхээр болсноо мэдэгдсэн билээ. “Ледвир” эмийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эрүүл мэндийн  даатгал төлдөг иргэдэд үнэ төлбөргүй олгож байна. Энэ талаар бид “Монгол эм импекс “концерн дахь элэгний төслийн удирдагч Б.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Эрүүл мэндийн яам болон “Монгол эм импекс” концерн хамтран элэгний С вирусийн эмийн үнийг тэглэхээр болсон. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-2018 онд манай компани байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байгаа юм. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамтай хамтран элэгний С вирусийн “Ледвир” эмийн үнийг эрүүл мэндийн даатгалаар тэглэх болсон талаар мэдээлэл хийсэн. АНУ-ын “Mylan” компанитай хамтран энэхүү ажлыг эхлүүлсэн гэдгийг онцлох нь зөв байх. “Ледвир” эмийн үнийг тэглэснээр  өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж, иргэдээс гарах эмийн эмчилгээний зардлыг бүрэн хөнгөлж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар, төр хувийн хэвшлийн байгууллагууд хамтран 2020 онд элэгний С вирусээс бүрэн ангижирсан дэлхийн анхны улс болох зорилт тавьж “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусийн хавдар, түүнээс шалтгаалсан элдэв хүндрэл, нас баралтыг бууруулахад иргэнээс гарах эмчилгээний зардлыг тэглэсэн алхам бодит үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

-“Ледвир” эмийг өвчтөн үнэ төлбөргүй авах боломж бүрдэж байна. Эмийг үнэ төлбөргүй авахад ямар нэгэн шаардлага бий юу?

-Эрүүл мэндийн даатгалтай иргэд энэхүү эмийг үнэ төлбөргүй авах боломжтой. Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн жилд хоёр сая төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй байдаг. ‘Ледвир’ эмийн нэг хайрцаг нь 210 мянган төгрөг. Энэ мөнгийг бид эрүүл мэндийн даатгалаас нь суутган авч байна гэсэн үг юм. Бидний зүгээс иргэдэд тавьж буй шаардлага бол эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх. Хэрвээ та эрүүл мэндийн даатгалаа төлдөг бол энэ эмийг үнэ төлбөргүй авах боломжтой гэдгийг дахин хэлье

-Үнэ төлбөргүй иргэдийн гар дээр очиж байгаа Ледвир эмийг тусгайлсан эмийн сангаар борлуулах уу?

-‘Ледвир’ эмийг ‘Монгол эм импекс’ концернийн салбар эмийн сангаас үнэ төлбөргүй авах боломжтой. Бид хот болон хөдөө орон нутагт өөрийн гэсэн салбартай тул орон нутгийн иргэдэд мөн адил хүртээмж байх болов уу. Мөн манай 1800-1923 лавлах руу холбогдоод өөрт ойролцоо салбар эмийн сангаас авах боломжтой.

-Тухайн хүн эмийг авахдаа шинжилгээний бичигтэйгээ очих ёстой юу ?

Эмчийн жорын дагуу  эм олгогдоно.Тухайн хүн эмчээс жор авахдаа шаардлагатай бүх шинжилгээг өгсөн байх ёстой.

-“Ледвир” эмийг хэрэглээд хэдэн хүн эдгэсэн байдаг бол. Энэ талын судалгаа байдаг уу ?

2016 оны дөрвөн сараас хойш ойролцоогоор 10 мянга орчим хүмүүс элэгний С вирусийн “Ледвир” эмийг эмчийн хяналтад дор  хэрэглэсэн байдаг гэх судалгаа бий.  Эмчилгээний үр дүнд тулгуурлан хот болон хөдөө орон нутагт олон төрлийн судалгаа хийсэн. Үүний үр дүнд 99.7 хувийн өндөр үр дүнтэй гарсан. “Ледвир” эмийн онцлог  нь 2017 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ баталгаажилтыг авсан элэгний С вирусийн цор ганц эм. ДЭМБ-ийн баталгаажилтыг авна гэдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай эм гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид дэлхийн хэмжээний өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнийг эмчилгээндээ хэрэглэдэг болчихлоо.

-Элэгний С  вирусийн “Харвони” эм Монгол Улсад орж ирсэн. Энэ эмийг дагаад олон төрлийн эм манай улсад импортоор орж ирж байна. “Ледвир” эм  нь чухам юугаараа давуу талтай бэ?

-2015 оны байдлаар гэхэд дэлхийн нийт хүн амын 2 хувь буюу 143 сая хүн элэгний С вирусийн халдвартай байсан. Мөн онд 167 мянган хүн элэгний халдвараас болж, 326 мянган хүн элэгний С вирусийн хүндрэлээс болж нас барсан гэсэн тоо баримт байдаг. Үүнээс 20 хувь нь өндөр  хөгжилтэй орнууд, үлдсэн  80 хувь нь  хөгжиж байгаа ялангуяа Африк, Төв Азийн орнууд байгаа юм. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд энэ төрлийн эмчилгээг нийгмийн даатгалаас хөнгөлөхөөс гадна хувь хүн нь амьдралын боломжтой учир өөрөө худалдан авах боломжтой байдаг. Харин амьдралын түвшин доогуур байгаа  80 хувьд  “Харвони” эм хэрхэн хүрэх вэ? Тэд  90 мянган ам доллараар худалдан авч чадахгүй шүү дээ.Тухайн үедээ энэ эмийн өртөг өндөр байсан учраас төдийлөн хүртээмжтэй биш байсан. Ингээд АНУ-ын “Gilead Sciense” компани дэлхий нийтийг С вирусийн эсрэг “Харвони” эмийн бодисоор нийтэд нь  хангах боломжгүй учраас Энэтхэгийн арав гаруй  үйлдвэрүүдэд лицензээ өгч, түүний дагуу элэгний С вирусийн эсрэг эмийг үйлдвэрлэн, худалдаалж байгаа юм. Тэдгээр арван компанийн нэгээр “Mylan” компанийн Энэтхэг улс  дахь салбарыг сонгон  хамтран ажиллахаар болсон. “Mylan” компанитай 2014 оны есдүгээр сарын 14-ны өдөр хоёр талын гэрээ байгуулснаар лицензээ шилжүүлж өгсөн байдаг. 2015 онд “Харвони” эм , 2016 онд “Ледвир” эм орж ирсэн нь манай улсын хувьд  хамгийн удаан хугацаанд олон мянган хүнд хүрсэн чанар нь баталгаажсан эмээр нэрлэгдээд байгаа бөгөөд 2016 онд “Ледвир” эм “Эдийн Засгийн Үр Өгөөжтэй” бүтээгдэхүүнээр шалгарсан юм. “Mylan” компанийн хувьд 1961 онд АНУ-ын Виржини мужид үүсгэн байгуулагдсан бөгөөд 2017 оны байдлаар женерик эмийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа дэлхийн хэмжээний том компани юм. “Ледвир”, “Харвони” гэсэн хоёр эмийн тун адил хэмжээтэй тул чанар, хүнд үзүүлэх үйлчлэлийн хувьд яг ижил. Зөвхөн худалдааны нэршил нь өөр өөр байгаа юм.

-Энэхүү “Ледвир” эм нь өөрийн улсдаа их үнэтэй зарагддаг. Монгол Улсад орж ирсэн цагаасаа үнэ нь бага багаар буусаар өнөөдөр үнэгүй болчихлоо. Үнэгүй болно гэхээр хуурамч байх тохиолдол бий юу?

-Энэтхэг улс нь өөрөө түүхий эдийн эх орон шүү дээ. Нэгэнт эмийг яаж үйлдвэрлэх технологийг мэдсэн учраас, шинээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулахгүйгээр зөвхөн эм үйлдвэрлэх үйлдвэрлэлийн зардлаа тооцож үзээд, эмийн үнийг бууруулах бүрэн боломжтой юм билээ. “Mylan” компани лицензийн эрхийн дагуу эмээ үйлдвэрлээд түүхий эдийн зардал дээр үйлдвэрлэгч компани тодорхой хувийн өөрсдийнхөө ашгийг нэмээд нийлүүлж байгаа юм. Тэр үүднээс “Mylan” компаниас “Ледвир” эмийг боломжийн үнээр авч байгаа. “Харвони”, “Ледвир” гэсэн хоёр эмийн аль нэгийг нь хуурамч, хулхи гэх ямар ч боломжгүй.

-2019 онд эм хямдарсан хэвээр байх уу ?

Манай компанийн зүгээс “Ледвир” эмийн хайрцаг тутмын үнэ цаашдаа 210,000 төгрөг хэвээр байна. Харин Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас цаашдаа хайрцаг тутам дээр тогтмол 210,000 төгрөгөөр хөнгөлсөөр байх уу гэдэг дээр бидний зүгээс өмнөөс нь хариулт өгөх боломжгүй.

-Та ярилцлагын төгсгөлд уншигчдад хандан юу гэж хэлмээр байна ?

-Эрүүл мэндийн боловсролтой, өөрсдийнхөө төлөө мөнгө зарцуулж эдгэсэн хүн байхад, санхүүгийн боломжгүйн улмаас эмчилгээнд хамрагдалгүй үлдэх хүмүүс ч бас байна. Тэр хүмүүст  зориулж төр засгаас дэмжлэг үзүүллээ, Эрүүл мэндийн даатгалын сангаас 210 мянган төгрөгөөр хөнгөлөөд  өгчихлөө.  Бид нар одоо юуг хүсэж байна вэ ? гэхээр тухайн хүн маань эрүүл мэндийн даатгал төлдөг л  бол  үүнийгээ ашиглаад  элэгний С вирусийн эмийнхээ  эмчилгээнд  өөрөөсөө зардал гаргахгүйгээр, идэвхтэй оролцоосой хэмээн уриалж байна.Иргэд бидний оролцоо элэгний С вирусийн халдварт өвчний дарахад их чухал. Элэгний С вирус 2013 он хүртэл, нас барах, эсвэл элэг шилжүүлэн суулгах гэсэн хоёр л сонголттой байлаа. Харин одоо бол 100 хувь эдгэдэг болсон. Уншигчдадаа хандаж хэлэхэд элэгний С вирусийн оношилгоонд хамрагд,  халдвар аваагүй бол хэрхэн урьдчилан сэргийлэх талаар эмчээс зөвлөгөө ав. Хэрэв халдвар авсан бол эмчилгээнд хамрагдаасай гэж хүсэж байна. Үзлэг оношилгоонд эрт хамрагдвал  ирээдүйд гарах хүндрэлээс аврагдана гэсэн үг.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж