2018 оны ажлын эхний долоо хоног ширүүн эхэллээ. Аль хагас жилийн өмнө батлагдаж энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлж байгаа татвартай холбоотой хуулиудын хэрэгжилтийг эсэргүүцсэн дуу хоолой энд тэндгүй сонсогдлоо. Батлагдаад хагас жил гаруй болж байгаа, батлагдахаасаа өмнө дор хаяж хоёроос гурван сар хэлэлцэгдсэн эдгээр хууль хэрэгжихтэй зэрэгцэн халаасан дахь мөнгө нь хорогдох дээрээ тулж байж нэг ухаарав бололтой. Хууль баталсан хүмүүс нь ч сануулсангүй, тэд засаг төрөө сольж, албан тушаалын тохироогоо хийгээд завгүй байсан. Амралтын өдрүүдээр эсэргүүцлийн жагсаалыг хүртэл хийж эхэлсэн мэдээ Орхон аймгаас ирлээ. Гэлээ гээд нэгэнт хөдөлсөн галт тэрэг зогсохгүй.
Татвар болоод нийгмийн даатгалын шимтгэлийн өөрчлөлт хамаарч байгаа хэсэг нь албаны хүмүүсийн хэлж байгаачлан хүн амын маш бага хувийг эзэлж байгаа нь үнэн ч чадахын хэрээр хөдөлмөрлөж, тэр хэрээр орлого олж амьдралаа болгоод явж байгаа хэсэг рүү чиглэж байгаа. Энэ нь сайн яваа нэгнээ тал талаас нь зулгаадаг монголчуудын хөгийн сэтгэлгээ төрийн түвшинд ч байгааг харуулж байгаа хэрэг.
Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд эргүүлэн авч байгаа тухай цочир мэдэгдэл өнгөрсөн долоо хоногт тарсан. 100 хувь төрийн мэдэлд авч, ард иргэддээ хувьцаа тараана гэсэн “холыг харсан сайхан сэтгэлд” баярламаар байгаа ч төрийн өмчийн компаниудаас ашигтай ажиллаж үр ашгаа хүртээж байгаа нь хэд билээ гэдгийг санахад илүүдэхгүй. Төрийн өмчийн 87 компанийн дийлэнх нь буюу 80 гаруй хувь нь алдагдалтай ажиллаж байна хэмээн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар өнгөрсөн жил мэдэгдэж байсан. Яагаад гэвэл нэг ажлыг таван хүн хийж байвал төрийн алба гэнэ, харин нэг хүн таван ажлыг ганцаараа хийж байвал хувийн хэвшил гэнэ гэсэн философи энд үйлчилдэг.
Хамгийн цочир мэдэгдэл нь ажлын сүүлийн өдрийн Ерөнхийлөгч Х.Баттулгынх байлаа. Оны өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 28-нд агаарын бохирдлын гол шалтгаан болсон утаатай тэмцэх онц байдлыг зарлах тухай саналаа УИХ-д хүргүүлсэн. УИХ өнгөрсөн Баасан гаригт /2018.01.05/ Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталсан ч Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосны дагуу “Онц байдал” зарлах шаардлагагүй гэж үзлээ. Энэхүү тогтоолын төслийг хэлэлцэх хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн бөгөөд УИХ-ын батлах гэж буй тогтоолын төсөл хангалтгүй байгааг хэлсэн ч уг тогтоол мөн өдрөө батлагдлаа.
Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ хэрэв УИХ утаатай тэмцэж чадахгүй бол Цагаан сарын дараагаас УИХ-ыг тараах талаар санаачилгатай ажиллана хэмээн мэдэгдсэн нь утаатай улс төр үү, эсвэл улс төрийн утаа юу гэдэг асуултыг тавихад хүргэж байна. Учир нь, хуулийн дагуу Ерөнхийлөгч дангаараа ийм шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй. УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлд УИХ-ын бүрэн эрх ямар нөхцөлд хугацаанаасаа өмнө дуусгавар болох тухайг зохицуулсан байдаг. Энэ зүйлд заагдсан үндэслэлийн нэг Ерөнхийлөгчид хамаарч байгаа боловч “УИХ-ын даргатай зөвшилцөн санал нэгдэж УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн” хэмээн заасан. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхийлөгчийн энэ мэдэгдэлд ихээхэн эгдүүцэж Ерөнхийлөгчийг шантааж хийлээ хэмээн ундууцсан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн “санаачилгатай ажиллана” гэдгийг Цагаан сарын дараагаас УИХ-ыг тараах асуудлаар УИХ-ын даргатай зөвшилцөнө, эсвэл өөр нэг үндэслэл болох УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйтэй нь парламентыг тараах өргөн зөвшилцөл явуулах нь гэж ойлгогдож байна. Яагаад гэвэл тэртээ тэргүй утаа энэ хоёр сардаа арилахгүй, өдөр бүр салхилж шуурдаггүй юм бол шүү дээ.
Монгол Улс утаатай амаараа хангалттай тэмцэж, хангалттай хэмжээний хөрөнгө мөнгө зарж ирсэн нь үнэн. Харин энэ нь бизнес болсон гэдгийг Ерөнхийлөгч онцолсон. Түүний хэлснээр утаанд зарцуулсан хөрөнгөний 147 тэрбум төгрөг, 100 орчим сая ам.долларыг “утааны зовлон дээр бизнес хийдэг улс төр, бизнесийн бүлэглэл” завшсан. Гэхдээ энэ бүлэглэл нь хэн бэ, нөгөөх 30 гэр бүлд хамаарах уу үгүй юу гэдэг талаар тодорхой зүйл хэлсэнгүй.
Холбоотой мэдээ