Сургуулийн автобус, суудлын машин түрээсэлье | News.MN

Сургуулийн автобус, суудлын машин түрээсэлье

Хуучирсан мэдээ: 2018.01.07-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Сургуулийн автобус, суудлын машин түрээсэлье

Сургуулийн автобус, суудлын машин түрээсэлье

Шинэ оноос хот мэдэгдэхүйц сэлүүхэн, замын түгжрэл багатай байгаа нь Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиуд амарч эхэлсэнтэй холбоотой. Өнгөрсөн долоо хоногийн түгжрэл багассан дүр зургаас улаанбаатарчууд хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөх гэж ямар их цаг хугацаа зарцуулж, түүнээс болж түгжрэл нэмэгддэг байсныг харж болохоор байна.

Өглөөдөө сургууль руу хүүхэд зөөх, өдөртөө буцааж авах энэ урсгал Улаанбаатарын их түгжрэлийг үүсгэдэг бололтой. Хүүхэд сургуульд хүргэхийн тулд аав, ээж хоёр нь хоёулаа машин унах, хүүхдээ ээлжилж зөөх зэрэг бидний амьдралын зайлшгүй шаардлага болжээ. Нийгэм нь, нөхцөл ямар байна, хүмүүс ар гэр, ажил, амьдралаа түүнд тааруулж залгуулна.

Ид хүйтний үеэр дунд сургуулиудын амралтыг уртасгасан нь утаа, цаг агаарын нөхцөл, замын түгжрэл, айл өрхийн санхүү гээд багагүй асуудлыг нимгэлсэн зөв гарц байсныг эцэг, эхчүүд ярьж байна. Гэхдээ ярих, энэ аргаар хэсэг зууртаа аргалаад өнгөрөх нэг хэрэг. Цаашид хот түгжрэлгүй, хүүхдүүд хичээл, сургуульдаа асуудалгүй явдаг байхын тулд юу чухал байна вэ гэдгийг олж харах, айл бүрт, хүн бүхэнд хамаатай энэ асуудалд яг тохирсон гарц, үйлчилгээг олох нь өөр хэрэг.

Сургууль, цэцэрлэгийг сүлжсэн түгжрэлийг сааруулах хамгийн бодит арга сургууль бүрийг автобустай болгох ажил байж болох юм. Улаанбаатар хотын хувийн ихэнх сургуулиуд сурагчдаа зориулалтын автобусаар зөөж хэвшсэн ч улсын сургуулиудад энэ үйлчилгээ жигдэрч чадахгүй байгаа. Жигдрэх байтугай эхэлсэн ч гэхэд хэцүү. Хоёр, гурван жилийн өмнөөс найман аж ахуйн нэгж байгууллагын 11 автобусаар 10 гаруй чиглэлд сурагчдыг тээвэрлэх үйлчилгээ үзүүлж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь өргөжин тэлсэнгүй.

Улсын сургуульд жолооч ажиллуулах орон тоо, автобус авах санхүү, тэр автобусаа байрлуулах гараж, зогсоолоос эхлээд асуудлыг шууд шийдэхэд хүндрэлтэй. Гэхдээ эхний удаад сургуулиуд тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй тохиролцон, сургуулийн автобус түрээслэх боломж байна. Үүнийг төрийн болон эцэг, эхчүүдийн оролцоотой шийдэж болохоор.

Олон жил ярьсан их, дээд сургуулийг хотоос гаргах, төвлөрсөн оюутны хотхон, их, дээд сургуулийн бүс байгуулах нь зөв болохыг утаа униартай, уур уцаартай, даацаа дийлэхээ больсон хотын бачим байдал харуулсаар байгааг анзааръя. Дунд сургуулийн урт амралт, оюутны улирлын амралт давхацсан энэ нэг сарын хугацаа тэр их ачааллыг дундалж, амьсгаа авахтай болж байгааг бид бүгд л бэлхнээ харж байна.

Харин хотод хэрэгжүүлмээр шинээ санаа гэвэл автомашины түрээсийн үйлчилгээ. ОХУ-ын Москва хотод гэхэд өнгөрсөн онд машин түрээслэгчдийн тоо нэг саяд хүрчээ.  Хотын захирагчийн орлогчийн ярьснаар Москва хотын машин түрээсийн үйлчилгээнд нэг сая гаруй хэрэглэгч бүртгүүлж, 2016 оны эцсээр 300 мянган хэрэглэгчтэй байсан түрээсийн үйлчилгээ үзүүлдэг машины тоо 4350 болж, 2017 онд үйлчлүүлэгчид түрээсийн машинаар 5.4 сая удаа зорчжээ.

Москва хотын тээврийн нэг чухал хэсэг болсон машин түрээсийн үйлчилгээг Улаанбаатарт хэрэгжүүлбэл хүн бүхэн машинтай байх сонирхол, шаардлага дагаж буурах боломжтой.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар бүхэлдээ утаа ярьж, утааны эсрэг авах арга хэмжээний уртын болон ойрын зорилгуудыг танилцуулж эхэллээ. Түүн дунд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсрол, дээд сургуулийн хичээлийн жил эхлэх, дуусах хугацаа, улирлын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг судалж, 2018 онд багтаан шийдвэрлэж, хэрэгжүүлэх талаар тусгажээ. Судалж, шийдэл олох энэ асуудлыг хэрэгжүүлэхдээ авто замын хэт ачаалал, сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, алслагдсан гэр хорооллын хүүхдүүдийг хэрхэн тээвэрлэх зэргийг хамтад нь тусгана гэж найдья.

Б.БАЯСАХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-01-07 202.21.106.155

Olon ajiltantai baiguullaguud avtobus hangalttai yavuulahgui baina. Ih delguur gehed l myangaad hun ajilladg. Tedend zoruilaad avtobus yavuulbal IX delguuriig toirood zogsdog mashin neleen tsoorno.

Avatar

Юухийж бна 2018-01-07 219.142.99.4

Батболд юу хийэж байдгийн болдоо чааваас. Асемийн баахан автобусыг сургуулиудад өгчихөөч наад захнь, худлаа ярихаас цаашгүй попилистууд юмаа.

Avatar

Зочин 2018-01-07 27.123.212.140

Шилдэг дунд сургуулиуд зөвхөн хотын төвд бдаг гэдэг ойлголтыг эвдээч ээ шинэ хорооллын дунд шинэ сургууль бариад шилдэг багш захирал шалгаруулж аваад шилдэг сургууль цэцэрлэг болгол доо ямар асуудал бна тэгвэл хаа бсан яармагаас хүүхдээ чирээд хотын төв рүү зүтгэх үү Монголд багш шиг их юм алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж