Монголын сагсан бөмбөгийн холбооноос өсвөр болон залуучуудын шигшээ багийн төлөөлөл болсон тамирчдыг БНХАУ-ын Тяньжин хотод 14 хоногийн хамтарсан бэлтгэл, сургалтад хамруулжээ. Баг тамирчид өчигдөр эх орондоо ирсэн байна.
БНХАУ-ын Тяньжин хотын мэргэжлийн сагсан бөмбөгийн CBA-д бэлтгэгдэж буй ‘Tianjin Gold Lion’ клубтэй хийсэн хамтарсан бэлтгэл хоёр долоо хоногийн турш болжээ. Манай сагсчид бэлтгэлийн үеэр Тяньжин хотын залуучуудын багтай тоглолт хийсэн бөгөөд 69:65 онооны харьцаагаар ялалт байгуулжээ.
Тяньжин хотын залуучуудын шигшээ баг БНХАУ-ын их, дээд сургуулийн сагсан бөмбөгийн багуудын дунд эхний наймд бичигддэг байна.
Өсвөр болон залуучуудын шигшээ багийг урд хөршид хамтарсан бэлтгэл хийх боломжийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас дэмжлэг үзүүлэн ажиллажээ.