Д.Сугар: Хаанахын, ямар нисдэг тэрэгт сууснаа ч мэдээгүй

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Д.Сугар: Хаанахын, ямар нисдэг тэрэгт сууснаа ч мэдээгүй

Д.Сугар: Зардлыг нь даах байтугай хаанахын, ямар
нисдэг тэрэгт сууснаа ч мэдээгүй


ТӨХ-ны дарга Д.Сугарыг “Ярилцах танхим”-даа урилаа.


-Намрын урт шар өдрүүд таны талаарх дуулианаар үр­гэлжилж байна. Мэдээж та хүссэн зүгтээ онгоцоор нисч болно. Гэтэл ТӨХ-ны дарга яагаад долоон сая төгрөгийн ша­тахуун зарцуулж нисдэг тэр­гээр нутгаа зорив оо гэдэг асуултыг хэвлэлүүд хөндөж байна. Та үүнд ямар хариу өгөх вэ?

-Энэ мэдээллийн талаар хэн нэгэнд гоморхоод, сэтгүүлч­дэд гомдоод байх юм алга. Тө­рийн албан хаагчдын биеэ авч яваа байдлыг нь хянаж, олж мэдээд, нийтэд мэдээлэх үүргээ л биелүүлж байгаа хэрэг байх. Яг болсон явдал гэвэл Өвөрхангай аймаг 80 жилийн ойгоо тэм­дэглэхдээ, баяр наадмынхаа үеэр төрийн далбаа болон айм­гийн сүлдийг тэнгэрээс буул­гаж, шүхрийн спортын үзүүл­бэрийг сонирхуулахаар төлөвлөсөн юм билээ. Би Өвөр­хангай аймагтай  байнга хол­боотой байдаг болохоор на­майг урьсан. Нисдэг тэрэг дотор дөрвөн шүхэрчин, хоёр сэтгүүлч, Ши.Батбаяр нарын 3-4 хүн байсан.

-Ш.Батбаяр гуай нутгийн­хаа ойд очих гэж явсан уу. Улс төрийн зорилготой бай­сан юм болов уу?

-Нутгийнхаа ойд очих унаа­гаа хайж байна гэхээр нь л хамт явсан юм.

-Яагаад заавал нисдэг тэр­гээр явсан юм бэ. Зардал өндөртэй гэдгийг нь мэдэж байсан биз дээ?

-Өвөрхангайн наадам ам­рал­­тын өд­рүү­дэд болсон. Тий­мээс да­ваа гарагт ажил дээрээ байх ёстой учраас яараад л нис­сэн. Түүнээс биш заавал айм­гийнхаа ойд очих нэрийдлээр төрийн ажлын  тасалдуулж, тайван явах боломж байсангүй. На­рийндаа яг хаанахын нисдэг тэрэг байсныг нь ч мэдээгүй. “МИАТ” ХК-иас нисдэг тэ­рэг явах гэж байна гэхээр нь л шүхэрчидтэй хамт явсан юм. Түүнийг нь овсгоотой сэт­гүүлчид мэдээд, сүртэй зураг аваад дуулиан дэгдээлээ л гэж тайлбарлах бай­на.

Хамгийн сонирхолтой нь тэр сэт­гүүлч өмнө нь над­тай уул­заж, “Тантай хамтарч ажиллая, аж­лыг тань сурталчилж өгье, та сан­хүүжүүлээч” гэсэн санал тавьж бай­сан. Би УИХ-ын сонгуульд нэр дэв­ших төлөвлөгөөгүй байгаа. Манай байгууллагад ийм санхүүжилтийг шийдэх хангалттай төсөв байхгүй гэсэн хариу өгсөн юм. 

-Овсгоотой сэтгүүлчдээс гад­на, өөр хүмүүс анаж тагнасан юм биш үү. Жи­шээ нь өчигдрийн өдөр тутмын хэд хэдэн хэвлэлд таныг эхний нүү­рэндээ онцолж шүүмжилснийг та  анзаараагүй гэж үү. Тэдний за­рим нь танай намын нөх­дийн мэдлийнх байгаа нь сонир­холтой санагдлаа. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид бус намын нөхөд чинь таныг шоглосон байх гэсэн хард­лага төрлөө л дөө?

-Улс төрийн том шалтгаан байгаа гэж бодохгүй байна.

-ТӨХ-ны дарга, Өвөрхан­гайгаас нэр дэвшдэг улстөрч гэсэн хоёр тодорхойлолтын аль нэг нь хэн нэгэнд таалагдаагүй ч байж бол­но шүү дээ?

-Миний хувьд ирэх сонгуульд нэр дэвших сонирхол алга.

-Та улс орны эдийн зас­гийн маш чухал төслүүд дээр шийд­вэр гаргах түвшинд ажил­лаж бай­гаа. Тухайлбал, “Эр­дэ­нэс Тавантолгой”-н сон­гон шал­га­руу­лалт, нефть боловс­руулах үйлдвэр байгуулах ажлын хэсэг гэхчлэн олон чухал шийдвэр гаргах эрх мэдэл таны гарт буй. Энэ нөхцөлд та яагаад ийм хар сэргүй, нэр хүнд­дээ санаа зовнихгүй байгаа юм бэ?

-Тийм байхыг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ хэн нэгэн миний эсрэг төлөвлөгөө гаргаад, би зөрүүлээд түүнийг нь ухаж төнхөж олно гэсэн бодолгүй байна.

-Авлигатай тэмцэх газраас таныг шалгаж байгаа гэсэн. Ямар үндэслэлээр тэр вэ?

-Өнгөрсөн баасан гарагаас эхлэн тус газраас намайг шалгаж эхэлсэн. Урьд нь ч зөндөө шалгаж байсан. Чимээгүй л шалгадаг байсан юм. Энэ удаа яагаад хэвлэл мэдээллээр зарлаад байгаа юм бол гэдгийг гайхаж байна. Гол нь намайг нэг гэрээнд гарын үсэг зурсан, тэр нь буруутай байж магадгүй л гэж шалгаж байгаа юм билээ.

-Ямар учиртай гэрээ вэ. Нууц биш бол хэлж болох уу?

-Одоогоос гурван жилийн өмнө Дарханы төмөрлөгийн үйлдвэр Хонконгийн “Стандарт Металлз Лимитед” компанитай байгуулсан гэрээний дагуу бөмбөлөг үйлдвэрлэх бэлдэцийг тухайн үеийн зах зээлийн үнээр нийлүүлэхээр болсон. Үүнд нь би баталгаа гаргасан юм.

-Яагаад баталгаа гаргах болсон юм бэ?

-Тухайн үед буюу 2008 оны дөрөв­дүгээр улиралд Дарханы төмөр­лөгийн үйлдвэр орлогогүй, цалингаа тавьж чадахгүйд хүрээд үйлдвэрээ зогсоох гэж байсан. Үүнийг ТУЗ-ийн хурлаар хэлэлцээд даалгавар өгсөн.

-Ямар?

-Үйлдвэрээ зогсоох гэж бүү яар. Үүний оронд агуулахад бай­гаа бүтээгдэхүүнээ зарах арга хэм­жээ ав гэсэн даалгавар өгсөн юм. Яагаад гэвэл хямрал болоод барилга барих нь ховордож, арматур ч зараг­дахаа больсон байлаа. Тиймээс бүтээг­дэхүүнээ өөрийн өртгөөс нь бууруу­лахгүйгээр, тодорхой хэмжээгээр хямд­руулаад зар гэсэн. Тухайн үед бүтээг­дэхүүний өөрийн өртөг нэг тонн нь 540 мянган төгрөг байсан. Гэтэл Хонконгийн “Стандарт Ме­таллз Лимитед” компанид нэг тон­ныг нь 550 ам.доллараар зарахаар бол­лоо гэж үйлдвэрийнхэн хэлсэн. Мөн Хонконгийн компанийнхан энэ өмчийг мэдэх, холбогдох байгуул­лагаас зөвшөөрөл авч ир гэж байна гэ­сэн. Бүтээгдэхүүний өөрийн өртөг тонн нь 540 мянган төгрөг байхад тонн тутмыг 550 ам.доллараар худалдах нь хэвийн үнэ мөн. Компани болон төр хохирохгүй юм байна гэсэн үүднээс зөвшөөрсөн.  Энэ талаар өн­гөр­сөн баасан гарагаас эхлэн АТГ-аас шалгаж байгаа нь үнэн. Ер нь ТӨХ-ны хариуцдаг 80 га­руй компанийн үйл ажиллагаатай хол­боотойгоор намайг байнга шалгаж байдаг. Би ч шалгуулах нь зөв гэж боддог. Буруу хэрэг хийгээгүйгээс хойш шалгуулахаас юунд нь айх вэ дээ. Тэгэхээр та бүхэн тайван хүлээгээд ямар үр дүн гарахыг нь харах л үл­дэж байна.

-Дарханы төмөрлөгийн үйл ажил­лагаа одоо хэвийн байгаа юу?

-Одоо­гоор хэвийн ажиллаж бай­на. Асуудлын гол нь Монголд хаягдал төмрийн нөөц багасаад байгаа учраас эдийн засгийн хүндрэл гардаг.

-Нефть боловсруулах үйлдвэр бай­гуулах ажлын хэсгийг та ахалж байгаа. Олон нийтэд дуулгах таатай мэдээ байна уу. Ямар төлөвлөгөө, зохион байгуулалттайгаар ажлаа эхэлж байна вэ?

-Нефть боловсруулах үйлдвэр байгуулах ажлын гол ачаалал нь Эрдэс баялаг, эрчим хүчний яам дээр төвлөрч байгаа. Тэндээс мэр­гэж­лийн дүгнэлт өгөх ёстой. Гэхдээ бидэнд хамаагүй гээд дуугүй сууж болохгүй нь. Нөөц боломжоо ашиг­лахыг зорьж байгаа. Тухайлбал Таван­толгойн тендерт оролцож байгаа компаниудад тавьж буй нэг гол шаард­лагадаа энэ талаар тусгасан. “Ма­най улс нефтийн бүтээгдэхүүний хувьд нэг улсаас хэт хараат байдалд байгаа. Нүүрсийг дахин боловсруулж нефть гаргаж авдаг технологийг бид сонирхож байна. Тиймээс тен­де­рийн нэг болзол нь нүүрсийг гүнз­гий­рүүлэн  боловсруулж, шингэн түлш үйлдвэрлэх явдал шүү” гэд­гийг анхааруулсан. Мэдээж энэ амар­гүй ажил, хөрөнгө хүч, цаг хуга­цаа их шаардагдана гэдгийг ч тен­дерт оролцогчид хэлээд байгаа. Нө­гөөтэйгүүр хувийн хэвшлийнхэн энэ талаар ихээхэн санаачлагатай орол­цож, Сайншанд, Зүүнбаян, Дар­ханаас нефть боловсруулах бага оврын үйлдвэр байгуулах төслөө та­нилцуулж байна. Жишээ нь Дар­ханаас дэвшүүлж буй саналд төртэй хамтаръя гэж байгаа. Төр хамтарна гэхээр хамтарсан компани байгуулж таарна. Хамтарсан компани байгуу­ла­хаар надад хамаатай асуудал болоод байгаа юм.

-Дарханы төслийг дэмжих бо­ломж­той гэж та үзэж байна уу?

-Тэдний саналыг хоёр тохиолдолд дэмжиж болох юм. Юуны өмнө үйлд­вэрээ бариад, түүхий эдээр батал­гаатай хангах нөхцөл боломж байгаа юу. Хэрэв түүхий эд нь хараат бай­далд байгаа бол бүтээгдэхүүний хувьд ч хараат хэвээрээ гэсэн үг  шүү дээ. Нөгөөтэйгүүр Засгийн газрын баталгаа хэрэгтэй гээд байгаа юм. Зас­гийн газар баталгаа гаргаж чадах эсэх нь чухал шалгуур. Тэгэхээр түү­хий эдийн баталгаат нөөцтэй, Засгийн газрын баталгаатай бол би энэ үйлд­вэрийг дэмжихэд бэлэн байна.

-ОХУ нэгэн үе нефтийн хоолой тавихдаа манай нутаг дэвсгэрээр дамжуулах талаар чухал санал тавьж байсан. Гэвч тухайн үед Засгийн газар, холбогдох хүмүүс нь ан­хаарал тавиагүй, дэмжээгүй, том бо­ломжийг алдсан. Үүний цаа­на Асгатын ордын асуудал байсан нь ч тодорхой. Дээрх явд­лыг сайн мэдэх хүний хувьд, хэт бол­гоом­жилж, улстөржиж том бо­лом­жийг алдсанд  та харамсдаг уу?

-Энэ санал манай улсын хувьд том боломж байсан. Ер нь ОХУ, БНХАУ гүрэн манай улстай энэ талаар ярихдаа гуравдагч этгээд оролцуулах дургүй. Тиймээс энэ хоёр улсын тус тусын сонирхлыг судалж, харилцан ашигтай тодорхой зүйлүүдийг санал болгож байж асуудлыг шийдэхээс өөр арга байхгүй. Асгатын ордын асуудал тэр жил бүтэлтэй үр дүнд хүрч чадаагүй нь үнэн. Гэхдээ нефтийн хоолойг манай улсын нут­гаар тавихтай холбоотой байсан бо­лов уу л гэж хардахаас биш, шууд Ас­гатын ордтой холбоотойгоор энэ саналыг буцаасан гэж тайлбарлаж болохгүй.

-Тэгвэл одоо оросууд Асгатыг хэр сонирхож байгаа вэ. Учир мэдэх хүмүүс энэ талаар тайл­барлахдаа “Тэд Асгатыг аваа­гүйдээ баярладаг байх” гэсэн таа­маглал хэлж байсан. Үнэхээр дэд бүтэц, олборлоход учрах саад бэрх­шээлээс болоод сонирхохоо больсон гэж дүгнэхэд эргэлзээтэй л юм?

-Асгатын ордын хувьд хөрөнгө оруулалтын хэмжээгээ тохирч, гэрээ хийгээд үйлдвэрлэлийн ажил нь эхлэх гэж байсан шүү дээ.  Гэтэл ма­най улстөрчид, эрх баригчид зөв, буруу гэлцсээр энэ гэрээг цуцалсан. Ерөөсөө тэгж эргэлзэж байхад нь л дэлхийн эдийн засгийн хямрал эхэлж, ОХУ өөрөө хүнд байдалд орсон. Түүнээс хойш дахин Асгатыг ашиглая гэсэн асуудлыг манай талд тавихгүй байна.

-Уг нь таны хувьд ч юм уу, ма­най эрх баригчдын хувьд ОХУ-аас дахин Асгатын талаар санал та­виасай гэсэн сонирхол байдаг юмаа даа?

-Бид янз бүрийн хувилбартайгаар санал тавьж байсан. Эхлээд  өмнө нь ярьж байснаар хамтарч ашиглая гэсэн саналаа үргэлжлүүлж ажил хэрэг болгоё гэсэн санал тавьж үзсэн. Хэрэв үгүй бол бид “Монголросцветмет”-ээс Асгатын лицензийг нь авч, Зас­гийн газарт шилжүүлээд, Оросын ком­паниудтай 51:49 харьцаатайгаар хамтран эзэмшье гэсэн санал дэв­шүүлж байлаа. Гэвч  тэд алийг нь ч сонирхохгүй, дэмжихгүй байна.

-Шалтгаан нь?

-Асгатын ордыг ашиглах нь тех­но­логийн хувьд ихээхэн хүндрэлтэй. Олон металлын холимог, хортой бо­дис ч байгаа. Зам, дэд бүтэц муу, ол­борлож ашиглахад их хэмжээний хө­рөнгө шаардагдана. Уг нь тэр үед “Полиметалл” компанитай тохиролц­сон хэвээрээ үйлдвэрлэлээ эхэлсэн бол хямрал гарлаа ч гэсэн оросууд нэ­гэнт хөрөнгөө оруулсан л бол уна­гахгүй аваад явж чадах байсан. Энэ бо­ломжийг алдсанд л харамсдаг. Дахин ямар боломж байна гэдгийг судалж, удаа дараа уулзаж ярилцаж байна.

-Гэрээг цуцлахад хүргэсэн гол хүн нь тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболд байсан. Одоо та түүн­тэй энэ талаар ярьдаг уу?

-Ярьдаг. Тухайн үед Ерөнхий сайд, эдүгээ Шадар сайдаар ажиллаж байгаагийн хувьд ажил төрлийн байнгын холбоотой байгаа. Тиймээс энэ тухай хааяа ярьдаг. Шинэ боломжийг л хайхаас нэгэнт болоод өнгөрсөн үйл явдлыг яалтай билээ.

-Ярилцсанд баярлалаа.

У.ОРГИЛМАА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж