нисдэг тэрэгт сууснаа ч мэдээгүй
ТӨХ-ны дарга Д.Сугарыг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Намрын урт шар өдрүүд таны талаарх дуулианаар үргэлжилж байна. Мэдээж та хүссэн зүгтээ онгоцоор нисч болно. Гэтэл ТӨХ-ны дарга яагаад долоон сая төгрөгийн шатахуун зарцуулж нисдэг тэргээр нутгаа зорив оо гэдэг асуултыг хэвлэлүүд хөндөж байна. Та үүнд ямар хариу өгөх вэ?
-Энэ мэдээллийн талаар хэн нэгэнд гоморхоод, сэтгүүлчдэд гомдоод байх юм алга. Төрийн албан хаагчдын биеэ авч яваа байдлыг нь хянаж, олж мэдээд, нийтэд мэдээлэх үүргээ л биелүүлж байгаа хэрэг байх. Яг болсон явдал гэвэл Өвөрхангай аймаг 80 жилийн ойгоо тэмдэглэхдээ, баяр наадмынхаа үеэр төрийн далбаа болон аймгийн сүлдийг тэнгэрээс буулгаж, шүхрийн спортын үзүүлбэрийг сонирхуулахаар төлөвлөсөн юм билээ. Би Өвөрхангай аймагтай байнга холбоотой байдаг болохоор намайг урьсан. Нисдэг тэрэг дотор дөрвөн шүхэрчин, хоёр сэтгүүлч, Ши.Батбаяр нарын 3-4 хүн байсан.
-Ш.Батбаяр гуай нутгийнхаа ойд очих гэж явсан уу. Улс төрийн зорилготой байсан юм болов уу?
-Нутгийнхаа ойд очих унаагаа хайж байна гэхээр нь л хамт явсан юм.
-Яагаад заавал нисдэг тэргээр явсан юм бэ. Зардал өндөртэй гэдгийг нь мэдэж байсан биз дээ?
-Өвөрхангайн наадам амралтын өдрүүдэд болсон. Тиймээс даваа гарагт ажил дээрээ байх ёстой учраас яараад л ниссэн. Түүнээс биш заавал аймгийнхаа ойд очих нэрийдлээр төрийн ажлын тасалдуулж, тайван явах боломж байсангүй. Нарийндаа яг хаанахын нисдэг тэрэг байсныг нь ч мэдээгүй. “МИАТ” ХК-иас нисдэг тэрэг явах гэж байна гэхээр нь л шүхэрчидтэй хамт явсан юм. Түүнийг нь овсгоотой сэтгүүлчид мэдээд, сүртэй зураг аваад дуулиан дэгдээлээ л гэж тайлбарлах байна.
Хамгийн сонирхолтой нь тэр сэтгүүлч өмнө нь надтай уулзаж, “Тантай хамтарч ажиллая, ажлыг тань сурталчилж өгье, та санхүүжүүлээч” гэсэн санал тавьж байсан. Би УИХ-ын сонгуульд нэр дэвших төлөвлөгөөгүй байгаа. Манай байгууллагад ийм санхүүжилтийг шийдэх хангалттай төсөв байхгүй гэсэн хариу өгсөн юм.
-Овсгоотой сэтгүүлчдээс гадна, өөр хүмүүс анаж тагнасан юм биш үү. Жишээ нь өчигдрийн өдөр тутмын хэд хэдэн хэвлэлд таныг эхний нүүрэндээ онцолж шүүмжилснийг та анзаараагүй гэж үү. Тэдний зарим нь танай намын нөхдийн мэдлийнх байгаа нь сонирхолтой санагдлаа. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид бус намын нөхөд чинь таныг шоглосон байх гэсэн хардлага төрлөө л дөө?
-Улс төрийн том шалтгаан байгаа гэж бодохгүй байна.
-ТӨХ-ны дарга, Өвөрхангайгаас нэр дэвшдэг улстөрч гэсэн хоёр тодорхойлолтын аль нэг нь хэн нэгэнд таалагдаагүй ч байж болно шүү дээ?
-Миний хувьд ирэх сонгуульд нэр дэвших сонирхол алга.
-Та улс орны эдийн засгийн маш чухал төслүүд дээр шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой”-н сонгон шалгаруулалт, нефть боловсруулах үйлдвэр байгуулах ажлын хэсэг гэхчлэн олон чухал шийдвэр гаргах эрх мэдэл таны гарт буй. Энэ нөхцөлд та яагаад ийм хар сэргүй, нэр хүнддээ санаа зовнихгүй байгаа юм бэ?
-Тийм байхыг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ хэн нэгэн миний эсрэг төлөвлөгөө гаргаад, би зөрүүлээд түүнийг нь ухаж төнхөж олно гэсэн бодолгүй байна.
-Авлигатай тэмцэх газраас таныг шалгаж байгаа гэсэн. Ямар үндэслэлээр тэр вэ?
-Өнгөрсөн баасан гарагаас эхлэн тус газраас намайг шалгаж эхэлсэн. Урьд нь ч зөндөө шалгаж байсан. Чимээгүй л шалгадаг байсан юм. Энэ удаа яагаад хэвлэл мэдээллээр зарлаад байгаа юм бол гэдгийг гайхаж байна. Гол нь намайг нэг гэрээнд гарын үсэг зурсан, тэр нь буруутай байж магадгүй л гэж шалгаж байгаа юм билээ.
-Ямар учиртай гэрээ вэ. Нууц биш бол хэлж болох уу?
-Одоогоос гурван жилийн өмнө Дарханы төмөрлөгийн үйлдвэр Хонконгийн “Стандарт Металлз Лимитед” компанитай байгуулсан гэрээний дагуу бөмбөлөг үйлдвэрлэх бэлдэцийг тухайн үеийн зах зээлийн үнээр нийлүүлэхээр болсон. Үүнд нь би баталгаа гаргасан юм.
-Яагаад баталгаа гаргах болсон юм бэ?
-Тухайн үед буюу 2008 оны дөрөвдүгээр улиралд Дарханы төмөрлөгийн үйлдвэр орлогогүй, цалингаа тавьж чадахгүйд хүрээд үйлдвэрээ зогсоох гэж байсан. Үүнийг ТУЗ-ийн хурлаар хэлэлцээд даалгавар өгсөн.
-Ямар?
-Үйлдвэрээ зогсоох гэж бүү яар. Үүний оронд агуулахад байгаа бүтээгдэхүүнээ зарах арга хэмжээ ав гэсэн даалгавар өгсөн юм. Яагаад гэвэл хямрал болоод барилга барих нь ховордож, арматур ч зарагдахаа больсон байлаа. Тиймээс бүтээгдэхүүнээ өөрийн өртгөөс нь бууруулахгүйгээр, тодорхой хэмжээгээр хямдруулаад зар гэсэн. Тухайн үед бүтээгдэхүүний өөрийн өртөг нэг тонн нь 540 мянган төгрөг байсан. Гэтэл Хонконгийн “Стандарт Металлз Лимитед” компанид нэг тонныг нь 550 ам.доллараар зарахаар боллоо гэж үйлдвэрийнхэн хэлсэн. Мөн Хонконгийн компанийнхан энэ өмчийг мэдэх, холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч ир гэж байна гэсэн. Бүтээгдэхүүний өөрийн өртөг тонн нь 540 мянган төгрөг байхад тонн тутмыг 550 ам.доллараар худалдах нь хэвийн үнэ мөн. Компани болон төр хохирохгүй юм байна гэсэн үүднээс зөвшөөрсөн. Энэ талаар өнгөрсөн баасан гарагаас эхлэн АТГ-аас шалгаж байгаа нь үнэн. Ер нь ТӨХ-ны хариуцдаг 80 гаруй компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор намайг байнга шалгаж байдаг. Би ч шалгуулах нь зөв гэж боддог. Буруу хэрэг хийгээгүйгээс хойш шалгуулахаас юунд нь айх вэ дээ. Тэгэхээр та бүхэн тайван хүлээгээд ямар үр дүн гарахыг нь харах л үлдэж байна.
-Дарханы төмөрлөгийн үйл ажиллагаа одоо хэвийн байгаа юу?
-Одоогоор хэвийн ажиллаж байна. Асуудлын гол нь Монголд хаягдал төмрийн нөөц багасаад байгаа учраас эдийн засгийн хүндрэл гардаг.
-Нефть боловсруулах үйлдвэр байгуулах ажлын хэсгийг та ахалж байгаа. Олон нийтэд дуулгах таатай мэдээ байна уу. Ямар төлөвлөгөө, зохион байгуулалттайгаар ажлаа эхэлж байна вэ?
-Нефть боловсруулах үйлдвэр байгуулах ажлын гол ачаалал нь Эрдэс баялаг, эрчим хүчний яам дээр төвлөрч байгаа. Тэндээс мэргэжлийн дүгнэлт өгөх ёстой. Гэхдээ бидэнд хамаагүй гээд дуугүй сууж болохгүй нь. Нөөц боломжоо ашиглахыг зорьж байгаа. Тухайлбал Тавантолгойн тендерт оролцож байгаа компаниудад тавьж буй нэг гол шаардлагадаа энэ талаар тусгасан. “Манай улс нефтийн бүтээгдэхүүний хувьд нэг улсаас хэт хараат байдалд байгаа. Нүүрсийг дахин боловсруулж нефть гаргаж авдаг технологийг бид сонирхож байна. Тиймээс тендерийн нэг болзол нь нүүрсийг гүнзгийрүүлэн боловсруулж, шингэн түлш үйлдвэрлэх явдал шүү” гэдгийг анхааруулсан. Мэдээж энэ амаргүй ажил, хөрөнгө хүч, цаг хугацаа их шаардагдана гэдгийг ч тендерт оролцогчид хэлээд байгаа. Нөгөөтэйгүүр хувийн хэвшлийнхэн энэ талаар ихээхэн санаачлагатай оролцож, Сайншанд, Зүүнбаян, Дарханаас нефть боловсруулах бага оврын үйлдвэр байгуулах төслөө танилцуулж байна. Жишээ нь Дарханаас дэвшүүлж буй саналд төртэй хамтаръя гэж байгаа. Төр хамтарна гэхээр хамтарсан компани байгуулж таарна. Хамтарсан компани байгуулахаар надад хамаатай асуудал болоод байгаа юм.
-Дарханы төслийг дэмжих боломжтой гэж та үзэж байна уу?
-Тэдний саналыг хоёр тохиолдолд дэмжиж болох юм. Юуны өмнө үйлдвэрээ бариад, түүхий эдээр баталгаатай хангах нөхцөл боломж байгаа юу. Хэрэв түүхий эд нь хараат байдалд байгаа бол бүтээгдэхүүний хувьд ч хараат хэвээрээ гэсэн үг шүү дээ. Нөгөөтэйгүүр Засгийн газрын баталгаа хэрэгтэй гээд байгаа юм. Засгийн газар баталгаа гаргаж чадах эсэх нь чухал шалгуур. Тэгэхээр түүхий эдийн баталгаат нөөцтэй, Засгийн газрын баталгаатай бол би энэ үйлдвэрийг дэмжихэд бэлэн байна.
-ОХУ нэгэн үе нефтийн хоолой тавихдаа манай нутаг дэвсгэрээр дамжуулах талаар чухал санал тавьж байсан. Гэвч тухайн үед Засгийн газар, холбогдох хүмүүс нь анхаарал тавиагүй, дэмжээгүй, том боломжийг алдсан. Үүний цаана Асгатын ордын асуудал байсан нь ч тодорхой. Дээрх явдлыг сайн мэдэх хүний хувьд, хэт болгоомжилж, улстөржиж том боломжийг алдсанд та харамсдаг уу?
-Энэ санал манай улсын хувьд том боломж байсан. Ер нь ОХУ, БНХАУ гүрэн манай улстай энэ талаар ярихдаа гуравдагч этгээд оролцуулах дургүй. Тиймээс энэ хоёр улсын тус тусын сонирхлыг судалж, харилцан ашигтай тодорхой зүйлүүдийг санал болгож байж асуудлыг шийдэхээс өөр арга байхгүй. Асгатын ордын асуудал тэр жил бүтэлтэй үр дүнд хүрч чадаагүй нь үнэн. Гэхдээ нефтийн хоолойг манай улсын нутгаар тавихтай холбоотой байсан болов уу л гэж хардахаас биш, шууд Асгатын ордтой холбоотойгоор энэ саналыг буцаасан гэж тайлбарлаж болохгүй.
-Тэгвэл одоо оросууд Асгатыг хэр сонирхож байгаа вэ. Учир мэдэх хүмүүс энэ талаар тайлбарлахдаа “Тэд Асгатыг аваагүйдээ баярладаг байх” гэсэн таамаглал хэлж байсан. Үнэхээр дэд бүтэц, олборлоход учрах саад бэрхшээлээс болоод сонирхохоо больсон гэж дүгнэхэд эргэлзээтэй л юм?
-Асгатын ордын хувьд хөрөнгө оруулалтын хэмжээгээ тохирч, гэрээ хийгээд үйлдвэрлэлийн ажил нь эхлэх гэж байсан шүү дээ. Гэтэл манай улстөрчид, эрх баригчид зөв, буруу гэлцсээр энэ гэрээг цуцалсан. Ерөөсөө тэгж эргэлзэж байхад нь л дэлхийн эдийн засгийн хямрал эхэлж, ОХУ өөрөө хүнд байдалд орсон. Түүнээс хойш дахин Асгатыг ашиглая гэсэн асуудлыг манай талд тавихгүй байна.
-Уг нь таны хувьд ч юм уу, манай эрх баригчдын хувьд ОХУ-аас дахин Асгатын талаар санал тавиасай гэсэн сонирхол байдаг юмаа даа?
-Бид янз бүрийн хувилбартайгаар санал тавьж байсан. Эхлээд өмнө нь ярьж байснаар хамтарч ашиглая гэсэн саналаа үргэлжлүүлж ажил хэрэг болгоё гэсэн санал тавьж үзсэн. Хэрэв үгүй бол бид “Монголросцветмет”-ээс Асгатын лицензийг нь авч, Засгийн газарт шилжүүлээд, Оросын компаниудтай 51:49 харьцаатайгаар хамтран эзэмшье гэсэн санал дэвшүүлж байлаа. Гэвч тэд алийг нь ч сонирхохгүй, дэмжихгүй байна.
-Шалтгаан нь?
-Асгатын ордыг ашиглах нь технологийн хувьд ихээхэн хүндрэлтэй. Олон металлын холимог, хортой бодис ч байгаа. Зам, дэд бүтэц муу, олборлож ашиглахад их хэмжээний хөрөнгө шаардагдана. Уг нь тэр үед “Полиметалл” компанитай тохиролцсон хэвээрээ үйлдвэрлэлээ эхэлсэн бол хямрал гарлаа ч гэсэн оросууд нэгэнт хөрөнгөө оруулсан л бол унагахгүй аваад явж чадах байсан. Энэ боломжийг алдсанд л харамсдаг. Дахин ямар боломж байна гэдгийг судалж, удаа дараа уулзаж ярилцаж байна.
-Гэрээг цуцлахад хүргэсэн гол хүн нь тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболд байсан. Одоо та түүнтэй энэ талаар ярьдаг уу?
-Ярьдаг. Тухайн үед Ерөнхий сайд, эдүгээ Шадар сайдаар ажиллаж байгаагийн хувьд ажил төрлийн байнгын холбоотой байгаа. Тиймээс энэ тухай хааяа ярьдаг. Шинэ боломжийг л хайхаас нэгэнт болоод өнгөрсөн үйл явдлыг яалтай билээ.
-Ярилцсанд баярлалаа.
"Улс төрийн тойм" сонин
