Оны анхны барилдаанд аймгийн заан Э.Энх-Амгалан түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.01.07-нд нийтлэгдсэн

Оны анхны барилдаанд аймгийн заан Э.Энх-Амгалан түрүүлэв

Оны анхны барилдаанд аймгийн заан Э.Энх-Амгалан түрүүлэв

Монголын үндэсний бөхийн холбооноос шинэ оны эхний сард таван барилдаан зохион байгуулахаар хуваарь гаргасан.

Бөхийн өргөөнд өчигдөр/2018.01.06/ Увс аймгийн Тэс сумын харьяат, самбо бөхийн ОУХМ, Монгол улсын начин Нямжавын Мөнхжаргалын нэрэмжит барилдаан боллоо. Аймаг, цэргийн цолтой бөхчүүд оролцсон оны анхны барилдаанд 256 бөх барилдсанаас Булган аймгийн Могод сумын харьяат, “Бид монгол” ХК, “Булганхангай” дэвжээний бөх, аймгийн заан Эрдэнэбилэгийн Энх-Амгалан найм даван түрүүлж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Монгол тамхи Со” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Дамбын Тангад үзүүрлэв. Барилдааны их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Нямпүрэвийн Батсайхан, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булганхангай” дэвжээний бөх, “Алдар” спорт хорооны тамирчин, аймгийн арслан Дашзэвэгийн Амаржаргал нар үлдсэн байна.

Дашрамд дуулгахад, Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх бямба гаригт буюу нэгдүгээр сарын 13-д Шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг зохион байгуулна. Мөн энэ сарын 20-ны өдөр сумын цолтой болон залуу бөхчүүд барилдааныг, 21-нд хэвийн боовны баярт зориулсан барилдаанууд болох аж. 

Харин нэгдүгээр сарын 28-нд Харцага цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох хуваарьтай юм байна. 

Фотог: http://undesniibukh.mn

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж