УЛААН АСРЫН ЗҮҮД XIV БҮЛЭГ
“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч ЦаоШюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. ЦаоШюэчиний өвөө нь Манж Чин улсын КанСи Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цаоовогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа ЦаоШюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа ЦаоШюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. ЦаоШюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн ЦаоШюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАОШЮЭЧИНЬ ГАО Э
АРВАНДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЛИНЬРҮ ХАЙН ЧАНДРЫГ СҮ ЖӨҮЧЭНД ХҮРГЭЖ, ЖЯБАО ЮЙ УМАРД ЖИНЬ ВАНД БАРААЛХАВ
Өгүүлэх нь: Төр төвшитгэгч ордон, Нин Гуофүгийн ерөнхий эрхлэгч Лай Шэн дотоодын явдалд ФөнЖег залав хэмээн сонсоод хамт ажилладаг хүмүүсээ цуглуулан хэлсэн нь “Одоо баруун ордны Лянь Эр найнайг дотоод явдалд залав. Тэр хэрэв ирж юм авах буюу үг хэлбэл сайн анхаарах хэрэгтэй. Өдөр бүр бүгдээр ирж, орой явж энэ нэгэн сард хичнээн зүдрэвч нэр нүүрээ авч гараад дараа нь амарсугай. Тэр бол нэртэй хэцүү амьтан. Зүс нь зэвүүн, зүрх нь хар, гэнэт уурлавал хүн танихгүй” гэсэнд хүмүүс “Тиймээ” гэв. Бас нэг нь инээж: “Манай гэр доторхыг тэр ирж тэгшитгэн төвхнүүлэхэд хүрсэн нь, даанч дүргүй болжээ” гэхчилэн ярилцаж байтал Лай Шин эхнэрийн хамт тэмдэгт пайзыг барьж эргүүлдэн бичиг, ном судар бичих цаас авахаар ирэв. Пайз дээр цаасны тоог бичжээ. Хүмүүс бушуухан суудал тавьж цай бариад цаасыг нь тоо ёсоор авчрав. Лай Ван цаасыг тэврээд эхнэрийн хамт гол үүдэнд хүрээд сая өнөөх цаасаа эхнэртээ тэврүүлээд оруулав.
ФөнЖе даруй Цай Мингээр данс дэвтэр хийлгэж, Лай Шэнгийн эхнэрийг дуудан, бүх айлын хүн амын бүртгэл дэвтрийг авч шалган үзээд, маргааш өглөө бүх зарц, бэрүүдийг ордонд ир гэж хэлээд, данс хараа их төлөвийг үзээд, мөнөөх эхнэрээс хэдэн үг асуусны дараа тэрэгтээ суугаад явж одов.
Маргааш өдрийн туулай цагийн хоёр мөчид даруй хүрч ирсэнд төр төвшитгэгч ордны эмс, бэр, зарц нар хэзээний цуглаад ФөнЖе, Лай Шэнгийн эхнэр хоёрыг ямар ажил даалгахыг хүлээгээд цонхны гадаа зогсож байв. Айгаад, нэг ч хүн дотогш орсонгүй. Чимээ чагнавал, ФөнЖе, Лай Шэнгийн эхнэрт “Нэгэнт л надад найдаж тушаасан тул би та нарын дургүйг хүргэж ч магадгүй. Надад харин та нарын найнай шиг юм бүхнийг та нарын дураар тавих тийм сайн зан байхгүй. “Энэ ордон доторх угаасаа ийм тийм” гэж надад дахиж бүү хэл. Одоо цөм миний санаагаар явах хэрэгтэй. Хэн нь нүүр талтай, хэн нь нүүр талгүйг би хайхрахгүй, хэн алдаа дутагдал гаргана вэ, түүнийг дүрэм ёсоор шийтгэнэ” гэж ярих сонсогдоно.
Тэгээд Цай Мингээр ам тооны дансыг уншуулж нэг нэгээр нь, нэрсийг дуудан оруулж үзэв. Дараа нь,
-Энэ хорин хүнийг арав арваар нь, хоёр хэсэг болгож өдөр бүр дотоодод ирж буцах ураг садныхны цай усыг хариуцуулна. Нөгөө хорин хүнийг хоёр хэсэг болгон өөрийн гэрийн ураг садны өдөр бүрийн цай хоолыг хариуцуулна. Энэ дөчин хүнийг бас хоёр анги хувааж, чандрын өмнө хүж барих, тос нэмэх, хөшиг өлгөх, чандар сахих, цай хоол өргөх, хүнийг дагаж гашуудал хийх зэргийг хариуцуулна. Энэ дөрвөн хүн, цайны гэрийн сав саалийг тусгайлан хариуцаж, дутаавал тэднээр төлүүлнэ. Энэ найман хүнээр тахилгын бэлгийг тусгайлан хураалгана. Энэ найман хүн, олон газрын дэнгийн тос, лав, цаасан хүн, цаасан морь зэргийг хариуцна. Эдгээрийг би авчруулаад та наймд тушаана. Миний хэлсэн тоо ёсоор олон газарт түгээн өгнө. Энэ хорин хүн ээлжлэн манаа манаж, үүд хаалга сахиж, галын аюулыг сэргийлэн хүрээ хашаа цэвэрлэнэ. Үлдсэн хүмүүсийг айл айлаар хувааж ямар хүн ямар газрыг сахивал тэр газрын ширээ сандал, хуучны үнэт эдлэлээс эхлэн нулимуурын болон хогийн савыг хүртэл нэгээхнийг ч алга болгох юм уу эвдэж хэмхэлбэл тэр ээлжийн сахиулаар төлүүлнэ. Лай Шэнгийн эхнэр өдөр бүр ерөнхийд нь шалган үзэж, алжууран танхайрах буюу эсвэл мөрийтэй тоглох үеэр архи ууж хэрэлдэн ноцолдогсод гарвал тэр даруй надад авчирч мэдүүлэгтүн. Чи хэрэв хувийн найр тал харж байгаад надад мэдрэгдвэл гурав дөрвөн үеийн хуучин найр талыг ч би харгалзаж чадахгүй. Одоо ингээд дүрэм журам тогтоосон тул хожим аль анги хэсэг самуурвал тэр даруйд хэлэлцэнэ. Миний зарц нар бол цөм цагтай байх тул их бага хэргийг цагийг баримталж шийтгэнэ. Таны дээд гэрт ч цаг байх тул туулай цагийн хоёр мөчид би ирж нэр дуудна. Могой цагт өглөөний хоол иднэ. Алив пайз тэмдэг авагч ба хэрэг мэдүүлэгчид ганцхан морин цагийн хоёр мөчид иртүгэй. Нохой цагийн эхээр үдшийн цаасыг шатааж өгсний сүүлээр, би өөрийн биеэр олон газрыг нэг удаа шалгаж үзээд манааны хүнд түлхүүр тушаана. Маргааш нь мөн туулай цагийн хоёр мөчид ирнэ. Энэ хэдэн өдөр бид бүгдээрээ баахан зүдэрч магадгүй. Ажил явдал дууссаны дараа даяа чинь та нарыг шагнах байхаа гэж хэлэв.
Тэгээд цай, тос, лав, шүхэр зэрэг юмыг тоо ёсоор түгээн өгөв. Бас ширээ сандлын бүтээлэг, олбог, эсгий, хогийн сав, гишгүүр мэт эд хэрэглэлийг авчруулж, хүмүүст тараан ямар хүн ямар газрыг хариуцахдаа ямар юм авсан зэргийг тодорхой тэмдэглэв. Олон хүн юмаа авч хийх ажилтай болоод, урьдын янзаар хөнгөн ажлыг эрж хийгээд хүндийг нь хийх хүн олддоггүй байдал алга болов. Олон айлын эд юмс үймээн хөдөлгөөний үед алга болох явдалгүй болов. Ирж, буцах гийчид гэмээн нам сэлүүн болж, угийн мэт эмх журамгүй байдал үгүй болов. Элдэв залхуурах, хулгайлах явдал ч зогсов.
ФөнЖе ч итгэл хүндтэй болж үг нь явцтай болохоор сэтгэл дотроо тааламжтай ажээ. Ю хатны хууч өвчин нь дахиад ЖяЖэнь түүнд шаналж зовсноос болоод хоол унднаас гарч байгааг мэдээд тэдэнд анхаарал тавьж эхлэв. Өдөр бүр ордондоо шим тэжээлтэй тусгай хоол хийлгэн хүргүүлнэ. ЖяЖэнь ч дээд зэргийн хоолны хольц, ногоо будаа зэргийг ФөнЖэд очуулж байв. Тэрбээр ядарч зүдрэхээс халшрахгүй, өдөр бүр ажилдаа цагтаа очиж, нэрсийг бүртгэн хэргийг шийтгэн шийдэж, ах дүүсийн олон эхнэр, эзэдтэй хутгалдахгүй тэр бүү хэл эмэгтэй садан төрлийн хүн ирж, буцсан ч угтаж үдэхгүй, ганцаар хажуугийн байранд сууна.
Өнөөдөр тавдахь долоо хоногийн тавдахь өдөр болов. Бүрэн ерөөл уншигч хуушаанууд очир тамын орныг эвдэж зул барин нөгцсөн хүний сүнсний зам мөрийг гийгүүлж эрлэг хаанд заалдан үхэр, морин толгойтныг бариулж, газрын зүрхэн бодьсадыг1 залж, алтан савыг нээлгэж, лавир туванз өргөж удирдан явна. Тэдгээр бумба нар гурван богдод2 даатган, хан хурмастад мөргөж, мандал өргөн ерөөл уншина. Даяанч лам нар хүж асааж бэрдэд3 сор залж, усан балин өргөнө. Бас арван хоёр залуу чавганц чандрын өмнө мөрөндөө чого намжир нөмөрч хөлд улаан шаахай углан удирдан аваачих тарни унших мэтчилэн тун ч хөдөлгөөнтэй байв. Энэ өдрийн гийчин тоймгүй олон гэдгийг ФөнЖе мэдээд, барс цагт босож, угааж самнаад сүү уун амаа зайлж байтал туулай цагийн хоёр мөч болов. Лай вангийн эхнэр олныг дагуулан явж одов.ФөнЖе ч тэргэндээ суув. Тэрэгний өмнө гэрэлт дэнлүү өлгөж дээр нь “Төр бадруулагч ордон” гэсэн гурван том үг бичжээ. Тэр ордны их хаалганд хүрэхэд дэн, зулыг өндөрт өлгөж, хоёр талаар нь босоо суурьтай дэнгүүд асааж, өдөр мэт гэрэлтүүлсэн ажээ. Бэлэвсрэлийн хувцас өмссөн хүмүүс хоёр эгнээ болон зогсжээ. Тэргийг гол хаалганд ойртон очиход бага зарц нар бууцгааж, тэдний хажуугаар бэрүүд урагш явж, тэрэгний орхиулыг сөхөв. ФөнЖе тэрэгнээс буугаад Фөн Элийг сугадахад хоёр бэр дэнлүү барин замд орж ирэхэд ордны олон бэр угтан мэндэлнэ. ФөнЖе алгуурхан алхаж, Хүй БаньЮаний асарт тавьсан чандрын дэргэд очиж авсыг хармагц нулимс нь өөрийн мэдэлгүй хэлхээ нь тасарсан сувд мэт бөмбөрөн унана. Хүрээн доторх бага зарц хүүхдүүд цаас шатаахад бэлтгэн зогсоно. ФөнЖе: “Цай өргөж, цаас шатаа” гэж зарламагц харанга нэгэнтээ дэлдтэл бусад хөгжим зэрэг дуугарав. Энэ үед нэг дугариг сандал авчирч чандрын өмнө тавьтал ФөнЖе суугаад орь дуу болон орилтол гадна дотно, дээр доор байсан эр эм бүх хүн дуу нийлүүлэн түрхэртэл уйлалдав. ЖяЖэнь, Ёу хатан хоёр хүмүүсийг ятган аргадсанд ФөнЖе сая зогсов. Лай вангийн эхнэр цай барьсанд амаа зайлснаа босож төрлийн олноос холдож байшиндаа ороод нэр дараалан хүмүүсийг бүртгэв. Баргаараа ирээд төрөл төрөгсдөөс нэг хүн л ирээгүйг мэдээд түүнийг дуудуулав. Тэр хүн, айж эмээн хүрч ирсэнд ФөнЖе хүйтнээр инээмсэглээд: “Оройтсон хүн чамаас өөр алга. Чи бусдаас илүү нүүр талтай гээд миний үгийг сонсохгүй юү” гэсэнд мөнөөх хүн “Боол би өдөр бүр эрт ирдэг. Ганцхан өнөөдөр л оройтов. Найнай та, миний анх удаагийн ослыг хэлтрүүлнэ үү” хэмээн гуйж байтал Рунфүгийн Ван Шингийн эхнэр ирээд дотогш харна.
-Чи юү хийхээр ирэв гэсэнд мөнөөх эхнэр ойртож ирээд:
-Утас авах пайз хэрэгтэй. Тэрэг сүйх чимэглэх цацар самбай хийнэ гээд бичиг баримтаа өгөв. ФөнЖе дор нь Цай Мингээр уншуулсан нь, “Их сүйх хоёр, бага сүйх дөрөв, тэрэг дөрөв… гэтэл” Их бага цацаг нийтдээ хэд хэрэгтэй юм бэ. Цацаг бүрд хэдий хэр орох юм бэ” гэж лавлаад, тоо нь таарч байгаа тул чи тэмдэглэж ав гэж Зай Минд хэлээд бичиг баримтыг өгөөд Ван Шингийн эхнэрийг явуулав. ФөнЖе үгээ залган ярих гэтэл Рунфүгийн хэрэг эрхлэгч дөрвөн хүн юм авах пайз бичиг баримттайгаар хүрч ирэв. ФөнЖе бичиг баримтыг уншуулаад, нийт дөрвөн зүйл гэхийг сонсоод хуруугаар зааж “Энэ хоёр зүйлийн үнийг буруу боджээ. Тодорхой болгоод ирж ав” гээд баримтыг шидэн явуулав. Мөнөөх хоёр хүн ч тун урамгүй эргэв. Жан Цайн эхнэр дэргэдээ ирснийг хараад: “Чи ямар хэрэгтэй вэ” гэж асуусанд цаадах нь, баримт бичгээ гаргаад “Саяын тэрэг, сүйхний чимэглэл хийх оёдолчны хөлсөнд мөнгө хэрэгтэй” гэсэнд, ФөнЖе баримтыг нь авч тэмдэглүүлээд Ван Шинг пайзаа тушааж ирсэн хойно тоо нь таарвал очиж аваарай гэв. Тэндээс ирсэн бас нэг бичгийг уншуулбал, Бао Юйн гадаад бичгийн байрыг нэгэнт барьсан тул тэнд наах цаас авна гэнэ. ФөнЖе баримтыг хураан тэмдэглүүлээд Жан Цайн эхнэрийг тодорхой тушаасан хойно сая өгтүгэй гэв. Тэгээд нөгөө хоцорч ирсэн хүнд хандаж,
-Өнөөдөр энэ оройтлоо гэнэ.Маргааш тэр нь оройтлоо гэнэ. Нөгөөдөр бас нэг нь оройтвол сүүлдээ энд ирэх хүнгүй болно. Уг нь бол өршөөж болох байсан. Гэвч би анхныхыг нь өршөөчихвэл, дараа нь өөр хүнийг захирах аргагүй болно. Иймээс шийтгэсэн болохгүй гээд царайгаа барайлган “Үүнийг аваачиж хорь Баньзад” гэж тушаав. Олон хүн ФөнЖэгийн уурласныг хараад хоцорч болохгүйг ойлгож байв. Нөгөө хүнийг чирч аваачин тоо ёсоор занчаад хариу мэдэгдэв. ФөнЖе, Нин Гуофүгийн пайз, баримтыг гаргаж “Түүний нэг сарын цалин, хүнсийг хас гэж Лай Шинд хэлтүгэй” гэснээ “Тарцгаа” гэж зарлав.
Тэндээс хүмүүс дор бүрнийхээ ажилд явцгаав. Өнөөх Баньздуулсан хүн ч ичгүүрийг хүлээн нулимсаа асгаруулсаар цааш явав. Тэр үед Рун, Нин хоёр ордны пайз авах ба пайз тушаах хүн нааш цааш тасралтгүй цувахад ФөнЖе тэр дор нь шийдвэрлэж байв. Үүнээс Нин Гөфүгийн ордны хүмүүс сая ФөнЖегийн хэцүүг мэдэж цөмөөр айж эмээн хойш ухрах хүнгүй болсныг үл өгүүлэн өгүүлэх нь:
Бао Юй, Чинь Жунг ганцаардуузай гэж бодоод ФөнЖэгийнд дагуулан ирсэнд “Морь сайтай байна, дээшээ суу” гэж уриад “Хоол идсэн үү, идээгүй бол хоол идэцгээ” гэвэл Бао Юй: “Би их Тайтайгийнд хоол идсээн. Харин энэ тэнэг амьтан юугаа идэх вэ” гээд суув. Тэднийг хоол идээд дуусаж байтал Нин Гөфү ордны нэг эхнэр хүж зул авах пайз авахаар ирсэнд ФөнЖе инээж:
-Би чамайг ирэх болсон гэж бодож байсан юм. Арай мартмааргүй юм гэж бас бодсон. Хэрэв мартсан бол чи төлбөрт орж би хонжих байсан юм гэхэд нөгөө эхнэр инээж:
-Нээрэн мартаж байсан шүү. Сая л санаад ирлээ. Жаахан удсан бол авч чадахгүй болох байж гээд пайзаа аваад явав. Энэ мэтээр пайз тушаах, тэмдэглэх зэргийг хараад Чинь Жун,
-Танай хоёр ордон цөм энэ пайзыг хэрэглэнэ үү. Хэрэв хүн өөрөө ийм пайз зохиогоод мөнгө авбал яах вэ гэж асуусанд ФөнЖе:
-Хэрэв тиймд хүрвэл хууль цааз хэрэггүй болоход хүрнэ гэтэл Бао Юй хажуугаас нь:
-Манайхаас яагаад хүн ирж, пайз аваачиж юм авахгүй байна вэ гэж асуусанд ФөнЖе:
-Тэднийг ирж авах үед чи зүүдэлж байсан. Чамаас юм асууя. Та нар хэзээнээс эхэлж шөнө ном үзэх юм бэ гэсэнд Бао Юй:
-Чадвал энэ оройноос үзэх байх. Харин бичгийн гэрээ бэлтгэж чадаагүй байгаа гэсэн гэв. ФөнЖе:
-Чи намайг сайн гоёвол лав түргэн болно гэсэнд цаадах нь:
-Чамайг гоёод тус болохгүй. Цаг нь тулбал аяндаа гарах болно гэвэл ФөнЖе:
-Цаг нь тулсан ч бас юм хэрэгтэй. Би пайз өгөхгүй бол мөн ч бэрхдээ гэсэнд Бао Юй пайз авахыг бодоод:
-За хайртай эгч минь, пайз хурдан өгч гэрийг минь төвхнүүлж үзээрэй гэж шаардав. ФөнЖе:
-Би ядраад, хамаг бие өвдөөд байхад чиний энэ нухчихыг яаж даах юм бэ. Чи зүгээр, санаа амар байж бай. Тэд байшинд наах цаас аваад явсан. Авахаа хүрвэл хүнээр хэлүүлж байгаад авах тийм тэнэг амьтан байхгүй гэв.
Бао Юй нэг л сайн итгэхгүй байгаа царайтай болохоор нь Цай Мингийн тэмдэглэлийг гаргуулж үзүүлэв. Ийн ярилцаж байтал бас нэг хүн ирж: “Жао Эр очсон Жао Эр ирлээ” гэсэнд ФөнЖе: “Хурдан оруул” гэв. ТөдөлгүйЖао Эр орж ирээд сөгдөн амар эрэв.
-Яагаад буцаж ирэв?
-Эр Егийн шийдээр ирлээ. Авга хүргэн ЛиньЛао е есдүгээр сарын шинийн гурванд могой цагт нас барав. Эр Е, Линь авхайг дагуулан ЛиньЛаоегийнчандарыгСүЖөүд хүргээд бараг жилийн дотор буцаж ирнэ. Эр Е боол намайг илгээн урьтаж мэдээ хүргээд амар мэндийг нь асуугаад ЛаоТайтайгийн зааврыг сонсоод ир гэсээн. Бас найнайгийн мэндийг мэдэж нэхий хувцас хэдэн зах авчир гэсээн гэж хэлэв. ФөнЖе,
-Чи өөр хүнтэй уулзсан уу гэсэнд Зоу Эл:
-Бүгдтэй нь уулзсан гээд яаран гарч одов. ФөнЖе:
-Одоо Линь охин дүү чинь манайд байнга суух болно доо гэж Бао Юйд хэлсэнд цаадах нь:
-Үнэхээр хөөрхий амьтан. Энэ хэдэн хоногт тэр уйлсаар юу болсныг бүү мэд… гээд хөмсөг атируулан гүн шүүрс алдав.
ФөнЖе хүмүүстэй байсан болоод Жао Эрээс ЖяЛяний талаар нарийн тодорхой асууж чадсангүй, сэтгэлийн дотор дэн дун болж, харья гэтэл ажил дуусаагүй учир арга буюу тэсвэрлэсээр орой болгон дөнгөж хариад л Жао Эрийг дуудуулав. Түүнийг ирэхээр шөнө болтол ярьж, асууж сурсны эцэст захисан нэхий хувцасуудыг нь бэлтгүүлэн биеэр очиж нэг бүрчлэн шалгаж үзээд, өөр бас хэрэгтэй юү байгааг бодож бүгдийг боож баглан Жао Эрд тушаагаад “Аян замд Эр Егээ сайхан асарч яв. Битгий уурлуул. Архи бага уу гэж сайн ятгаж бай. Элдвийн муусайн эмстэй бүү ойртуул. Би мэдвэл хөлийг чинь хуга цохино гэж байна гээрэй” гэсэнд цаадах нь инээж хэлсэн бүхнийг нь зөвшөөрөөд явж одов. Тэр үед шөнө нэгэнт дөрвөн жингийн үе болж нүд анимагц үүр цайсан тул босож нүүр гараа угааж үс зүсээ засаад Нин Гуофү ордонд очив.
Чандрыг нэгэнт гаргах ойртсон тул ЖяЖэнь тэргэнд сууж зурхайчийн 4 хамт сүмд хүрч оршуулах газрыг үзэв. Тэндээс бас эрхлэгч хуушаантай уулзан шинэ сайхан засал төхөөрөмжийг бэлтгэн чандрыг угтахад бэлэн байхыг захив. Мөнөөх хуушаан ШэКүнд үдшийн цав бэлтгүүлэхэд ЖяЖэнь төдий л идэж уусангүй. Орой болоод хотод ирж амжихгүй болсон тул хуушааны гэрт хоноод маргааш өглөө нь эрт яаран хотод ирж чандрыг гаргаж авахад бэлтгэв. Нэг талаар бас урьтаж сүм рүү хүн явуулж чандар тавих газрыг засуулан хоол цай хийх, чандар угтах хүмүүсийг төвхнүүлэв. Чандар гаргах өдөр ойртсонд, ФөнЖе ч зохион байгуулалтаа хийж байлаа. Нэг талаар чандар хүргэхэд Ван Фүрэний суух тэрэг сүйх, дагаж очих хүмүүсийг томилон нөгөө талаар чандар хүргэж очоод өөрийн буух газраа бас бэлтгүүлнэ.
Тэгтэл энэ үед бас төр тэтгэгч гүнгийн зарлигаар өргөмжлөгдсөн хатан нь нөгчсөн учир Шин, Ван хоёр хатан очиж тахил тавьж, чандрыг хүргэлцэнэ. Өрнийг энхжүүлэх Жюань вангийн бага хатны насны баярт бэлэг илгээх хэрэгтэй. Бас төрлийн ах ван Лянь гэр бүлийн хамт нутагтаа буцах тул гэртээ захидал бичиж бэлэг бэлтгэнэ. Үүний дээр Ин Чүнь бас өвдсөн тул өдөр бүр эмчлэн сувилж, эмчийн эмийн жорыг үзэж, өвчний уг шалтгааныг нарийвчлан судалж эм тан уулгана. Энэ мэтчлэн элдэв арвин ярвиг яршигийн алийг тоочиж барах вэ. Энэ бүхэнд ийнхүү яарсаар байгаад ФөнЖе сүүлдээ идэж уух ч дургүй, унтаж хэвтэвч амар тайвангүй болов. Нин Гөфү ордонд очвол, хүмүүс салахгүй дагаж, Рунфү хүрвэл бас хүмүүс ээрнэ. ФөнЖе хэдий ядарч яарч байвч угийн чадамгай зоригтой хүн болохоор чадал заан чармайхын хамт бас хүнд муу харагдахгүйг хичээн алив ажлыг эмх журамтай, дэс дараатай зохион байгуулж чадаж байлаа. Ийм болохоор хүмүүс дээр доргүй гайхан сайшаана.
Чандрыг сахиж хонох энэ үдэш, төрөл садныхан байшин дүүрэн цугларч билээ. Харин Ёу хатан л өвчтэй хэвтсээр. Ах дүүсийн эхнэр өчнөөн олон боловч зарим нь юм ярьж хөөрөхдөө дорой, зарим нь ааш зан хөнгөн хуумгай, зарим нь ичимтгий, зарим нь баяд ноёдоос айн бишүүрхэнэ. Тийм болохоор алив дайлан зочлох үйлийг ганц ФөнЖе л хийнэ. Түүний гоо үзэсгэлэн, хурц шаламгай зан, ёс дүрэмтэй байдал нь, гагцхүү “Түмэн ногоон доторх ганц улаан цэцэг” мэт ялгарна. Ийм болохоор тэрбээр бусдыг огт тоохгүй, тэднийг дур мэдэн захирна. Тэр шөнөжин дэнлүү, зул туяаран гэрэлтэж, ноёд зочдыг үдэж мордуулах наргиан хөгжөөн өрнөж байсныг өгүүлэх аргагүй. Тэнгэр гэгээрч сайн цаг болоход жаран дөрвөн хар хувцастан чандрыг дамнаж гарч ирлээ. Өмнө нь цагаан даавуун дээр бичсэн туванз5 хэмээх дарцаг дэлгэн барьжээ. Түүн дээр “Зарлигаар өргөмжлөгдсөн төр төвшитгэгч тэргүүн зэргийн гүнгийн их бэр дотоод ордныг сэргийлэн хамгаалах дотоод хотын шадар хиа, хааны шадар цэргийн түшмэл Жяовогтын идэр насыг эдэлсэн Чинь авхайн чандар” хэмээн бичжээ. Хөдөөлүүлэх ёслолын цувааны бүх эдлэлийг шинээр хийсэн тул үнэхээр олны нүдийг булаахаар болжээ. БаоЗу харьд очоогүй охины ёсоор пэнс хагалан чандрыг удирдаж ихэд гашуудан уйлна. Тэр өдөр чандрыг хүргэх ноёд, зочдын дотор төр тогтоогч гүн Ню Чингийн оч тэргүүн зэргийн Бэй түшмэлийг залгамжлагч НюЗизүн, төр захирагч гүнгийн оч тэргүүн зэргийн жинхэнэ түшмэлийн тушаалыг залгамжлагч ЛюБань, төр бүрэнт гүн ЧэньЗигийн оч үе залгамжилсан гуравдугаар зэргийн сүрт жанжин ЧэньРүйвэнь, төр засагч гүн Ма Зүйн оч үе залгамжилсан хол дахиныг сүрдүүлэгч гуравдугаар зэргийн жанжин МаШандэ, төр чимэгч гүн ХэүШиюмингийн оч үе залгамжилсан тэргүүн зэргийн жинхэнэ түшмэл ХэүШиюкан нар байна. Харин ирэх ёстой хүмүүсээс гүнгийн зарлигаар өргөмжлөгдсөн хатан нөгчиж, түүний ач ШиГуанзу чандрыг сахиад ирж чадсангүй. Энэ зургаан айл хийгээд төр бадруулагч, төр төвшитгэгч хоёр айлыг тэр үед “Найман гүнгийнх” гэдэг байлаа.
Үүнээс гадна бас өмнийг амгуулах Жинь вангийн оч, өрнийг энхжүүлэх Жинь вангийн оч, шударга төвшин Хэү түшмэл Ши Дин, Пин Юань газрын Хэү түшмэлийн оч үе залгамжилсан дэд жигүүрийн түшмэл ЖянЗынин, Хот захирагч Хөү түшмэлийн оч үе залгамжилсан дэд жигүүрийн түшмэл бөгөөд нийслэлийн цэргийн тойрон байлдагч6 түшмэл ШиЕкүнь, Шян Янгийн Хөү түшмэлийн оч үе залгамжилсан дэд жигүүрийн түшмэл Чи Жиян хүй, ЖяТияныХэү түшмэлийн оч таван хотын цэрэг морины захирагч7ЧүЛиян нар байв. Үүнээс гадна Жин Шиян би түшмэлийн хөвгүүн Хань Чи, Шэнь Ү жанжны хөвгүүнФөнЗыин, Цэнь Е Жюань, ВэйРүвэлань мэтийн вангийн ач, гүнгийн хөвгүүдирсэнийг тоолж баршгүй ажээ. Хатад, бэрүүд ч арваад их сүйх, гуч дөчин бага сүйхээр хүрч ирсэн бөгөөд бараа бологч дагалдагсадтайгаа нийлээд их бага арав гаруй сүйхэнд сууж өмнөх цуваатай нийлээд гурав дөрвөн газар урт үргэлжлэв. Дэмий хол явсангүй зам дээр цацар тагт үргэлжилж ширээ засаж, хөг дуу өргөх нь цөм олон ноёдын замын тахилга ажээ. Эхний цацар нь, дорныг тогтоох Жюань вангийн тахилга, дараагийн цацар нь өмнийг амгуулах Жюань вангийн тахилга, түүний дараагийнх нь, өрнийг энхжүүлэх Жинь вангийн тахилга, цаашлаад умрыг түвшитгэх Жинь вангийн тахилга залгана. Энэ дөрвөн вангийн дотор умрыг төвшитгөх Жинь вангийн гавьяа хамгийн их. Үр хүүхдүүд нь одоо хүртэл вангийн зэргийг залгамжилсаар билээ. Одоогийн умрыг төвшитгөх Жин ван ШиРунгийн нас хорь хүрээгүй. Өнгө зүс хосгүй сайхан бөгөөд зан ааш элэгсэг даруу. Саяхан Нин Гуофүгийн их бэр нөгцсөнийг сонсоод дээдсийн үеэс зовлон жаргалыг хамтатгаж найртай сайхан явж ирсэнийг санаад вангийн эрхэм зэргээ бодолгүй, урьд өдөр нэгэнт хүн илгээж, гашуудан тахисан бөгөөд одоо бас замын тахилга тавьж доорх шадар түшмэдээ томилж энд хүлээлгэсэн ажээ. Тэрбээр үүрийн таван жингээр эзэнд бараалхаж, алБань ажлаа дуусмагц даруй гашуудлын хувцас өмсөж, том сүйхэнд суун харанга цохиж зам чөлөөлүүлсээр явж цацрын өмнө очоод сүйхээ зогсооход доод олон түшмэд нь хоёр эгнээ болон зогсож, хүмүүс дураар явахыг хориглов.
Нин Гуофүгийн гашуудлын цуваа умар зүгээс мөнгөн уул газрыг бүрхсэн мэт цайран хүрч иржээ. Зам удирдагч нь ЖяЖэньд үг хэлсэнд тэрбээр өмнөх цувааг зогсоож,
-Доорд бэрийн гашуудалд ван та биеэр морилон саатсаныг доорд түшмэл би ямар аймшиггүй хүлээн чадах ажээ гэсэнд умрыг төвшитгөх Жин ван инээж:
-Хуучин танил сайхан найз атлаа яахин ингэж хэлнэ вэ гээд даруй ордны захирагч түшмэлээр орлуулан тахиулав. ЖяШө нар хажуугаас хариу ёслон дараа нь өөрийн биеэр очиж талархав.Умрыг төвшитгэгч Жин ван их л энгийнээр
-Хаш үмхэж төрсөн хүү гэдэг алин нь вэ. Хэдийнээс нэг учирсугай гэж бодож байсансан. Энд одоо байгаа биз гэсэнд ЖяЖөн яаран очиж Бао Юйн хувцсыг солиулаад дагуулан ирж вантай уулзуулав. Умарт Жин вангийн цэцэн мэргэн бөгөөд ёс эрдэм бүрдсэний дээр түшмэлийн заншил, төрийн ёсонд баригдахгүй хурц цовоо төрснийг Бао Юй сонсоод уулзахыг хүсэж байсан боловч эцгээс айн ширвээдээд хүсэл нь биелэхгүй байсан ажээ. Одоо харин ван энд ирж, хүссэн тул яриангүй их баярлав. Ийнхүү хүрч очих зуур, сүйхэнд байх умрыг төвшитгөх Жин ванг ажигласанд үнэхээр цог жавхлантай ажгуу.
Тэд уулзаад юу болсныг хойт бүлгээс үзтүгэй!
Тайлбар:
1.Газрын зүрхэн бодисадва-Буддын шашны эрлэг тамын газраас хүнийг аварч гэтэлгэх бурханы нэр.
2.Гурван богд-Бумбын шашны ариун богд Юань ШиТиянзүнь, дээд богд Лин Баодараах богд ТайшанЛуЖюань гурвыг хэлнэ.
3.Бэрд-Эртний энэтхэгийн домог үлгэрт гардаг өлөн чөтгөр.
4.Зурхайч-Үхэж унасан хүнийг гаргах буюу хурим хуй хийхэд өдөр цаг, зүг мөрийг үздэг хүн.
5.Нэр бичсэн туванз-Үхсэн хүний нэр, жилийг бичиж, чандарын өмнө өргөн явдаг цагаан бөс даавуун дарцаг
6.Нийслэлийн цэргийн тойрон байлдагч-Туслах жанжны дараа орох жанжин.
7.Таван хотын цэрэг, морины захирагч-Мин, Чин улсын үед нийслэлийн цэргийг таван хотоор хувааж хот бүрд жинхэнэ болон дэд захирагч томилдог байв. Эдгээрийг таван хотын цэрэг, морины захирагч гэдэг байжээ.
Холбоотой мэдээ