Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх өдрүүдэд хүйтний эрч сулрах төлөвтэй байна.
Маргааш төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна.
Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.
Харин Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Улз, Онон голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
Нэгдүгээр сарын 10-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.